Чойжоо улс төрд орж, углуургатай улстөрчийн халаас, халаа сэлгээ болоогүй бол...

.

   Ийм нэгэн залуу бий. Хонгил дундуур дураараа туучиж, хана хэрэм, хаалга үүдийг нь босголцсон гэж ойлгодог. Хэн дуртай аавын хүүд олддоггүй байрлал сайтай газар, ашигт малтмалын орд, тэр ч байтугай цагтаа Сангийн сайдын сэнтий түүнийх байсан. Гэхдээ хүмүүс Чойжоог төрийн түшээ гэдгээс нь илүү бизнес эрхлэгч, "Хурд" грүппийнх гэдгээр нь мэддэг. Төр, бизнес хоёр түрийдээ багтаж, түрийвчээ нэгтгэсний нэг илрэл ч биз. Өнөөдөр тэрээр "Намайг улс төрд байгаа болохоор ингэж дарамталж, хохироож байна" гэж ярьж байна.

   Яг үнэндээ Чойжоо улс төрд орж, углуургатай улстөрчийн халаас, халаа сэлгээ болоогүй бол Төв цэнгэлдэх тойрсон газар, Дунд гол орчмын газар, Тост тосон бумбын нуруу түүнийх болохгүй байв. " Тост тосон бумбын нурууг надаас авсан тэр залуус хохирч байна" гэж бас дуугарлаа. Дэлхийд ховордсон ан амьтан, ургамлын зүйл аймагтай энэ нурууг Чойжоо өөрөө Монголын ард түмнээс яаж, ямар өртгөөр авсан нь ч бас тавих л ёстой асуулт. Чойжоо бол нэг л жишээ. "Хамгийн сүүлчийн хөрөнгө оруулагч Монголоос гарахад, хамгийн сүүлчийн уурхайчин уурхайгаа орхиход..." гэж ирээд л өмгөөлөх хүмүүс ч байна. Чойжоогийн лицензийг цуцаллаа гээд Монгол Улс цаашдаа орд газруудаа, ашигт малтмалаа ашиглахгүй гэсэн үг биш. Үүнийг ялгаж салгаж ойлгох цаг ирсэн байна.

   Чойжоо Монголын уурхайчид, уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, за тэр байтугай гаднын хөрөнгө оруулагчдын нүүр царай, дүр төрх, төлөөлөл ерөөсөө ч биш. Яаж анх тэр орд газрыг авсан, яг тэр замаараа алдлаа. Яг үнэндээ олонх орд газруудынхаа ямар үнэ өртөгтэй, ямар байгалийн үнэлэмжтэй гэдгийг нь ойлгож ч амжилгүй, тооцоолж ч мэдэлгүй, тэр байтугай хэн яагаад ухаад байгааг нь ч асуух эрхгүйгээр шударга бусаар гадаад дотоодынхонд тавиад туучихсан ард түмэн, ардын төр шүү дээ. Стратегийн орд газруудаа хэзээ, хэрхэн, хэнтэй хамтарч ашиглах вэ гэдгийг төр ч, түмэн ч ойлгомоор байна. Түүнээс биш нэг хонгилыг нурааж, нөгөө хонгилыг босгохын тулд үүнийг хийгээгүй гэдгийг цаг хугацаа, за тэгээд сонгогчдын сонголт харуулна.

   Дараагийн дөрвөн жилд нөгөө тал ялчихаад Тост тосон бумбын нурууг дахиад л Чойжоод өгч, Сумъяабазар тушаал гаргаж, нөгөө талд нь Хүрэлсүхийгээ барьж хорьж шалгаад байвал хэцүү. Хонгилоос хонгилын хооронд шилжих хөдөлгөөн гэж нэрлэхээс өөр аргагүй. Энэ шилжилт ямар тойргоор, хэр давтамжтайгаар үргэлжлэхийг таах аргагүй. Энэ нурууг 2014 онд орон нутгийн, 2016 онд улсын тусгай хамгаалалтанд авсан боловч 2017 онд ганц Чойжоогийн компанид харъяалагдах хэсгийг чөлөөлж, ашиглах эрх олгож байжээ.

   Энэ удаа Тост тосон бумбын нурууны орд газрыг ашиглах Чойжоогийн лицензийг цуцалж, өөр хэн нэгэнд нүд чихнээс далд шилжүүлэлгүй, төрийн тусгай хамгаалалтанд авсан нь Хүрэлсүхийн Засгийн газрын үзэл баримтлал, зорьж зүтгээд байгаа зорилгыг ил тод болголоо. Тэгэхээр би " Хамгийн сүүлчийн уурхайчин хүрзээ орхиход..." гэж нөхцөл байдлыг зориуд гуйвуулж, олон нийтийг тархидмааргүй байна. Харин,
Хамгийн сүүлчийн олигарх ордноос явахад
Хамгийн сүүлчийн луйварчин төрөөс зайлахад
Хамгийн сүүлчийн хуйвалдагч хэргээ хүлээхэд
Хамгийн сүүлчийн авлигач оймсоо тайлахад Монголын төр зөв зам дээр бат зогсож чадсан байх болно гэж л итгэж найдаж сууна даа.

Р.Эмүжин

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0