Г.Баасан: Тэтгэврийн зээлтэй нас барсан иргэний “ӨР”-ийг Төр, Нийгмийн даатгалаас төлж барагдуулах ёстой

.

   Нийгмийн даатгалын ерөнхий газраас хийгдсэн судалгаагаар иргэд тэтгэвэрт гарснаасаа хойш дунджаар 22 жил амьдарч байна гэх авч Монголчуудын дундаж наслалт өнөөдөр 68 жил байна. Эндээс муугаар бодвол “гавьяаныхаа амралт”-нд гарснаас хойш иргэд дунджаар 8 жил л тэтгэврээ авч байгаа юм.

   Гэтэл нийгмийн даатгалаас гаргасан дээрх 22 жил гэх тоо баримтанд үндэслэн иргэд тэтгэврийн зээл авч амь амжиргаагаа дээшлүүлэх, үр ач нарынхаа их дээд сургуулийн төлбөрийг төлөх, ар гэрийнхээ амжиргаанд нэмэрлэх сонирхол их буй.

Үүнийг тодотгох мэт Монгол Улсад өнөөдрийн байдлаар 407 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагаас 320 мянга гаруй нь тэтгэврийн зээлтэй гэх баримт бий.

   Харамсалтай нь ахмадууд тэтгэврийн зээл гээчийг авчихаад төлж барагдуулж чадалгүй бурхны оронд заларч, үлдсэн зээлийг нь төлж барагдуулах хүнд үүрэг ар гэрийнхэнд нь том дарамт учруулж буй дүр зураг нийгэмд элбэгшээд байна.

Энэ асуудлын талаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

БГД-ийн 20 дугаар хорооны иргэн А /62 настай, эмэгтэй/: Тэтгэврийн зээлээ том ачынхаа сургалтын төлбөрт хандивласан

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье. Сүүлийн үед тэтгэврийн зээлтэй иргэдийн тоо өсч байгаа талаар мэдээлэл байна. Таны хувьд тэтгвэрийн зээлтэй юу? Авсан зээлээ юунд зарцуулсан талаараа бидэнтэй хуваалцаж болох уу?

  • Миний хувьд хүүхдүүдийнхээ амжиргаанд дэм болох үүднээс өнгөрсөн өвөл 3 сая төгрөгийн тэтгэврийн зээл авсан. Авсан зээлээрээ ТҮЦ ажиллуулах гэж үзсэн ч хөгшин хүнд хүндэдсэн ажил байна билээ. Нэг сар ажиллуулж үзээд больсон. Өвлийн хүйтэнд даарч бээрэх, хэдэн ундаагаа татах, хорооны цагдаа нарт ээрүүлэхээс өгсүүлээд хэцүү юм байна. Тэгэхээр нь үлдсэн хэдэн төгрөгөө том ачынхаа сургалтын төлбөрт хандивласан.

-Та гэртээ хэдүүлээ амьдардаг вэ? Тэтгэврийн зээлтэй амьдрах хэцүү юу?

  • Нэг хүү, хоёр ачтайгаа хамт амьдарч байна. Хүү маань группд гэртээ, том ач маань инженер болж эмээгийнхээ ачыг хариулахаар их сургуульд сурч байгаа. Одоо төгсөх анги. Бага нь 10 жилийн сургуульд сурдаг. Энэ хэдийгээ л хоолны захад хүргэчихвэл би ч яах вэ, хөгшин хонины насгүй хүн. Хэдэн бохь чихэрхэн ширхэглээд өнөө маргаашаа болгож л байна.

СБД-ийн 17 дугаар хорооны иргэн Ч /81 наснай, эмэгтэй/: Хүүхдүүд хэцүү байхад “Тэтгэврийн зээл авахгүй ээ” гэлтэй биш, дэвтрээ өгчихсөн

  • Сайн байна уу? Та тэтгэврийн зээлтэй юу? Авсан зээлээ юунд зарцуулсан талаараа уншигч бидэнтэй хуваалцаж болох уу?
  • Тэтгэврийн зээлтэй, зээлтэй. Ер нь тэтгэврийн бараагаа харалгүй удаж байна. Хүүхдүүд л тэтгэврийн зээл авахуулаад байдаг юм шд. Энэ хэдэд маань л тус нэмэр болж байвал бусад нь юу гэх вэ? Гэхдээ хэчнээн тэтгэврийг маань түрүүлээд өгч байгаа ч гэсэн сардаа гар дээрээ авах хэдэн юм үлдээдэг бол хааяа ч гэсэн дуртай юмаа аваад сайхан байхсан.
  • Та тэгээд тэтгэврийн зээл авахгүй байж болдоггүй юм уу? Ер нь та сард хэдэн төгрөгийн тэтгэвэр авдаг вэ?
  • Мэдэхгүй ээ. Уг нь би чинь залуудаа эсгүүрчин хийж явсан хүн. Анх тэтгэвэрт гарахад өндөр тогтоолголоо л гэж байсан. Одоо бол 300 мянга орчим төгрөг авдаг. Хүүхдүүд хэцүү байхад “Тэтгэврийн зээл авахгүй ээ” гээд байлтай биш. Дэвтрээ өгчихсөн. Одоо хаана ч явдаг юм. Том охинд л байдаг байх даа.

Дээрх тэтгэврийн насны ахмадуудын ярианаас сонсоход тэтгэврийн зээлтэй иргэд авсан зээлээ тэр даруйд нь аргэрийнхэндээ хандивлах эсвэл амжиргаагаа дээшлүүлэхэд зарцуулж байна. Гэтэл манай улсад тэтгэврийн зээлтэй иргэн нас барахад түүний зээл автоматаар гэр бүлийнхэн рүү нь шилжиж байгаа.Тэгэхээр энэ асуудал үр хүүхдэд нь маш том өрийн дарамт үүсгэж байгаа юм биш биз гэх асуудлаар Монголын Ахмадын Чөлөөт Холбооны Тэргүүн Г.Баасангаас тодрууллаа.

  • Жил ирэх тусам тэтгэврийн зээл авах ахмадуудын тоо өсч байна. Түүнчлэн авсан зээлээ төлж баралгүй тэнгэрт халих ахмадуудын тоо их байгаагаас түүний өрөнд хүлүүлж, өмнөөс нь төлж барагдуулах үүрэгтэй үр хүүхдийн тоо ихэслээ. Таны бодлоор тэтгэврийн зээлийн энэ зөв тогтолцоо хэр зөв явж байна вэ?
  • Маш буруу. Харгис хатуу, эдийн засгийн ял шууд тулгасан үйлдэл. Өнөөдөр ахмадуудын 90 шахам хувь нь тэтгэвэрийн зээл авч байна. Түүнийгээ дагаад өртэйгөө тэнгэрт хальж, түүнийх нь өрийн хүлээсэнд хүүхдүүд нь үлддэг аюултай үзэгдэл Монгол Улсад байна. Ахмадууд тэтгэврийн зээл аваад түүгээрээ аялал зугаалганд явж, үнэтэй цайтай эдлэл авч тансаглаж байна уу гэвэл үгүй. Тэтгэврийн зээл авч байгаа ахмадуудын дийлэнх нь ажилгүй байгаа үр хүүхдээ тэжээж, үр ач нарынхаа сургалтын төлбөрийг нь төлөх зэргээр гэр бүлдээ зарцуулж байна.

Гэтэл манайд нэгдүгээрт, ахмадуудын тэтгэвэр бага. Хоёрдугаарт, зээлийн хүү өндөр. Гуравдугаарт, авсан зээлээ өөртөө биш үр хүүхдийнхээ санхүүгийн асуудлыг шийдвэрлээд байна. Өөрөөр хэлбэл, улсад насаараа хөдөлмөр эрхэлж, татвар даатгалаа төлсөн байхад түүнийг банк тэтгэврийн зээл нэрийдлээр иргэдэд хүүлж байна. Хоёрдугаарт, улсад 30 жил ажилласан ахмад настан түүнийхээ тавхан жилээр тэтгэврээ тогтоолгодог. 25 жил нь бэлэг гэх юм уу, эсвэл дээрэм гэж хэлэх юм уу Монгол Улсад тэр чигтээ үлддэг. Эндээс дүгнэхэд Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо өөрөө соцлиализмын эв санааны нэгдэл дээр тогтож, нийгэм эдийн засаг нь ардчилсан зарчмаараа явдгаас тэтгэврийн зээл авах нөхцлийг бүрдүүлж, түүнийхээ эцсийг үзэлгүй нас барах тохиолдлыг нэмэгдүүлээд байгаа юм.

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулинд хүнлэг энэрэнгүй, тэгш шударга нийгэм байгуулна гэж заасан атлаа нас барсан иргэд нь өртэй, тэжээлгэж байсан үр хүүхэд нь төлж барагдуулах үүрэгтэй, тодорхой хэмжээний сэтгэл санаа, эдийн засгийн том дарамтанд амьдруулж байгаа нь тэтгэврийн тогтолцоо буруу яваад байгааг харуулж байна.

  • Тэтгэврийн зээлтэй иргэн нас барахад Төрөөс буцалтгүй тусламж болгож 1 сая төгрөгийн оршуулгын тэтгэмж олгодог. Гэтэл үүнийг нь банкнаас шууд зээлийн өрөнд суутгаад байгааг юу гэж дүгнэж байна вэ?
  • Монгол хүн болж, эх орныхоо төлөө зүтгэснийх нь төлөө Монголын төрөөс иргэндээ олгож буй сүүлийн тэтгэмж болох оршуулгыг зардлыг зээлтэй байсан тухайн банкнаас нь шууд хурааж авч байгаа нь хүнлэг энэрэнгүй байх зарчмыг шууд зөрчиж буй явдал.
    • Өөрөөр хэлбэл, өртэй гэх нэрийдлээр талийгаачийн буяны ажлыг хүртэл хийх боломжгүй болгож байгаа нь тогтолцоо буруу явж ирснийг шууд харуулж байгаа юм.

Иймд нас барсан иргэдийн тэтгэврийн зээлийн өрийг төр, нийгмийн даатгалаас хариуцан, төлж барагдуулах ёстой гэсэн байр суурьтай байна.

  • Иймэрхүү асуудлаас улбаалаад зарим нэр бүхий УИХ-ын гишүүд ахмадуудад тэтгэврийн зээл олгодог асуудлыг зогсооё гэх санаачилга хүртэл гаргаад буй?
  • Ахмадууд яагаад зээл аваад байгаа юм. Тэдний ар гэр өлссөн байна. Ач гуч нь сургалтынхаа төлбөрийг төлмөөр байна. Үр хүүхдийнхээ санхүүгийн асуудлыг шийдчихмээр байгаадаа зээл аваад байна.

 

Гэтэл манай УИХ-ын гишүүд их ард түмний төлөөлөл учраас ахмад настныг хайрлаж байгаа дүрийн дор цаана байгаа ажилгүй гэр бүл, өвдөөд шаналж байгаа ач зээ нарын хувь заяаг давхар нульж гишгэж, арайхийн амьдарч байгаа хоногийн хоолоо залгуулж байгаа аргыг нь тас боох тухай ярьж байна.

Ийм асуудал байж болохгүй.

  • Тэгвэл улсад насаараа ажиллаж, татвар нийгмийн даатгалаа төлсөн иргэдийн байдлыг харгалан үзэж, нэг удаадаа улсаас тэглэж өгөх боломж байдаг уу?
  • Улс өөрөө тогооч том тэрэгний жолооч химийн бодис дээр ажиллаж байсан лабрант зэрэг хүмүүсийн улсад ажилласан 30 жилийн 20 жилийг 45 хувиар, үлдсэн 10 жилийг 1,5 хувиар бодоод л ажилласан жилийг нь тооцдог. Харин 30 жил нийгмийн даатгал төлсөн байхад сүүлийн 5-хан жилийн шимтгэлийн дунджаар тооцож тэтгэвэр тогтоож байна. Энэ нь бурхан болооч маань улсдаа ажлынхаа  25 жилийн шимтгэлийг үлдээсэн гэсэн үг. Мөн тэр үлдээсэн мөнгө улсын асар том тогоонд эргэлдэж хэдэн арван жил элээхдээ хүү гэж  хуримтлал үүсгэсэн байгаа. Тэтгэвэрт гарахад нь түүнээс маш бага хувийг хүртээчихээд, нас барахад нь тэтгэврийн зээлийн өрийг нь ар гэрийнхэн нь төл гэдэг нь өөрөө том дээрэм. Шуудхан хэлэхэд “Хуульчлагдсан дээрэм”. Тэр утгаараа аливаа хүн бурхан болоход түүний тэтгэврийн зээлийг нь тэглэх хэрэгтэй.  Гэтэл угаасаа бурхан болоочоор тэжээлгүүлж байсан ар гэрийнхнээс тэр үлдсэн зээлийг нэхнэ гэдэг хамгийн буруу үйлдэл. Хоёрдугаарт, оршуулгын зардал банйа. Монгол улс өөрийнхөө иргэнийг сүүлчийн замд нь үдэж буй санхүүжилтийг “тэтгэврийн зээл” хэмээх шал өөр зориулалтын зүйлд суутгаж авч байгаа нь буруу үйлдэл.

 

 

Б.Хишигдэлгэр

Хаха 2 21 Таалагдсан 1 Гунигтай 10 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 26