Б.Баатархүү: Жагсаал зохион байгуулсан Н.Энхсайханы нөхрийг ажлаас нь хална гэж дарамтлаагүй

.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү: “Сүүлийн үед цагдаагийн алба хаагч, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээллүүд гарч байна. АН-аас 2019 оны нэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулах мэдэгдлээ Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн. Үүнийг нь Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хүлээж аваад Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 11.1 дэх хэсэгт заасан шаардлага хангахгүй байгаа тул татгалзсан хариу өгсөн. Гэтэл АН-аас бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан. Ингээд хууль зөрчиж байгаа асуудлаар цагдаагийн байгууллагаас албан шаардлага өгсөн ч үргэлжлүүлэн жагсаал зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан зургадугаар сарын 11-ний өдөр зөрчлийн тухай хуулийн 5.8.3 дахь хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээгээд, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа. Үүний дараа 12-ны өдөр мөн л хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулсан тул цагдаагийн байгууллагаас энэ жагсаалаа зогсоо гэх шаардлага тавьсан. Үүнтэй холбоотойгоор жагсаал зохион байгуулагч Н.Энхсайхан хэвлэлд ярихдаа “ЦЕГ-ын хариуцлагатай албан тушаалтан надад нөхөр чинь цагдаа юм байна. Дахиж жагсаал цуглаан зохион байгуулвал нөхрийг чинь ажлаас хална гэж дарамталсан, цагдаа нар ирж барих гээд байна” гэх мэт удаа дараагийн худал мэдээлэл ярьсан. Цагдаагийн байгууллагаас үүнийг буруу ташаа мэдээлэл гэдгийг хэлмээр байна.

Н.Энхсайханы нөхөр нь цагдаагийн байгууллагад тодорхой түвшний албан тушаал хашдаг хүн байгаа. Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаж цуглах эрхтэй. Эрхээ эдэлж байгаа хүний ар гэрийн хүнийг цагдаагийн байгууллага дарамталж, ажлаас нь халах гэсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Хоёр удаагийн жагсаал зөвшөөрөлгүйгээр зохион байгуулсан хүмүүс одоо хүртэл цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгөөгүй байгаа. Монгол Улсын хууль тогтоомжид эдгээр хүмүүс захирагдах ёстой. Бид албан ёсоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд холбогдох шалгалтын ажиллагаа хийж байна.” гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0