Нүүр хуудас Мэдээ Хилсээр аавыгаа алдсан өндөр настан А.Цэгмидтэй цагаатгалын комиссоос уулзлаа

Хилсээр аавыгаа алдсан өндөр настан А.Цэгмидтэй цагаатгалын комиссоос уулзлаа

Tugmn
Tugmn, TUG.MN

   Туг. Мн сайтын бэлтгэсэн мэдээллийн мөрөөр Цагаатгалын улсын комиссийн ахлах референт Н.Мэндбаяр, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар,  Монголын эрдэмтдийн зөвлөлийн гүцэтгэх захирал Ш.Түвдэнбалжир нарын бүрэлдэхүүнтэй төлөөллүүд БЗД-ийн иргэн 94 настай энэ буурайг А.Цэгмидтэй биечлэн уулзаж өнгөрсөн гашуун түүхийг сонсож шүүхээр цагаатгагдах арга замыг хэлж туслав. Өндөр настан А.Цэгмид гуай 1932 онд 6 настай байхдаа аавыгаа алдсан. "Нэг л өдөр буу үүрсэн Орос, Монгол морьт цэргүүд гэрт нь ирж байгааг харсан аав нь бөөрөнхий цагаан гэртээ орж байхаа олж тэмтчин эргэлдэн сандарч гүйхдээ хаана ч нуугдах газаргүй тул зогтусан зогсоод палхийтэл хоймроо дүнсийсэн гэдэг. Хамгийн том нь 9 настай удаах нь эхийнхээ хэвлийд байсан зургаан хүүхэд нь баахан уйлж, хүүхдүүдээ үнсээд хань Ж.Хувшардаа захиасаа хэлээд ...удахгүй ирнэ байх аа... гэж хэлснийг хүүхэд байсан ч мартаагүй санаж явжээ. Хар шар феодалын үлдэгдэл хэмээн нутгийн дөрвөн хүний хамт аав Чимэдийн Адъяа, түүний ах Чимэдийн Одсар, Чимэдийн Дансран нарыг нутгийн дөрвөн хүний хамтаар баривчлан авч явснаас хойш гурван өдрийн дараа унаж явсан морьд нь эмээл бүүрэгтэйгээ гэртээ ирсэн гэдэг. Хэлмэгдүүлэлтийн тэрхүү он жилүүдэд түүний сэтгэл зүрхэнд тодоос тод хар толбо үлдээж өдгөө өвгөн буурай болсон ч нулимс дуслуулан хуучилсан түүний дурсамж, хийж бүтээсэн арвин аж. Социалист нийгмийн бүхий л гавьяа шагналыг хүртсэн А.Цэгмид гуай Засгийн газрын хүндэт жуухаар хоёр ч удаа шагнуулж Ю.Цэдэнбал даргаас 1970-аад онд "Алтангадас" одон хүртэж явсан нутаг усандаа нэртэй хөдөлмөрч нэгэн байж. Хилс хэргийн гашуун түүхийн амьд гэрч нар өдгөө 90 хол давж насалсан тул хэзээ гэрэлт ертөнцөөс халихаа мэдэхгүй буйгаа учирлаж байлаа.Таван ч удаа Улсын Ерөнхий Прокурорт хандаж харъяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлтээ гаргасан ч арга мухардсан А.Цэгмид гуай болон өдгөө 96 настай эгч, 92 настай дүүгийнх нь хамгаас хүсэж буй зүйл нь шүүхээр "ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН УЛМААС НАС БАРСНЫГ ТОГТООЛГОХ, ЦАГААТГУУЛАХ" юм. Тухайн үеийн гэрчүүд жил ирэх бүр хорвоогийн мөнх бусыг үдсээр тул үр хүүхдүүд нь амьд ахуйд нь хүслийг нь гүйцээж амирлуулахыг мөрөөддөгөө ч нуусангүй ээ.

Баянхонгор аймаг Буянт цагаан гол сумын иргэн

Адъяа овогтой Цэгмидийн товч намтар

   Адъяа овогтой Цэгмид нь 1926 онд Баянхонгор  аймгийн Буянт цагаан гол сумын нутаг Богд хайрхан уулын Уртын  голын  Хүрэн талын ам гэдэг газар Адъяагийн 3 дахь хүү болон төрсөн тус сумын уугуул иргэн юм. Тэрээр 1 наснаас 20 хүртэл эх, эгч, дүү нарын хамт мал маллах, аян жин тээх, мал тууварлах  зэрэг ажлуудыг хийж байгаад 1947 онд цэргийн албанд татагдаж Улаанхуаран дахь Хуягт танкийн авто сургуульд алба хаан тус сургуулийг төгсч Батлан хамгаалах яамны авто гражд механикийн ажлыг хийж байв. 1950 онд цэргийн албанаас халагдаж орон нутагтаа очиж дараах ажлуудыг тус тус хийсэн. Үүнд:

  • 1950 оноос 1954 онуудад Цэрэндүг, Могдоон нартай хамт багшаар ажиллаж сумын бичиг үсэг мэдэхгүй иргэдэд бичиг үсэг заах ажлыг хийж байлаа.
  • 1954 оноос Худалдаа бэлтгэлийн ангийн тоо бүртгэлийн ангийн тоо бүртгэгчийн ажлыг хийж айл өрхүүдийн улсад албан журмаар нийлүүлэх мах, ноос , ноолуур бэлтгэх ажлыг хариуцан тооцоо хийж малчдад мөнгийг олгох, мэдээ тайланг сумын захиргаанд гаргаж өгч байсан.
  • 1956 оноос сумын захиргааны орлогч даргаар ажиллаж захиргааны санхүү, хөдөлмөрчдийн албан журмаар нийлүүлэх мал мах, ноос үс, сүү, түүхий эдийн тооцоог гаргаж улсад дутуу зүйлүүдийн улсад тушаалгах ажлыг хариуцаж байв.
  • 1958 оноос захиргааны нарийн бичгийн дарга болж сумын захиргааны бичиг хэрэг, иргэний 5 төрлийн хөдөлгөөний бүртгэл, цэргийн бүртгэл зэргийг хариуцан ажиллаж байв.
  • 1965 онд Хүрээмарал сумын Нэгдлийн орлогч даргаар томилогдсон бөгөөд энэ үед Марал сум Цоржоос нүүж Дэлгэрмөрөнд төвлөрч буусан. Энд нэгдлийн хийх бүхий л ажил тухайлбал барилга буулгах, хүмүүсийг зохион байгуулах ажлыг хариуцан хийж байлаа.
  • 1967 онд Баянбүрд сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргаар ажиллаж байгаад 1968 онд Баянбүрд сум татан буугдаж Бууцагаан сумтай нэгдсэн бөгөөд энд Баянбүрд бригадын даргаар ажилласан. Сумын бүхий л ажлыг хариуцаж байв.
  • 1970 оноос суманд ирж нэгдлийн туслах үйлдвэрийн бригадын даргаар ажиллаж бэлчээрийг усжуулах, мал аж ахуйг хашаажуулах, хадлан тэжээл бэлтгэх, хүн амыг хүнсний ногоогоор хангах ажлуудыг хариуцан ажиллаж Өлзийт гол, Баянгийн голд услалтын систем байгуулав. Мөн Байдраг, Цагаан голд гар аргаар хүнсний ногоо малын тэжээлийг тариалах ажлыг удирдаж байв. Тус суманд анхны малын үйлдвэрийн байгуулалцаж тэжээл үйлдвэрлэх ажлыг удирдан ажиллаж байсан бөгөөд энд уугуул сумын иргэн Нанзангийн Тарав тус үйлдвэрт маш сайн ажилладаг байсан. Хүнсний ногоо малын тэжээл тариалах энэхүү ажлыг одоогоор Бууцагаан сумын ИТХ-ын дарга Д.Батгэрэл удирдан ажиллаж байсан ба энэ тухай сайн мэдэх хүний нэг юм. Хадлан тэжээл бэлтгэх ажлаа өөрийн сумаас гадна Архангай, Хөвсгөл аймгуудаас бэлтгэж байсан юм.
  • 1982 оноос Сум дундын усны группын даргаар ажиллаж Бууцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Хүрээмарал сумуудын уст цэгийг хариуцаж худаг гаргах, худгийн засвар үйлчилгээ хийх зэрэг уст цэгтэй холбоотой бүхийл ажлуудыг удирдан ажиллаж байлаа.
  • 1984 оноос сумын цэцэрлэг яслийн няраваар ажиллаж байгаад 1986 онд улсад тасралтгүй 38 жил ажиллаад тэтгэвэрт гарч одоо Улаанбаатар хотод амьдарч байна.

Ажиллах хугацаандаа төр нийгэм болон нам засгаас өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэхийн зэрэгцээ өөрийн хариуцсан ажилдаа эзэн байж ямар нэг зөрчил дутагдалгүй ажиллаж байсан бөгөөд үүнийг нь нам, төр засгаас үнэлэн доорх гавьяа шагналуудаар шагнагдсан байна. Тухайлбал,

  • 1981 онд МАХН-ын 18-р Их хуралд төлөөлөгчөөр оролцож “Алтан гадас” одонгоор шагнагдсан ба БНМАУ-ын Засгийн газрын Хүндэт жуух бичиг-ээр 3 удаа, усны байгууллагын 40 жилийн ойг тохиолдуулан ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөлийн Хүндэт үнэмлэх, Ардын хувьсгалын ойн медалиуд, ХАА-н удирдах газар, УАА-н байгууллага, МАХН, аймаг сумын ойн медаль, Хүндэт тэмдэг, үнэмлэх баярын бичгүүд зэргээр шагнагдаж байлаа.
  • А.Цэгмид нь МАХН-ын эгнээнд олон жил байж намын бодлого шийдвэрийг сурталчилах, хэрэгжүүлэхэд идэвхи зүтгэл гаргасан тул намын Ахмад зүтгэлтэн, Хүндэт үнэмлэх, Хүндэт тэмдэг, МАН-ын 90 жилийн ойн медалиар тус тус шагнагдсан.

А.Цэгмид гуай өнөөдөр ингээд суух ч маргааш нь хэвтэрт ороод нас сүүдэртээ бие нь чилээдэг гэв. Хөөрхий хэлэхдээ... Би айлын ганц хүү, эгч дүү зургуулаа аавыгаа их л хүлээсэн дээ. Морьтой хүн явахаар л аав минь ирж байна гээд тосоод гүйдэгсэн.. гээд уруулаа мигшүүлэн нулимс нь бөмбөрөх юм. Аргаа барсан ижий нь хүүхдүүддээ ...аав нь хэзээ ч эргэж ирэхгүй ээ ...гэж цөхөрсөн хоолойгоор хэлснийг нь хэзээ ч мартаагүй байлаа. Хорь хүрээгүй байхдаа ямар сайндаа хэзээд гэр дүүргээд ороод ирэх юм шиг санагдах аавыгаа хүлээж цөхрөөд зөвлөлийн цэрэгт айлууд адуу хандивлахаар нь бүхнээс түрүүнд тууж явах хүсэлтээ өгчээ. ...Орос цэргүүд аавыг минь аваад явсан юм чинь Оросод байгаа даа гэж бодоод би явсан юм... гэв. Хил давж адуу тууж аавыгаа хайж зөвлөлтийн цэргийн армид очтол аав нь байсангүй тул дахин хайхаа больж нутаг усандаа тэр "хатуу" он жилүүдийг дурсаж жалга дүүрсэн цусан гол урсаж байсныг ам дамжин ярьдаг тухай ч хэлэв. Хууль шүүхийн асуудлаа учирлаж гарц гаргалгаа байгаа сэхийг ахин дахин лавлаж байв.  

МУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ЦАГААТГУУЛАХ ГОМДЛЫГ 2020.12.31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ АВНА

    Цагаатгах ажиллагааг удирдан зохион байгуулах улсын комиссийн  ахлах референт Н.Мэндбаяр тэгээр асуултууд ийн хариулав.

Монгол Улсын хэмжээнд 1922-1990 оны хооронд 36000-37000 иргэнийг хэлмэгдүүлсэн гэх бүрэн бус тоо байдаг. Түүний 31256 иргэн одоогоор цагаадаж, 18000 орчим иргэнд 1998 оноос хойш нөхөн олговрын 1 сая төгрөгийг олгож байгаа аж. М.Энхболд даргын үед 2018.01.12-ны өдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль шинэчлэн батлагдаж шинээр 13.2 дахь заалт тусгагджээ. Үүний дагуу хэлмэгдэгч амьд сэрүүн бол хэлмэгдэгчид, түүнийг нас барсан бол түүний гэр бүлийн хүн буюу эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдүүдэд цаазаар авахуулсан болон хорих ялаар хилсээр шийтгүүлсэн зэргээс шалтгаалан 40-80 сая төгрөгийн нөхөн олговрыг олгож эхэлжээ. 2019 оны улсын төсөвт суугдсан мөнгөн дүн, төсвийн хуваарьлалт, шүүхийн шийдвэр гаргасантай холбогдуулан нөхөн олговор өгдөг болжээ. Шүүхээр нэгэнт цагаатгагдсан хүмүүст нөхөн олговрын хэмжээг боломжид хэмжээгээр олгодог хэмээв. Хамгийн чухал нь цагаатгуулах ёстой. Цагаатгуулахдаа МУ-ын Ерөнхий прокурорт цагаатгуулах тухай гомдлоо гаргана. Уг гомдлын хугацаа нь өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд 2020.12.31-ний өдрийг хүртэл хүлээн авах аж.

Хуулинд үгчлэн зааснаар ...Хэлмэгдэгч нас барснаас хойшхи 10 сарын дотор төрсөн хүүхэд.. ач зээ, аав, ээж, ах дүү нараас гадна ач дүү, зээ дүү нарт нь ч нэг удаа 1 сая төгрөгийг улсаас олгохоор хуулинд зохицуулсан байдаг.

АСУУДАЛ НЬ ШИЙДЭГДЭХГҮЙ БАЙГАА ИРГЭД ЯМАР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЖ, ХААНА ХАНДАХ ЁСТОЙ ВЭ.

     Хилсээр амыг нь хөнөөсөн иргэдийг цаазаар авсан тухай баримт хаана ч үлдээгүй тухай архиваас олдохгүй байгаа арга мухардаад буй ар гэрийнхэн нь шүүхэд хандаж цагаатгуулах боломж байдаг аж. Ийм төрлийн маргаан бүхий 6350 орчим иргэд байдаг гэв.

Шийтгэсэн тогтоолгүй цаазаар авхуулсан хэргийг ам гэрчийн мэдүүлэгт үндэслэн МУ-ын Ерөнхий прокурор цагаатгадаг аж. 1932,1933 оны хэргүүд мэр сэр цагааддаг бөгөөд энэ он жилүүдэд ямар нэгэн нотлох баримтгүйгээр буудсан ам баримтууд л олддог гэв.

1932 оны хэлмэгдлийн хэргүүдээс хааяахан  шүүхээр цагаадсан байдаг. Тэдгээр хэргүүд нь Тагнуулын Ерөнхий газраас тогтоолтой, тус байгууллагын мөрдөн шалгах газар нь ажиллагаа явуулж шийдвэрлэсэн олон хэргүүд дотор байсан нэг хэрэгт тухайн хүний нэр дурьдагдсан байвал түүнийг хэлсээр шийтгэгджээ гэж үзэж цагаатгах үндэслэл болдог байна.

Сүхбаатар, Хэнтий аймгуудад цаазлах ёстой хүнээ алдсан Орос, Монгол цэргүүд малын бэлчээрт хонио хариулаад явсан иргэнийг хүртэл авч яваад буудаж тоогоо гүйцээдэг байсан тухай дам яриа байдаг. Эдгээр яриаг үнэний ортой эсэхийг асуухад огт бодолгүй ...тийм ээ...гэж хэлсэн юм. “...Үнэний ортой. Ингэж ярьдаг олон хүнтэй уулзаж явсан. Энэ тохиолдолд иргэний ам мэдүүлгээс сонсдог...” гэж байлаа.  

ДАРААХ ТОХИОЛДОЛД Л НӨХӨН ОЛГОВОР ОЛГОДОГ

 

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хуулийн 5 дугаар зүйл.                                                                                  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч гэж энэ хуулиар тооцох хүн гэж

5.1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд дор дурдсан хүмүүс хамаарна:

5.1.1.шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон;

а/1922-1926 он /“Шүүх цаазны бичиг” гарах хүртэл хугацаа/-д эрүүгийн ял шийтгэлийг шинэчлэн тогтоосон болон хэрэглэсэн Ардын Засгийн газрын тогтоолууд;

б/1926 оны “Шүүх цаазны бичиг” /1929 онд нэмэн найруулсан/-ийн 7 дугаар бүлгийн 42-49 дүгээр зүйл; 8 дугаар бүлгийн 50-52 дугаар зүйл;

в/1934 оны “Шүүх цаазны бичиг”-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйл; БНМАУ-ын Ардын СнЗ-ийн 1938 онд 1 дүгээр бүлэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт;

г/1942 оны “Эрүүгийн хууль”-ийн 55-69, 137 дугаар зүйл;

/Энэ дэд заалтад 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

д/1961 оны “Эрүүгийн хууль”-ийн тусгай ангийн нэгдүгээр бүлгийн 45-52, 53-55, 57 дугаар зүйл;

5.1.2.ял шийтгүүлээгүй боловч энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хэрэгт хилсээр холбогдон баривчлагдаж мөрдөгдсөн нь прокурорын тогтоолоор нотлогдсон;

5.1.3.шүүх, тусгай болон онцгой бүрэн эрхт комиссоор хэлэлцэн шийдвэрлээгүй боловч улс төр, үзэл суртлын шалтгаанаар тухайн үеийн нам, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан нь шүүхийн журмаар тогтоогдсон.

Уг зохицуулалтын дагуу тухайн үед эрүүгийн хэргээр шийтгэгдэж байсан бүх хүнийг хилсээр шийтгэгдсэнд тооцдоггүй аж.

Шүүх болон Улсын ерөнхий прокурорт удаа дараа хандаад үр дүнд хүрээгүй хүмүүст гарц байгаа сэхийг тодруулахад:

Нотлох баримтыг шинээр бүрдүүлж дахин ханддаг. Гэтэл хилсээр амь насаа алдагсдийн ар гэрийнхэн нь өдгөө нас өндөр гарсан байдаг тул зарга маргааныхаа үр дүнг үзэлгүй нас барах нь олон. Ийм тохиолдолд цагаатгалын комисс, улсын болон салбар комисс иргэдийн өргөдлийг аваад холбогдох байгууллагад уламжлах, эсвэл иргэнийг шууд тус байгуулагуудад хандуулах үүрэгтэй. Түүнээс нягтлан шалгах ажиллагаанд оролцдоггүй. Цагаадсан иргэдэд нөхөн олговор олгох, цагаадсан иргэдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр ажилладаг даа... хэмээв.

Уг уулзалтын дараагаар А.Цэгмид гуай хуулийн зөвлөгөө авахаар болж дахин өргөдөл гомдол гаргахаар нотлох баримтаа цуглуулж эхэлсэн юм. Түүнтэй адил хилсээр шийтгүүлсэн хэргийг цагаатгаж чадахгүй байгаа иргэдэд ч мөн дээрхи байгууллагууд нээлттэй зөвлөнө гэдгээ илэрхийлж байлаа.

 

Сэтгүүлч: Б.Туул

 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХууль бусаар тарвага агнахгүй байхыг сэрэмжлүүлж байна
Дараагийн нийтлэл Монголын ноолуур, ноолууран эдлэлийн 80%-г үйлдвэрлэдэг нийт 32 компани төрөөс бодлогоор дэмжигдсэн салбарынхаа “Шийдэл"-ийг хэлэлцлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү