Нүүр хуудас Мэдээ Б.Гүнбилэг: УИХ-ын шийдвэрийг хууль бусаар өөрчилсөн Г.Занданшатар даргын үйлдлийг Цэцэд өгөхөөс аргагүй

Б.Гүнбилэг: УИХ-ын шийдвэрийг хууль бусаар өөрчилсөн Г.Занданшатар даргын үйлдлийг Цэцэд өгөхөөс аргагүй

Tugmn
Tugmn, TUG.MN

Хуульч, доктор Б.Гүнбилэг УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Татварын багц хуульд тавьсан хоригийг хүлээж авсан хэрнээ УИХ-ын дарга Г. Занданшатар хууль зөрчиж дахин санал хураалт явуулж, Үндсэн хууль зөрчсөн тухай болон УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн жинхэнэ албан хаагчид шахалт үзүүлж ажлаас нь чөлөөлсөн зэрэг асуудлуудаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болжээ. Энэ талаар Б.Гүнбилэг хуульчтай ярилцлаа.

-Та хоёр асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана гэж байна. Хуулийн яг ямар зөрчилтэй байгаа талаар тайлбарлахгүй юу?

-Үндсэн хуулийн Цэцэд хуульчид мэдээлэл гаргаж байна. Нэгд, Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг тавдугаар сарын 24-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байнгын хороодын “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад оролцсон 39 гишүүний 25 нь буюу 64.1 хувь нь дэмжиж 14 нь буюу 35.9 хувь нь татгалзсан. Тэгэхээр энэ санал хураалтаар УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан гэсэн үг. Хоригийг хэлэлцэхэд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.6 дээр байгаа байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль болон УИХ-ын бусад шийдвэр хүчин төгөлдөр байна гэж байгаа. Гэтэл 66.6 хувь нь хүрээгүй. Гэтэл УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн зарим гишүүд орж ирээгүй байсан учраас санал хураалтыг дахин явуулах хууль зүйн ямар ч үндэслэлгүй горимын саналыг гаргасан байна. Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Тогтохсүрэн гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явуулан дэмжүүлээд хоригийг хүлээж, авах эсэхээр санал хураалт явуулж төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрийг хууль бусаар өөрчилсөн. Ямар тохиолдолд горимын санал гаргадаг вэ гэхээр Дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “асуудлыг хэлэлцэх дараалалд гишүүнээс гаргасан саналыг горимын гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана. Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй бөгөөд хууль зөрчсөн асуудлаар санал хураалт явуулахгүй” гэж заасан. Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал уг нь хүлээгээд авчихсан юм билээ. Үүнийхээ дагуу л явах ёстой. Ерөнхийлөгчийн хориг яагаад гарсан, МҮХАҮТ, бизнес эрхлэгчид, Ерөнхийлөгчийн зүгээс ийм татварын хууль байж болохгүй, үндэсний эрх ашигт хохиролтой гэх мэт үндэслэлүүдийг тавьсан байдаг. Энэ талаар эдийн засагчид ярих ёстой. Хэдүүлээ энэ хэдэн гишүүнийг зүгээр хараад суугаад байж болохгүй байна шүү дээ. Хоёрт, УИХ-ын дарга шинээр томилогдоод Их хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой уулзаад “би өөртэй чинь хамтарч ажиллах боломжгүй. Ажлаа өгөөрэй” гэдэг санал тавьсан байгаа юм.

-Гишүүд Ц. Цолмонг үнэхээр сайн мундаг залуу гэж магтдаг, нийгэм ч бас зөв хүн шиг байна гэж хардаг байх.

-Яг асуудал Ц.Цолмон гэдэг хүн дээр жишээ татагдаж байгаа болохоос энэ их өргөн хүрээний асуудал юм, ажлаа өг гэж шахдаг зүйл бол. Ц.Цолмонг гурван сарын турш удаа дараа ажлаа өгөөрэй гэж шахсан байна. Ингээд тавдугаар сарын 7-нд Ц.Цолмон дарга “танаас тавьсан удаа дараагийн саналын дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж” байна гэсэн өргөдлөө өгчээ. Ц.Цолмонг чөлөөлөх байнгын хороо болон чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүд маань Ц.Цолмонгоо л магтсан хүмүүс байсныг санаж байгаа байх. Магтаад л дахиж олдохгүй сайн хуульч, сайн мундаг залуу гэж байгаад ажлаас нь чөлөөлсөн байдаг. Манайд Төрийн албаны тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс шинээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар төрийн албаны зарчмуудыг заасан. Тус хуулийн 7.1.2 дээр мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зааж, улс төрөөс хараат бус байхыг заасан. Энэ зарчмыг УИХ-ын дарга маань алдагдуулсан байна. Дарга нар иймэрхүү шийдвэр гаргахаас өмнө хуульч нараас асуудаг. Төрийн албаны тухай хуулийн боломж бол өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлөхөд цаашдаа маргаан гардаггүй. Тэгэхээр ажлаа өгөхийг шахдаг тохиолдол маш их байгаа. Хуучин эрх барьж байгаа нам солигдоод төрийн албан хаагчид солигддог байсан. Харин одоо нам дотроо дарга нар нь солигдоод, төрийн албан хаагчдыг шахах үзэгдэл, ихсээд байна. Ингээд шинэ дарга нараас салаалсан баахан дарга нар, тэдний томилгооны асуудал орж ирээд төрийн алба тогтворгүй, чадавхгүй болох нь хэтэрхий хурдацтай болоод байгаа юм.

Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгах үүднээс өөрсдөө энэ хуулийг баталсан гэсэн хэрнээ Их хурлын дарга болонгуутаа доод хүмүүсээ ажлаа өгөхийг шахаж байна. Тэр байтугай Их хурлын дарга ордны гурван давхарт явж байхдаа их чангаар “чи ажлаа өгөөч” гэж хэлээд тэр хавиар явж байсан хүмүүс сонссон байгаа юм. Төрийн албанд байгаа арай гайгүй гэсэн залуучуудаа ингээд алдчихдаг. Төрдөө зүтгэе гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажиллаж байхад нэг нөхөр ирчихээд “яв чи” гээд байхаар чадалтай залуучууд төрийн албанаас залхдаг. Шинэ дарга ирээд ажлаа өгөхийг шаарддаг. Өгөхгүй гэвэл өөртэй нь хамааралтай ажлыг хийлгэхгүй, дуудаж уулзахгүй, доод хүмүүстэй нь харьцдаг. Энэ байдлаас тухайн хүн залхаад аргагүйн эрхэнд өргөдлөө өгдөг. Монгол Улсад 193 мянган төрийн албан хаагч байна. Энэ хүмүүс ямар ч баталгаагүй байгаа юм. Тэр дундаа чадвартай, мэргэшсэн залуучуудыг төрийн албанаас шахаж гаргаж байна. Хэзээ ч,  хэн ч, ямар ч дарга хэн нэгнийг ажлаа өг гэж шахаж болохгүй. Энэ бол хууль бус гэдгийг тогтоолгох зорилготой. УИХ-ын дарга өөрөө Үндсэн хуулийн Цэцэд харьяалалтай. УИХ-ын дарга Цэц дээр харьяалалтай байдгийн хувьд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг л тогтоолгох юм. Ирэх жил сонгууль болно. Төрийн албан хаагчид хэн нь хэзээ халагдах бол гэсэн айдастай л байж байгаа.

-Хэрвээ Цэц Их хурлын дарга Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл цаашаа процесс нь яаж явах вэ. Их хурлаар хэлэлцэх юм уу?

-Хэрвээ Их хурлын дарга Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл энэ Их хурлын даргын өөрийнх нь үйлдэл дээр яригдах юм. Их хурлын дарга хууль зөрчсөн нь тогтоогдвол ажлаас чөлөөлөгдөх, огцрох хүртэл асуудал яригддаг. Гэхдээ энэ удаад огцруулах үндэслэлийг тогтоолгохоор бус Үндсэн хууль зөрчсөн гэдэг байдлаар мэдээлэл өгч байна. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү л гэж байгаа юм. Юу юуны духанд хүрэлгүй огцруулна гэх нь хаашаа юм. Гэхдээ дээрх хоёр байдал хоёулаа УИХ-ын даргын хариуцлагагүй байдал гэж бид иргэнийхээ хувьд үзэж байгаа юм.

-Хэрвээ Цэц УИХ-ын дарга хууль зөрчөөгүй, эсвэл маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзвэл яах вэ?

-Нийгэм Цэцэд шүүмжлэлтэй ханддаг нь үнэн. Бидэнд өмнө нь Цэцэд хандаад гайхаж байсан тохиолдлууд бий8 бий. Гэхдээ итгэл алдрахгүй л харъя. 

-Уншигчдаас эргэлзээтэй асуултууд гарч болно. Та өмнөх Их хурлын даргын зөвлөх байсан учраас одоо ийм асуудал ярьж байна уу гэх мэт.

-Тийм хардлага байхыг үгүйсгэхгүй. Г.Занданшатар дарга Их хурлын дарга болно гэхээс өмнө Ц.Нямдорж сайд Улсын Их хурлын дарга болохоор тодорсон байсан шүү дээ. Тэгэхэд Цэцээр Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдоод УИХ-ын даргаасаа буусан хүн дахиад УИХ-ын дарга болох боломжгүй гэдгийг хуульч нар, тухайлбал би хүчтэй гаргаж тавьсан. Өглөө нь Ц.Нямдорж сайдын нэрийг ярьж байснаа үдээс хойш Г.Занданшатар даргын нэр гараад явсан. Тиймээс энэ даргыг үгүйсгээд байгаа юм надад байхгүй, харин ч шинэ залуу гэж итгэж байсан хүмүүсийн л нэг. Харин хууль зөрчөөд байж болохгүй гэдгийг хуульчид сануулах ёстой биз дээ. Гараад ирлээ зөв ажиллах байх гэж бодож байхад өөрсдөө хууль зөрчөөд байгааг нь сануулахгүй бол болохгүй байна гэдэг үүднээс Цэцэд хандаж байгаа юм. Би гурван ч УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо шинэ дарга улаан цайм хадуураад явбал иргэнийхээ хувьд, улс үндэсний эрх ашгаа бодоод сануулаад явах нь хуульчийнхаа хувьд энэ улсад үүрэх ёстой ачаа л гэж бодож байгаа. Малчин хүн малаа малладаг, эмч хүн хүнээ эмчилдэг, нийтийн эрх зүйгээр мэргэшсэн хуульч урдах ажлаа л хийж байна. Өөр хардлага ер хэрэггүй. Урдах урдахаа л хийе.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл“Оюутан цагдаа-2019” арга хэмжээ эхэллээ
Дараагийн нийтлэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү