Нүүр хуудас Мэдээ Үнэн гэж юу вэ?

Үнэн гэж юу вэ?

Tugmn
Tugmn, TUG.MN

Үнэн гэж үнэмшмээргүй атлаа гарцаагүй

Үгүйлэгддэг  мөртлөө үгүйсгэгддэг

Үлгэрт гардаг шигээ нүцгэн ч

Үхэшгүй мөнхийн оршихуй.

 

Үнэнийг хашгир гэж хэлд намайг оруулж

Үсэгт сургаж өндөрт хүргэж.

 

Үгийг нууваас сэтгэл хашгирна

Үнэнийг нууваас чулуу хашгирна.

 

Үг эхлээд үүсч Үг нь Үнэн байв

Үнэн Үгээр орчлон тогтож хүмүүн төрөх ч

Түүний эрэлд бүгд мордов

Хананы цаг өглөө оройгүй цохилохыг хэн ч үл анзаарна

Халуун зүрхийг Үнэн өдөр шөнөгүй тогшихыг бүр ч эс хайхарна

Харин Түүнд зүрхээ нээж, сэтгэлээ өгвөөс

Хамаг бие тань Үнэний бунхан болж

Тэнгэрийн хүсэл биелнэ.

 

Үнэн худал хоёр сэтгэлийн төлөө байлдана

Өөр өөрийн болгох гэж насан туршид тэмцэлдэнэ.

Ухаан биеийн хэсэг Үнэн сэтгэлийн эцэг.

 

Үхэр эзнээ өдөртөө таньж өл залгаж өвлийг давдаг бол

Үнэнийг хүн насандаа таниваас зол болж зовлонг дэвсэлнэ.

 

Нэг дээр нэмэх нь нэгд ганцхан хариулт байдаг шиг

Мянган Нээрээ дунд ганц л Үнэн бий.

 

Өнгө мөнгөнд үхмэл сэтгэлээр өөдсөн биеэ үйрэхээс аварна

Үнэний хүчинд омогших итгэлээр улс Монголоо сүйрэхээс аварна.

 

Бие ухаанаар, ухаан сэтгэлээр, сэтгэл итгэлээр, итгэл Үгээр

Үг шиг хүчтэн үгүй Үг үгийн дундаас Үнэн Үг бүгдийн Хаан.

Өнгө мөнгө минийх бишээ Үнэн үгс Та биднийх.

 

Гэрэл үгүйд харанхуй оршном

Гэгээрэл үгүйд хорсол оршном

Ухаан үгүйд мулгуу оршном

Ухаарал үгүйд шунал оршном

Амгалан үгүйд айдас оршном

Үнэн үгүйд үхэл оршном.

 

Өөртөө  зориул гэж өнгө мөнгийг надад хайрлаагүй ээ,

Үнэнийг тунхаглах индэр босго гэж өгөгдсөн юм

Өнчин ядуустай хуваалц гэж тушаагдсан юм

Өр зүрхээрээ үлгэрлэ гэж илгээгдсэн юм.

 

Шунаж бярдаж урвуул гэж эрх мэдлийг танд өгөөгүй ээ

Шударга ёсыг тогтоох шилбүүр болго хэмээн өгөгдсөн юм

Аархаж таахалз гэж алдар хүндийг надад хайрлаагүй ээ

Ардын зарц Тэнгэрийн боол бай хэмээн зарлигдсан юм.

 

Арван жил таван тивээр хэрэн тэнэж

Амьдрал дундаас Үнэнийг ухаарсан мөхөс би

Буруутны дунд өнчирч ганцаардавч

Бусдын төлөө өөрийгөө зориулж

Үнэт зүйлсийн түүчээ байж өчнөөн залуусыг

Үнэний замаар өөрийнхөө араас хуйлруулж чадваас

Алаг дэлхийд төрсөн алдхан биеийн амин зорилго биелэх нь тэр.

ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлУлаан бурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтын явц 65.1 хувьтай байна
Дараагийн нийтлэл НМХГ: Цэцэрлэгүүдэд шалгалт хийхэд 1799 зөрчил илэрсэн