Нүүр хуудас Мэдээ Ах дүү хоёрыг шатаасан хэрэг буюу “МТ” ХХК-ийн буруутай үйлдэл

Ах дүү хоёрыг шатаасан хэрэг буюу “МТ” ХХК-ийн буруутай үйлдэл

Tugmn
Tugmn, TUG.MN

   Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 2018.07.13-ны өдөр буюу улсын баяр наадмын үеэр ах дүүсийн хүүхдүүд болох 34 настай Б.Цогтсайхан, 37 настай Б.Нэрэн нарыг хүнсний дэлгүүрийн гадна дөнгөж танилцсан этгээд биерүү нь гэнэт шатахуун цацаж шатаасан хэрэг гарсан. Амралтын байдалтай байсан тэдгээр хүмүүс бүгд л халамцуу байсан бөгөөд “Б” гэгч этгээд 500 граммын архи сугавчилсан байж. Гэнэт л маргаан үүсч яах ийхийн зуургүй нимгэн цамцан дээр нь шатахуун цацаад эхэлжээ. Тухайн үеийн үйл явдал бүгд дэлгүүрийн гаднах камерт бичигдэн үлдэхдээ үснээсээ эхлэн хуйхлагдаж амь тарчилж байгаа дүрслэл байдаг аж. Гал дүрэлзэх үед ойр байсан таван хүн аврах үйлдэл огт хийгээгүй юм. Дүү Б.Цогтсайхан нь ахыгаа галаас хамгаалах гэж дээрээс нь дарж унаснаар биеийнх нь 60 хувь түлэгдэж шархаа даалгүй ГССҮТ-д нас барсан бол түүний ах 37 настай Б.Нэрэн 20 хувийн түлэгдэлттэйгээр өдгөө хөдөлмөрийн чадвараа алдаж үлджээ.  

Шатахуун цацаж нэгнийгээ шатаасан хэрэгт “МТ”ХХК-ийг хариуцагчаар татжээ

   Уг хэргийн шүүх хурал 2019.03.05-ны өдөр Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж бусдын амь насыг хөнөөж, эрүүл мэндийг сүйтгэхэд зэвсэг, зэвсгийн чанартай зүйлээр хангасан хэмээн “Магнай трейд” ХХК-ийг хариуцагчаар татав. Батширээт суманд байрлах “МТ”шатахуун түгээгүүрийн ажилтан дөрвөн литрын хуванцар сав буюу зориулалтын бус саванд шатах, тослох материал савлаж олгосноор ах дүү хоёр бусдын гарт хорлогдох үнэс тавигдсан гэж дүгнэсэн учир шүүхээс ийнхүү шийдвэрлэжээ.

Талийгаач Б.Цогтсайхан нь 2018.07.21-ны өдөр шархаа даалгүй нас барсан юм. Түүний гуяны арьснаас авч нуруунд нь нөхөлт хийсэн ч хагалгааны дараагаар бие нь эрс муудаж хоёр уушги нь устаж бөөрний дутагдалд орсон байв. Бензин гэх шатамхай бодис биеийнх нь арьсны ихэнхи хэсэгт нэвчсэн учир өнгөн бус гүн түлж талийгаач нас баржээ.

Өдгөө талийгаачийн эхнэр хүү, охин хоёрын хамт амьдарч байгаа ч охин нь мөн багадаа халуун усанд түлэгдэж өдгөө байнгын асаргаанд жил бүр арьс нөхөх хагалгаанд ордог байна.

 

Яллагдагч ял хөнгөрүүлэхийг гуйв

Гэмт этгээд “Б” нь 1987 онд төрсөн өдгөө 31 настай, Нийслэлийн Багануур дүүрэгт оршин суудаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж буйгаа шүүх хурлын үеэр илэрхийлэхгүй байгаа ч сурч боловсрол эзэмшээгүй, 80 нас гарсан хоёр настаныд хүн болсноо хэлж шүүх бүрэлдэхүүнээс ял хөнгөрүүлэхийг гуйж байв.

Бид шүүх хурлын дараагаар тухайн өдрийн гэрч бөгөөд хохирогч Б.Нэрэнтэй уулзаж ярилцлаа.

-Сайхан хаваржиж байна уу? Таны бие хэр байна. Хэрэг гарсан өдөр яагаад маргаан үүссэн юм бэ?

2018.07.13-ны өдөр би Б.Цогтсайхныг хотын унаанд суулгаж өгөх гээд явж байсан юм. Талийгаач миний ээжийн дүүгийн хүүхэд л дээ. Баярын үеэр манайд мотоциклтэй ирээд нилээд хэд хоносон. Тэгээд хот явах болж би замын унаанд суулгаж өгөхөөр сум орсон. Талийгаач бид хоёр дэлгүүрийн үүдэнд очтол үл таних хоёр, гурван нөхөр дуудахаар нь очсон. Тэгэхэд Бат-Эрдэнэ архи барьсан ирээд танилцсан. Бид уухгүй гэдгээ хэлсэн. Талийгаачийг үлдээчихээд дэлгүүр ороод иртэл дүү маань цээжин  хэсгийнхээ хувцасыг тайлчихсан араас нь Бат-Эрдэнэ элдээд явж байсан. Яав ийв гээд Бат-Эрдэнийг заамдаад таттал дээрээс шууд бензин цацчихсан. Тэрнээс хойш юу болсныг би санадаггүй.

 -Бат-Эрдэнэ ямар нэгэн шалтгаангүй шууд л дайраад эхэлсэн гэж үү?

Савтай бензинээ бариад шууд дэлгүүр дотогш орох гээд байсан. Тэгэхээр нь “…чи олон нийтийн газар орж болохгүй ээ…” гэсэн. Тэгсэн чинь “… чамд хамаагүй ээ…” гээд маргасан. Шууд л бензин цацаад шүдэнз зурсан. Гэнэт ухаан ортол би дэлгүүрийн довжоон дээр шалдан нүцгэн хамаг бие хорсоод сэрсэн. Тэр хооронд 20-30 минут л болсон байдаг.

-Та хэр удаан эмнэлэгт эмчлүүлэв?

Хотод ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт сар гаруйн хугацаанд эмчлүүлээд орон нутагтаа ирээд тасралтгүй эмчлүүлж байна. Сүүлдээ ч мөнгө төгрөгний боломж хэцүүдээд эмчлүүлж чадахгүй л явна. Өдөр бүрийн өвчин намдаах эм, тариа, боолт бент гээд зарлага ихтэй болсоон.

-“Магнай трейд” ХХК-ийг шүүхээс хариуцагчаар татлаа. Хэрэгт тэрхүү ШТС-ийн ажилтан албан хаагчийг буруутай гэж дүгнэж байна уу?

Буруутай байлгүй яахав. Согтуу хүнд хуванцар саванд бензин тос өгсөн нь буруу гэдгийг хуулийн дагуу тогтоосон гэсэн.

-Тус “МТ” ХХК-ийн зүгээс болон ШТС-ийн ажилтан та бүгдээс уучлал хүсч уулзсан удаатай юу?

Үгүй ээ. Уулзах нь битгий хэл утсаар ч яриагүй.

-Прокурор “МТ” ШТС-ийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж хэлсэн.

Тэгж л байна лээ. Гэхдээ шүүх үнэн зөвөөр шийдэж байгаад талархаж байна аа.

-Та бүхэн хохирлоо зөв тооцож нэхэмжилж чадав уу ?

Хариуцагч маань хохирол барагдуулах чадваргүй этгээд гэдгээ шүүх хурлын үеэр хэлсэн. Гэхдээ хоёрын хоёр өмгөөлөгч аваад эрхээ хамгаалуулж байгаа юм билээ. Талийгаачийн ар гэр Монголын хуульчдын холбооноос Г.Батбаяр өмгөөлөгчийг хүсэлт гаргаад авсан. Ашгүй олонд танигдсан сайн өмгөөлөгч хүн зөвшөөрч үнэ төлбөргүй өмгөөлж байгаад талархаж байгаа. Талийгаачийн хүүхдүүд өвчтэй зовлонтой болохоор амьдрал нь хүнд л байна.

-Та хөдөлмөрийн чадвар алдалтаа мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон уу?

Яг одоогоор хот хүрээ орох санхүүгийн боломж үнэхээр алга. Уг нь хар бор ажил хийгээд л явдаг байсан. Түлэгдсэнээс хойш ажил хийх ямар ч нөхцөлгүй болсон. Зүүн гар юм өргөх чадалгүй болсоон. Одоо ч бүрэн этгээгүй таталдаад хатангиршиж байна гэж эмч хэлсэн. Эхнэр маань Хэнтий аймгийн төвд хоолны газар ажилладаг. Эндээс манай гэр бүл бүгд амь зогоодог.

Өдөр бүрийн өвчин намдаах лаа, эм тариандаа ч олсон хэдэн төгрөг нь хүрэхгүй юм.

-Та түлэгдэхээсээ өмнө ямар ажил эрхэлдэг байв?

 Хөдөө айлын 600 гаруй мал түрээсэлж төлийн хувь гэж авна. Цалин гээд сардаа 250 мянган төгрөг авчихдаг байсан. Одоо айлд нь малаа хүлээлгээд өгсөн. Ямар ч орлогогүй болсон. Эрүүл саруул болох боломж байдаг бол энэ хэргийг дуусгаад энх тунх амьдармаар л байна. Хэсэгхэн зуурын гайтай явдлаар хүний алтан амь эрсэдсэнд харамсаад барахгүй байнадаа.

-За та биеэ сайн эмчлүүлээрэй.

Баярлалаа.

Хаха 0 3 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлДээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчиллаа
Дараагийн нийтлэл Статистик: Ажил хөдөлмөр эрхэлдэг 200 гаруй мянган иргэн улсад татвар төлдөггүй

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү