В.Путиний Монгол дахь айлчлалыг дэлхийн хэвлэлүүд онцолж байна

hi

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр манай улсад дөрөв дэх удаагаа айлчилж буй нь энэ юм. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний айлчлалтай холбоотой гаднын хэвлэлүүдэд гарсан нийтлэлээс хөрвүүлэн хүргэж байна.

TASS:Путиний айлчлал стратегийн хувьд хоёр улсад аль алинд нь чухал

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчлах үеэрээ тус улсын  Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзаж, хоёр орны хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулна. Тэгвэл Ерөнхийлөгч Путиний Монголд хийж буй айлчлалыг Азийн орнуудтай харилцах гадаад бодлогоо идэвхжүүлэх зорилготой гэж үзэж буйгаа “Валдай” хэлэлцүүлгийн клубын тэргүүн Тимофей Бордачев “TASS” агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр “Монголын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад гурав дахь удаагаа оролцсон. Евразийн бүс нутагт Монголын үүрэг оролцоо маш чухал. Путиний айлчлал стратегийн хувьд хоёр улсын хувьд аль алинд нь маш чухал. Нөгөө талаас Монгол бол манай хөрш. Үүнийг бид  дотроо үргэлж санаж явах хэрэгтэй. Түүнчлэн энэ удаагийн айлчлал Ази дахь холбоо сүлбээгээ идэвхжүүлж, тус тивд гүйцэтгэж буй үүрэг ролио харуулах зорилготой ч гэж харж болох юм” гэжээ. Ерөнхийдөө шинжээчид Путиний Улаанбаатарт хийж буй айлчлалыг урт хугацааны турш төлөвлөж байсан айлчлал хэмээгээд АНУ, Монгол Улстай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь Путиний Монголд айлчлах болсон шалтгаан биш гэдгийг онцолжээ.

Еurasiantimes: ОХУ Монгол Улстай хүчтэй холбоо тогтоохын тулд чамгүй хүчин чармайлт гаргаж байна

Хоёр улс стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар ОХУ болон Монголын харилцаа амжилтад хүрнэ гэж Монголын нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа Владимир Путин онцолжээ. Хоёр улсын харилцаа ЗХУ нуран унатал тогтвортой байсан ч ЗХУ задарсны дараа ОХУ-тай хийх худалдаа 80 орчим хувиар буурч, Монгол Улсын хувьд Хятадын нөлөө эрс нэмэгдсэн. Гэсэн хэдий ОХУ бүс нутгийн байр сууриа дээшлүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд Монгол Улстай хүчтэй холбоо тогтоохын тулд чамгүй хүчин чармайлт гаргаж байна. 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анх удаа Монгол Улсад айлчилж байв. Харин 1974 онд Леонид Брежнев айлчилж байлаа.

Tert.am: ОХУ, Монголын худалдааны эргэлт 11 хувиар өсч 800 сая ам.доллар болжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос, Монголын хамтын ажиллагаа өргөн цар хүрээ хамардаг гэдгийг онцлоод “Улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спортын салбарыг хамарч байна” гэжээ. Тэрбээр өнөөдөр Улаанбаатарт албан ёсны айлчлал хийж байгаа юм. Кремлээс гаргасан статистик мэдээнд дурдсанаар, өнгөрсөн онд Орос, Монголын худалдаа 21 хувиар өсч, 1.65 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түүнчлэн энэ оны эхний зургаан сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлт 11 хувиар өсч 800 сая ам.доллар болжээ.Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр Монголын 500 оюутанд тэтгэлэг олгодог гэдгийг онцолсон байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0