Б.Үүрийнтуяа: Гэр нь шатаж байхад “Тантай зургаа авхуулж болох уу” гэж асууж билээ

hi

Ард иргэдийн амь, эд хөрөнгийг аюулаас авардаг хүмүүс бол гал сөнөөгчид. Дүрэлзэн асаж буй гал руу хүн болгон орж чадахгүй. Тиймээс энэ мэргэжил хувь хүнээс тэсвэр тэвчээр, хүч чадал, зориг шаарддаг. Авхаалж самбаатай байхын зэрэгцээ сэтгэл зүйн хувьд ч хүчтэй байхыг шаарддаг энэ мэргэжлийг эмэгтэй хүн эзэмшсэнийг сонсоод гайхаж бас бахархсан. Зүгээр ч нэг гал сөнөөгч бус эрчүүдийг ахалж, үүрэг, тушаал өгдөг анхны эмэгтэй дарга өдгөө 24 настай. НОБГ-ын Баянгол дүүргийн ОБХ-ийн Гал  түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Б.Үүрийнтуяатай ярилцлаа.

-Гал сөнөөгч аюултай мэргэжлийн нэг. Эрчүүд хүртэл зүрхшээдэг. Энэ мэргэжлийг яагаад сонгох болов?

-Өвөө минь 2009 онд ахмадын баяраар ажлынхантайгаа амралтад явсан юм л даа. Олон хоног өнгөрсөн ч өвөө минь буцаж ирээгүй. Бид амралт руу нь очиж, 7-8 хоног хайсан. Усанд осолдсон гэдгийг нь мэдсэн ч олоогүй. Онцгой байдлын ерөнхий газрынхныг дуудахад нэг хоногийн дотор өвөөгийн минь цогцсыг олж өгсөн. Түүнээс хойш хүний амь авардаг болъё гэж шийдсэн юм. Яагаад ч юм энэ мэргэжлийг хэцүү гэж боддоггүй. Эмэгтэй хүн ч гэсэн хийж болохоор юм байна гэдгийг энэ салбарт жил гаруйхан хугацаанд ажиллаж ойлгосон. Миний аав хилчин. Аавтайгаа хамт цэргийн ангиудаар явж байхдаа энэ салбарын хүн болно доо гэж их боддог байлаа. Өвөөгөө алдсанаас хойш энэ бодол минь эрс шулуудсан.

-Айдсаа даван туулсан гэж ойлгож болох нь ээ. Усанд унасан хүн аврах, гал унтраах хоёр ялгаатай. Яагаад Үндэсний аврах бригадад ороогүй юм бэ?

-Багадаа уснаас их айдаг байсан. Айдсаа даван туулж, бага багаар сэлж сурч байгаа. Бид Гал түймэр унтраах, Аврах анги гэдгээрээ галын дуудлагад л очдог. Харин Үндэсний аврах бригадынхан гол, усанд живсэн хүмүүсийг аврах үүрэгтэй. Хоёулаа л ялгаагүй хүний амь аварч, эд хөрөнгө хамгаалдаг шүү дээ. Голд живж байгаа хүн таарвал сайн сэлж чадахгүй ч үсрээд л орно.

 -Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авав. Айлын бага хүүхэд гэж сонссон?

-Гэрийнхэн эхэндээ дургүйцсэн. Гал сөнөөгч хамгийн эрсдэлтэй мэргэжлийн гуравдугаарт ордог. Гал түймрийн голомтод ажиллах үед бэртэж гэмтэх, угаартах, нурангид даруулах болон амиа алдах ч эрсдэлтэй. Гэхдээ сайн хамт олны дунд байгаа учраас би айдаггүй. Энэ ангид хуваарилахдаа хамгийн туршлагатай, ур чадвартай хүмүүсийг надтай хамт томилжээ. Өөрөө хүссэн учраас зөрсөөр байгаад л энэ мэргэжлийг сонгосон. Өөр мэргэжил эзэмшсэн бол гэж төсөөлөх ч үгүй байна. Хүссэн зүйлээ хийж байгаа учраас аз жаргалтай явдаг.

-Хамгийн анх хэзээ, ямар дуудлагад очиж байв?

-Би Хууль сахиулахын их сургуулийг 2018 онд төгсөөд Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид хуваарилагдсан юм. Өнгөрсөн оны долдугаар сарын 16-нд ангидаа томилогдож ирээд л тэр өдрөө ээлжид гарсан. Хамгийн анхны дуудлага томоохон хэмжээнийх байлаа. “Мах маркет” компанийн хажууханд хөөсөнцрийн үйлдвэрт гал гарчээ. Дуудлага хүлээж аваад маш их айж байсан ч туршлагатай хүмүүстэй хамт ажилласан учраас түймрийг богино хугацаанд бүрэн унтраасан. Ажлын цаг дууссан байсан учраас үйлдвэрт хүн байгаагүй. Тэгэхэд л галтай анх нүүр тулж билээ. Тухайн үед багаа өмсөөд гал руу орох гэхэд аврагч нар намайг гадаа байхыг зөвлөсөн. Дарга нар минь зааж, зөвлөж, тусалж дэмждэгт талархдаг. Түүнээс хойш томоохон хэмжээний гал түймэр бидний хариуцсан бүс нутагт гараагүй.

-Хөөсөнцрийн үйлдвэрт гарсан галыг унтрааснаар хэдэн төгрөгийн хохирол учрахаас сэргийлсэн юм бол оо?

-Том үйлдвэр учраас 200 гаруй сая төгрөгийн хохирол учрахаас сэргийлсэн. Манайхаас гадна хоёр ангийн гал сөнөөгчид нэмж ирсэн. Дуудлага ирсэн тохиолдолд нэг минутын дотор ангиас гарсан байх шаардлагатай. Шуурхай гарсан ч замын түгжрэл, буруу хаяг зэргээс үүдэн замдаа саатах нь бий. Гэхдээ надад тийм тохиолдол таараагүй. Бидний хариуцсан бүс нутагт ихэвчлэн том үйлдвэрүүд, Дулааны I, II цахилгаан станц, гэр хорооллын бүс багтдаг. Зун харьцангүй тайван. Харин өвөл болохоор үнс, нурам ил задгай асгах, цахилгааны утсанд гарсан гэмтэл зэргээс үүдэн дуудлага их ирдэг. Дуудлага багатай үед сайхан шүү. Монголын нэг айл, ганц үйлдвэр ч гэсэн ослын аюулгүй, амар амгалан байгаасай гэж хүсдэг.

-Ажиллаж эхэлснээсээ хойш хэдэн дуудлагаар ажилласан бэ?

-Манай анги бусдыгаа бодвол харьцангуй тайван. Он гарсаар манай ангид 84 удаагийн дуудлага ирснээс 20-30 гаруйд нь миний хариуцсан салаа ажилласан. Нэгдүгээр салаа учраас юм, юмны л эхэнд явдаг. Хүүхдүүд гэртээ ганцаараа үлдсэн тохиолдолд “халуун” тогоо, цахилгаан халаагуур ашиглах, залгуураа салгаагүйгээс үүдэж гарсан ахуйн гал түймрийн дуудлага ихэвчлэн ирдэг. Салааны дарга учраас нэг их гал руу орохгүй. Шаардлагатай тохиолдолд орно. Ихэнхдээ гал сөнөөгчдийн хувцас хэрэглэл бүрэн эсэхийг шалгаж, түймрийн үед ажиллах заавар өгдөг.

-Ямар шалгуур давж байж гал сөнөөгч, салааны захирагч болдог юм бол?

-Би 2013 онд ХСИС-ийн Ахлагчийн сургуульд элсэж, нэг жил ерөнхий эрдэмд суралцаад 2014 оноос мэргэжлийн хичээл үзсэн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд тус сургуульд элсэхийн тулд мэдээж ерөнхий эрдмийн шалгалт өгнө. Түүний дараа бие бялдрын шалгалтыг давах ёстой. Бие бялдрын гэдэг нь гүйлт, гимнастик, хүч чадлын шалгалт. Туухай гэхэд 16 кг-ыг өргөнө. 100, 1000, 3000 м-т гүйнэ, гэдэсний таталт, гар дээр суниах зэргийг доод тал нь 66 удаа гүйцэтгэнэ. Энэ мэт шалгуурт тэнцээд л ХСИС-д элсэж, амжилттай төгссөн.

-Гал сөнөөгчийн хувцас хэрэглэл их хүнд харагддаг. Техник хэрэгслийг өргөхөд асуудалгүй юу?

-Сургуульд байхдаа усны хоолой (шланг) өргөж байгаа ах нарыг хараад “хүнд байхдаа, яаж даадаг юм бол” гэж их боддог байсан. Яг үнэндээ эмэгтэй хүн эрчүүдээс хүчтэй, тэвчээртэй юм шиг санагддаг. Онцгой байдлын сургуульд галын техникийн хичээл ордог. Үүнийг нэг төрлийн спорт гэж хэлж болно. Түүгээр хоёр жил хичээллээд довтолгооны техникт суралцсан. Энэ техникт суралцсаныхаа дараа төрөл бүрийн уралдаан, тэмцээнд оролцож, медаль хүртэж байлаа. Одоо биеийн хүчний ажил хийхэд хэцүү санагддаггүй. Хувцас хэрэглэл том, хүнд нь ч хүндээ. Хамгийн жижиг гутал 39 размер. Би 36 размерын гутал өмсдөг. Хоёр, гурван давхар улавч, оймс өмсөөд л дуудлагад гардаг.

-Хувцас, техник, хэрэгсэл аюулгүй байдлын шаардлага бүрэн хангасан уу. Ажиллахад хүндрэл гардаг уу?

– Анх аврах бүс, малгай, бахиалтай л байсан гэж сонсож байсан. Гэхдээ ажилд ороход бодол өөрчлөгдсөн. Учир нь нано материалаар хийсэн цельсийн 800 градуст 16 секунд тэсэх зориулалттай хамгаалах хувцас хэрэглэдэг. Манай ангийн хувьд хувцас хэрэгсэл, багаж хангалттай сайн.

-Хүмүүс эмэгтэй гал сөнөөгч түймэр унтрааж байхыг хараад яаж хүлээж авдаг бол. Эмэгтэй хүмүүсийг гал сөнөөгчөөр ажиллахыг нэг хэсэг зөвшөөрдөггүй байсан гэсэн?

-Хувцаснаасаа л сүртэй харагддаг болохоор хүмүүс их хүндэтгэж харилцдаг. Гэр нь шатаж байхад нэг хүн “Тантай зургаа авахуулж болох уу” гэж асууж билээ. Машинаас эмэгтэй хүн үсрээд буугаад ирэхээр “Хүүе юу хийж яваа юм” гэж асуусан тохиолдол ч бий. (инээв) Надад анхаарал хандуулаад, санаа тавихаар сайхан санагддаг. Дуудлагын дагуу хаягаар очиход галыг газар авахуулахгүй унтраах бүр сайхан мэдрэмж. “Баярлалаа” гэдэг үгийг сонсоод нэг их жаргалтай хүн болчихдог. Харин гэр нь нэгэнт шатчихсан хүмүүс яахаа мэдэхгүй уйлж байхыг хараад дагаад л уйлах шахдаг ч гал сөнөөгч хүн сэтгэл зүйгээ удирдаж чаддаг байх ёстой. Тэр үе хамгийн хэцүү.

-Салааны эмэгтэй дарга танаас өөр байдаг болов уу?

-Надтай хамт 11 эмэгтэй салааны даргаар суралцаж, өнгөрсөн онд төгссөн. Улаанбаатарт тав, орон нутагт зургаан эмэгтэй энэ мэргэжлээр ажиллаж байгаа. Би энэ ангид шууд ахлахаар томилогдож ирсэн бол бусад нь салааны даргын туслахаар томилогдож очсон. Найзууд минь энэ онд салааны дарга болж байгаа. Салааны дарга гэдэг нь ээлжид гарч байгаа гал сөнөөгчдийнхөө бэлэн байдал, аюулгүй ажиллагааг хариуцдаг.

-Шантрах үе гарч байсан уу. Зарим хүн гал сөнөөгчид хугацаа алдаж ирлээ гэж буруутгах хандлагатай байдаг шүү дээ?

 -Надад тийм зүйл тохиолдож байгаагүй. “Чи яах нь вэ, хол бай” гэх зэргээр ханддаг сайн хамт олны хүчинд шантарч байсангүй. Манай ажлынхан их хөгжилтэй. Дасгал сургуулилалтын үед нэгнийгээ үүрч гүйж байгаад унагаах тохиолдол гарна. Энэ ангийн алба хаагчид дэндүү сайхан. Мэдэхгүй чадахгүй зүйл их гардаг ч тэд намайг хүндэлж харилцдаг.

-Дуудлагагүй үед юу хийдэг вэ?

-24 цагийн хуваарийн дагуу л ажилладаг. 08.00 цагт ээлж солилцоно. Өдөр тутмын дасгал сургуулилалт, жагсаалын бэлтгэлээс гадна цэвэрлэгээ хийдэг. Орой тоондоо жагсана. Өглөө нь гүйнэ.

-Мэргэжлийн чинь онцлог, давуу тал нь юу вэ?

-Бахархууштай мэргэжил шүү дээ. Аварна, хамгаална гэсэн зорилготой. Нэр хүндтэй. Хүнд тусална гэдэг сайхан. Цагдаагийн байгууллагынхан урьдчилан сэргийлэх, хууль сахиулах үүрэгтэй бол бид нэгэнт үүссэн аюултай нөхцөлд ажиллаж, яаж аврах вэ гэж боддог, их эрсдэл дунд ажилладаг. Энэ нь л онцлог, давуу тал юм даа. Эрсдэлтэй ч гэсэн хүлээсэн үүргээ биелүүлж байгаа учраас гомдоллох эрх надад байхгүй.

-Дуудлагаар явж байхдаа бэртэж, гэмтсэн тохиолдол бий юү?

-Байхгүй ээ. Хүн бүр хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлаа дор бүрнээ хариуцах ёстой. Ажилтуудынхаа аюулгүй байдал хангагдсан, эсэхийг дуудлагад гарахын өмнө заавал шалгадаг. Малгай, усны гутал зэргийг өмсөнө. Цахилгааны утас шалгадаг хайч барихдаа бээлий өмссөн, гар чийдэнгээ авсан, эсэхийг ч байнга шалгах ёстой. Итгэл даасан хүмүүстэй ажиллаж байгаа учраас бэртэж, гэмтсэн тохиолдол гараагүй. Миний удирдлагад бага дарга гэдэг албан тушаалтай хүн ажилладаг. Тэр хүн гал сөнөөгчдөд давхар хяналт тавьдаг юм. Аливаа дуудлагын дараа ажлаа дүгнэж ярилцдаг. “Дараагийн удаа тийм зүйлд анхаарна шүү, энэ удаа үүн дээр дутагдалтай байлаа” гэх зэргээр алдаа, оноогоо ярьдаг учраас эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чаддаг юм болов уу. Миний хариуцсан нэгдүгээр салаа 11 хүний бүрэлдэхүүнтэй. Надтай нийлээд есөн хүн гал унтраахад оролцоно. Хоёр жолооч  тус тусын машинтай үүрэг гүйцэтгэнэ.

-Цаашдын зорилго тань юу вэ?

-Аавынхаа, Онцгой байдлын байгууллагынхаа нэрийг өндөрт өргөж явах сан гэж боддог. Энэ салбартаа ажиллаж, илүү туршлага хуримтлуулахын сацуу мэргэжлээ ахиулан суралцах зорилготой. Эцсийг нь хүртэл явахаар шийдсэн. Гал сөнөөгч болохын тулд бие бялдар сайтай байхаас гадна бусдын төлөө өөрийн амь, биеэ үл хайхрах зоригтой байх нь чухал.  Учирч болзошгүй гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, гамшгийн нөхцөлд хүний эрүүл мэнд, эд хөрөнгөөс гадна байгаль орчныг хамгаалахад анхаарах нь зүйтэй. Гал түймэр унтраах, гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үүргээ улам хариуцлагатай гүйцэтгэх гэсэн ойрын зорилготой ажиллаж байна. Энэ дашрамд, мөр зэрэгцэн ажилладаг нийт алба хаагчдадаа Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1