Нүүр хуудас Мэдээ НҮБ ба Монгол Улс...

НҮБ ба Монгол Улс...

Tugmn
Tugmn, TUG.MN

НҮБ бол дэлхийн хамгийн том улс төрийн байгууллага бөгөөд их гүрнүүд өөрсдийн ашиг сонирхолоо багтаасан тогтоол шийдвэрүүдийг түүний Аюулгүй зөвлөлөөр гаргуулан бодлого үйл ажиллагаагаараа алсаас бөмбөгдөж эхэлдэг. НҮБ өөрөө аливаа хямралыг зохицуулах хүч хөрөнгө мөнгөөр маруухан тул ихэвчлэн улс төрийн шийдвэрийг нь гаргаж өгөөд асуудлыг тухайн бүсийн хэмжээнд шийд хэмээн их гүрнүүдийн эвсэл холбоодод эрхийг нь өгөөд гаргуунд нь хаядаг.

НҮБ хэзээ ч дайны гал дундуур энхийг сахиулах цэрэг оруулдаггүй бөгөөд харин ч тийм газраас хурдхан ажилтнуудаа татан гаргадаг ёсоор өнөөдөр ч Ливиэс ажилтануудаа татан гаргаж эхлээд байна. Учир нь НҮБ-ын дэмждэг Ливийн түр засгийн газар төвлөрч байгаа нийслэл Триполи хот руу Оросын дэмждэг Ливи улсын зүүн хэсгийг хяналтдаа байлгадаг генерал Халифа Хафтар өнгөрсөн долоо хоногт цэргээ хөдөлгөж байлдааны ажиллагааг эхлүүлээд байна.

НҮБ-ийн шийдвэрт Орос Америк хоёр л хөшигний цаана хэл амаа ололцсон байхад аливаа асуудал цаашид ногоон гэрлээр явдаг тул өнөөдөр Трамп Путин хоёр аливаа үндэстний хүчтэй лидерүүдийг гаргаж ирэх тал дээр санаа зориг нийлж байгаагаас үзэхэд удахгүй дорнод Ливийн босс, 1983 оны Фрунзийн академийн төгсөгч генерал Халифа Хафтар Оросын хүчтэй дэмжлэгтэйгээр нэгдсэн Ливийн ирээдүйн лидер болох бизээ.

Дээр хэлсэнчлэн, НҮБ хэзээ ч дайны гал дундуур цэрэг оруулдаггүй, харин дайн дажин дуусч бие биенээ хяргаад өнгөрсний дараа л цэрэг оруулж үндэстэнийг сэргээн босгох ажиллагаа явагддаг нь НҮБ-ын албан хаагчдын аюулгүй байдлаас гадна цэрэг оруулахад шаардлагатай наад захын хөрөнгө мөнгө гэрээ хэлцлийн асуудлууд зургаан сараас дээш хугацаа шаарддагтай холбоотой. НҮБ-ийн түүхэнд ганцхан удаа л дайн дажин болохоос өмнөхөн урьдчилан энхийг сахиулах цэрэг оруулж асуудлыг намжаасан явдал 1995 онд Македонид тохиолдсон бөгөөд энэ нь ёстой л тухайн үндэстэний хувь заяа амны хишгийн асуудал байсан юм.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 850 хүнтэй ганц батальон цэрэг оруулахад л сард сая таван зуун мянган доллар цэрэг хандивлагч орон авдаг зэргээс харахад л олон улсын энхийг сахиулах ажиллагаа нь том улс төрөөс гадна бензин масло хоол унд асар майхан тээвэр ложистик гээд шахааны асар том бизнес юм.

НҮБ-ын генсекээр хэзээ ч их гүрнүүдээс хэн нэгэн томилогдоггүй бөгөөд харин гуравдагч орны төлөөлөл дуулгавартай нэгнийг тив тивээс ээлжлэн томилдог. Африкийн Кофи Аннан, Азийн Бан Ги  Мүүн, одоо Европын Антонио Гуттереш гээд дараачийнх нь Өмнөд Америкаас сонгогдох биз. Гэхдээ одоогийн генсек Антонио Гуттереш нь Португали гаралтай тул дараагийн генсек удам угсаа нэг Бразилиас лав томилогдохгүй байх.

Харин Дэлхийн банк, Валютын сан зэрэг гол гол байгууллагуудын Ерөнхий захирлын суудлууд Америк, Франц зэрэг их гүрнүүдэд дархлагдсан байдаг. Түүгээр ч зогсохгүй НҮБ-ийн жилийн төсвийн 25-аас доошгүй хувийг Америк гаргадаг болохоор НҮБ-ын ихэнх байгууллагын хүний нөөц санхүү буюу Админдиректор нь голдуу америкууд байдаг. Ингэснээрээ НҮБ-д Америкийн бодлого түлхүү хэрэгждэг гэж хэлж болно.

Манай улсын хувьд НҮБ-ын ажиллагаанд аль болохоор түлхүү оролцох нь бид илүү хонжоо олохоос гадна улс-төр дипломатын аргаар аюулгүй байдлаа хангахад чухал ач холбогдолтой. НҮБ-д орсон цагаасаа эхлээд л манай дипломатууд асар ухаалаг ажиллаж ирсэн нь олон зүйлээс ажиглагддаг. Жижиг орны зовлон их гэгчээр ялангуяа Орос Америкийн санал зөрөлдөөнтэй олон асуудлаар санал хураалт болоход ацан шалаанд орохгүйн тулд Аюулгүй зөвлөлийн гишүүн болох ээлжээ аль нэг улсад ашигтай хувилбараар ацаглах, наймаалцах нь бидэнд илүү ашигтай байдаг.Өнгөрсөн онд гэхэд л Израилийн нийслэл Иерасулимын асуудлаар санал хураах үеэр Монгол Улс аль ч талд оролгүй гадаа гарч морь харах жишээний.  Цаашдаа ч аливаа асуудлаар хонь бүрэн чоно цатгалан, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх монгол хар ухаан нь НҮБ-д баримтлах бидний бодлого хэвээр байх ёстой.

Боловсон хүчний бодлогын хувьд Монгол Улс нь өөрийн хүнээ НҮБ-ийн орлогч, мөн түүний төрөлжсөн байгууллагуудын Ерөнхий захирлын албанд тушаалд  чадалтай хүмүүсээ зүтгүүлж томилуулах цаг нэгэнт болсон бөгөөд энэ хэмжээгээр манай улсын нэр хүнд өсөж аюулгүй байдал тэр хэмжээгээр хангагдана гэсэн үг. Үүнд Монгол улсын энх тайванч бодлого, ардчилал эрх чөлөөг эрхэмлэж хийж буй бодит үр дүн, монголыг дэмжигч лобби бүлгүүд чухал үүрэгтэй.Одоогоор монголчуудаас НҮБ-ийн байгууллага доторхи дипломат захирал директорын D-1, D-2 албанд хуруу дарам цөөн ганц хоёрхон хүн ажиллаж байгаагийн нэг нь ЮНЕСКО-д 15 жил захиралын D-албанд амжилттай сайн нэр төртэй  ажиллаад дөнгөж Монголдоо ирээд байгаа доктор профессор Дэндэвийн Бадарч гуай бөгөөд түүний хориод жил хуримтлуулсан олон улсын дадлага туршлага харилцаа хэлхээ холбоо хэл усыг нь монголын төр дахиад хэдэн жил ашиглах хэрэгтэй.

Харин тэгэлгүй доорхи линк АНУ-ын алдарт Вашингтон пост сонин  мэдээлсэн шигээ монгол төрийн томилгоо бүр тогтсон үнэтэй, тухайлбал салбарын сайд 400 мянган ам.доллар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга 120 мянган ам.доллар, харин ахлах мэргэжилтний томилгоо 4000 ам.долларын үнэтэй гэх л юм бол Монгол Улс дэлхий нийтийн шившиг болж сүйрэх зам руугаа орж байна гэсэн үг.

https://www.washingtonpost.com/world/asia_pacific/mongolian-democracy-has-a-familiar-ailment-and-its-all-about-money/2018/06/25/76c4452a-68cb-11e8-a335-c4503d041eaf_story.html?fbclid=IwAR10Jiwi5_Yvtv6uso_vRr_FmoEhUYgyf9tyypDfh4XAPf3bDG-p-Uu7vkw&noredirect=on&utm_term=.8ed6c1c2b93f

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлЭРҮҮЛ МЭНДИЙН УС УНДААНЫ ЗАХ ЗЭЭЛД ХИЙГДЭХ ТЭСРЭЛТ БУЮУ “МОНОС ХҮНС”-ИЙН IPO
Дараагийн нийтлэл Хамаарал бүхий ААН-үүдээ мэдүүлээгүй албан тушаалтнуудыг ажлаас нь халжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү