Нүүр хуудас Мэдээ Тусгаар тогтнол...

Тусгаар тогтнол...

Tugmn
Tugmn, TUG.MN

Өнөөдөр тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон Төрийн далбааны өдөр, маргааш тусгаар тогтнолыг бидэнд авчирсан Ардын хувьсгалын баярын өдөр учраас тусгаар тогтнолынхоо ач холбогдол үнэ цэнэ цаашид бид тусгаар тогтнолоо хэрхэн хадгалж хамгаалж авч явах дотоод гадаад хүчин зүйлүүдийн талаар тав арван үг унагахгүй байхын аргагүй.

Тусгаар тогтнол гэж миний бодлоор аливаа үндэстэний бие даасан байдлыг хэлэх бөгөөд Монгол Улсын мөнхийн эрхэм зорилго нь туурга тусгаар оршин тогтнох явдал бөгөөд тиймдээ ч төр засгийн бодлого ажиллагаа монгол хүн бүрийн хүчин чармайлт үүнд чиглэгдэж байдаг. Харь гүрний колонид хоёрзуун жил болж бараг устаж үгүй болдгийн даваан дээр хорин нэгэн онд арай чүү тусгаар тогтнолтойгоо залгасан бид энэ дэлхий дээр дахин шинээр мэндэлсэн Аавын хайрт удам залгах цорын ганц хүүтэй адил юм. Өнөөдөр уйгур курд палестинчууд эхийн хэвлийд дунших хүүхэд мэт дэлхийн хэвлийгээс амьд төрөх эсэхээ мэдэхгүй тусгаар тогтнолынхоо төлөө зуу зуун жилээр тэмцэлдэн байлдаж байхад Баруун, Зүүн, Орос Америк нь ч ялгаагүй тэднийг зөвхөн өөрсдын явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэхэд ашиглаа л хаях нь хөөрхиийлэлтэй.

Улс орны тусгаар тогтнол гэдэг нь тэр бүр үндэстэнд олдоод байдаггүй, азаар биш заяагаар өгөгдөх Бурханы ивээл юм. Yүний учрыг гадарлах бидний өвөг дээдэс маань 800 жилийн өмнөх сүр хүчээ санагалзан шинэ эмзэг тусгаар тогтнолоо ямар ч үнэ цэнээр хамаагүй (социализм коммунизмын материал техникийн бааз байгуулна энэ тэр гэж дүр эсгэх ч энүүхэнд) Сталиныг долоох шахам байж, дохио зангаа бүрийг нь ёсчлон гүйцэтгэж байж, долоон зуун сүм хийдээ ламтай хүйтэй шатаасан ч яахав байж баталгаажуулах нь гол нь чухал гэдгийг ухаарсных. Эс тэгвээс биднийг Манж-Го, Дорнод Туркестан, Оспан батырын тавилан хүлээж байгааг Монгол түмний заяа шивнэх шиг.

Өнөөдөр бид Монгол Финланд Куба зэрэг олон улс түмнийг дарлалаас чөлөөлсөн хорьдугаар зууны дэлхийн коммунизмыг харааж ерөөх ч яахав, харин хойч үедээ тусгаар тогтнолыг асар үнэ цэнээр авчирсан ардын хувьсгал ахмад үе үндэсний лидерүүддээ талархаж нэр төрийг нь сэргээж хөшөө дурсгалыг нь мөнхжүүлэх нь арай үнэнд нийцэх болов уу. Ямартаа ахмад үе маань Асар их үнээр олсон аз жаргалаа хайрлаж яваарай хэмээн захиж, дуугийг нь хүртэл биднээр жар далаад онд сумын бага сургуулийн дотуур байрны оройн тоон дээр үдэш бүр дуулуулж сургаж байсныг би тод санах юм.

Бид Хүннү Сүннү хоёр гурван мянган жил гэж цээжээ дэлдэлгүй л яахав, харин энүүхэн хорин нэгэн онд ардын хувьсгалын ачаар олсон бидний тусгаар тогтнол ямар утга учир үнэ цэнэтэйг гүнзгий ухаарч түүнийгээ нүдний цөцгий мэт хайрлаж, үеийн үед Монгол Улс оршин тогтнох нь төрийн өндөрлөг, түүнд ажиллагсад, монгол хүн бүрийн эрхэм зорилго төдийгүй аливаа зөвийг дэмжиж түгээж соён гэгээрүүлж байх нь зүйд нийцэх болов уу. Нийт үндэстний ядаж арваны нэг нь зөв байж, тэдгээрээс улс орны ганц ч болов зөв лидер төрж үндэстнээ залуурдаж байваас тухайн үндэстэн наанадаж зуун жил оршин тогтнох хамгийн доод шалгуур гэсэн бичигдээгүй хууль ч бий гэх.

Дээр үед бидний мэдэх одоогийн арабын нутаг дээр Вавилон хэмээх дэлхийн хүчирхэг гүрэн байж омог бардам ч, ухаан мунхаг эзэн хаан, үйлс урагшгүй эрхэлсэн түшмэд, өнгө мөнгөнд баригдсан Вавилон хотын суугчдаасаа болоод ганцхан шөнийн дотор хоёр хөршдөө дундуураа тас татагдан хуваагдан эзлэгдэж бүрмөсөн сөнөж байсан түүх байдаг. Вавилон гүрэн газрын хөрснөөс үүрд арчигдаж, тухайн үедээ дэлхийн хамгийн баян тансаг үзэсгэлэнт гэгдэж байсан нийслэл хотынх нь тууринд өнөөдөр зөвхөн уйл шар шувуу үнэг хярс цөөвөр чоно л үүрлэх болтлоо гэсгээгджээ.

Монгол үндэстэн устаж үгүй бололгүй хэдэн мянган жилийн турш оршин тогтнож ирсэн нь байгаль дэлхийгээ дээдэлж түүнийхээ ааш араншинг танин мэдэж дасан зохицсон амьдралын хэв маягтай дэлхий дээр цорын ганцаараа тэсэж үлдсэн нүүдэлчин онцлог ахуй сэтгэхүй гүн ухааныг агуулсан нүүдлийн соёл иргэншлээ хадгалан авч үлдсэнтэй  салшгүй холбоотой.

Гэтэл зах зээл уул уурхай хүн амын төвлөрөл хотжилт цөлжилт цаг уурын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр монголын нүүдлийн соёл иргэншил сүүлийн жилүүдэд гүнзгий өөрчлөлтөнд орж төрөөс уул уурхай эрчимжсэн мал аж ахуйг хөхүүлэн дэмжих, малчид био химийн бордоо эм тариа вакцин өргөнөөр хэрэглэх, ашиг хонжоо хайн тооны хойноос хөөцөлдөх, эрдэмтэд мал ургамалыг генетикийн өөрчлөлтөнд оруулах, малыг эрлийзжүүлэх, залуучууд хөдөөнөөс зугатаах, уламжлалт нүүдлийн соёл иргэншлээ үгүйсгэх өөрчлөх хялбарчлах мартагнах зэргээр монгол даяараа дэлхийн нийтлэг хөгжлийн чиг хандлага иргэншил руу хошуурч эхэлсэн нь аюул.

Дэлхийн олон улс орнууд нийтлэг соёл иргэншлээрээ нэгдээд холбоо байгуулаад өөрсдийн  үндэсний язгуур эрх ашиг, хилийн халдашгүй дархан байдал, бие даасан байдал гэх мэт тусгаар тогтнолынхоо үнэт зүйлсээ нэгдсэн холбооныхоо нийтлэг эрх ашигт нийцүүлэн тавиад туучихаад байгаа өнөө үед хоёр хөрш болон дэлхийн соёл иргэншлээс тэс ондоо, зөвхөн монголчуудад байгалиас заяасан, байгальд хамгийн ээлтэй, монголчуудаас өөр хэн ч амьдарч чадахааргүй, дэлхийд ганц нүүдлийн соёл иргэншил  бол биднийг шинэ колончлолын холбоо эвслээс хамгаалах Монгол Улс  үеийн үед туурга тусгаар бие даан оршин тогтох хамгийн гол дотоод хүчин зүйл мөн. Хэдийд ч дуусаж зогсож дампуурч мэдэх уул уурхай бус харин хэзээ ч үл тасрах монголын унаган байгаль нүүдэлчдийн соёл Цайны замыг нүдээр үзэж биеэр тэмтрэхийг шохоорхон өвөл зунгүй хөврөх дэлхийн жуулчдын цуваа, экспортонд гаргах эко ХАА бүтээгдэхүүн нь эдийн засгийн бие даасан байдлын чухал хүчин зүйл болно.

Монгол Улсын тусгаар тогтнолын гадаад хүчин зүйл нь аалзны торон  бодлого бөгөөд 1921 онд их газраас тасарч таазнаас зүүгдсэн аалзны ганц тороор /хойд хөрш/ дамжин бид өнөөдөр дэлхийн 190-ээд улстай дипломат харилцаа тогтоосноор хязгаарлагдалгүй цаашлаад өрнө дорно хоёулаа монголоор дамжих хийн хоолой төмөр замгүйгээр хэцүүдэх, Өмнөд Солонгос Япон Хятад нь ч монголын цөл дахь эрчим хүчнээс хамааралтай болох, НҮБ түүний төрөлжсөн байгууллагууд нь Монгол дахь ар тал ложистик төвгүйгээр үйл ажиллагаа нь зогсонги байдалд орох зэрэг гадаад ашиг сонирхолын аль болох олон торон сүлжээгээр холбогдон  ахиж хэзээ ч их газар дээр унахгүй дээд таазнаас улам ихээр зүүгдэн зууралдах нь  аалзны торон гадаад бодлогын агуулга мөн чанар оршино. 

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБаян-Өлгий аймгийн хоёр иргэн тарваган тахал өвчнөөр өвчлөөгүй болох нь тогтоггджээ
Дараагийн нийтлэл Сахарын элсэн цөлд хамгийн эртний мангасууд хэдэн зуугаараа олджээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү