Б.Оюунсанаа: Улсын хэмжээнд хоёр суманд бага хэмжээгээр самар түүхийг зөвшөөрсөн

hi

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын 2019 оны наймдугаар сарын 28-ны өдрийн А/463 дугаар тушаалаар 2020 оны есдүгээр сарын 1-н хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хоригложээ. Энэ талаар  БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаагаас тодрууллаа.

-Самар түүж бэлтгэх хугацааг ирэх жилийн есдүгээр сар хүртэл хориг­лосон  гэлээ. Хориг тавих болсон шалтгаан нь юу вэ?
-Самрыг тодорхой баллаар үнэлгээг нь гаргадаг. Өөрөөр хэлбэл, самрыг ойн хэрэм, баавгай гэх мэт ан амьтан хоол тэжээлээ хийдэг. Самар ердийнхөөс их хэмжээгээр үр өгдөг жилийг их  үрийн жил  гэж мэргэжлийн хэллэгээр хэлнэ. 2018, 2019 оны хувьд их үрийн жилийнхээ бууралтын үед явж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хуш модны хувьд 3-5 жилийн хугацаанд их үрийн жил байгалийн зүй тогтлоороо үргэлжилдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ цикл алдагдаж, байгалийн зүй тогтол нь үгүй болсон гэсэн  үг. Заримдаа 7-8 жил,  эсвэл жил  дарааллан гэх мэтчилэн алдагдах болсон. Самар түүж бэлтгэхэд хориг тавих бол­сон шалтгаан нь энэ.

-Зүй тогтол алдагдах болсон шалтгаан нь юу вэ?
-Мэдээж уур амьсгалын нөлөөлөл,  орчны өөрчлөлттэй холбоотойгоор зүй тогтол алдагдаж байгаа. Нөгөө талаас иргэдийн буруутай үйлдлээс шууд хамаарна. Иргэд самар түүх гэж модыг маш хүчтэй цохиж шалбалдаг. Цохих тусам тухайн самрын модонд микро организм шигдэж, бактери үүсгэдэг. Мод 3-5 жилд их үрээ өгдөг байсан бол эрүүл  бус болсноор 7-8 жил болж байж тэнхэрч байна. Сайн боловсорсон үед  багахан доргиоход самар өөрөө унадаг. Гэтэл иргэд болц гүйцээгүй байхад хүчтэй цохиж гэмтээ­дэг. Иргэд л хандлагаа өөрчлөх хэрэгтэй.

-Ахуйн зориулалтаар самар түүх зөвшөөрөл  олгоно гэж мэдээлэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Байгалийн өөрийн хэрэгцээ буюу амьтдыг хоол хүнсээр хангахаас гадна,  нөхөн сэргээлтээ хийхийн тулд мод үрээ цацаж байгаа шүү дээ. Энэ бололцооноос давсан их үрийн жилд самарыг эдийн засгийн эргэлтэд  оруулж, ашиглалтын тодорхой зөвшөөрөл олгодог. Энэ жилийн хувьд, хушин ой ургадаг аймгуудад судалгаа хийсэн. Судалгаанаас үзэхэд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумдад ахуйн зориулалтаар самар түүхийг зөвшөөрсөн. Энд хоёр төрлийн ойлголт бий. Нэг нь үйлдвэрлэлтийн зориулалтаар буюу их хэм­жээ­гээр,  нөгөө нь ахуйн хэрэг­цээнд  буюу иргэн 25 кг хүртэлх хэм­жээгээр түүхийг  хэ­лээд бай­гаа юм. Ахуйн хэрэг­цээнд түү­сэн тохиолдолд даа­цад нөлөө­лөх­гүй гэдгийг судалсан юм.

-Ахуйн хэрэгцээндээ түүх зөв­шөөрлийг хэрхэн авах вэ?
-Холбогдох зөвшөөрлөө тухайн орон нутгаас аваад, уулнаасаа бууж ирэхдээ шалгуулах ёстой. Хоёр  аймгийн хоёр суманд ахуйн хэрэгцээт самар түүж болно гэсэн ч, тэнд их ургасан гэж ойлгож болохгүй.

-Бусад  аймгийн тухайд?
-Бусад аймгуудад ямар ч бололцоогүй. Магадгүй хуш модонд самар харагдаж болно. Тэрийг харангуутаа “самар байна” гэж ойлгож болохгүй.  Энэ жил  ховор гарсан учир самраар хооллодог амьтдын идэш  тэжээл хомсдох аюулд хүрнэ. Судалгаанаас үзэхэд, баавгай идэш тэжээлийн дутагдалд  орж хээр тал,  суурин  газарт гарч ирэх  тохиолдол энэ намар 10 гаруй бүртгэгдсэн. Энэ нь баавгай идэш тэжээлийн дутагдалд орчихсон  байна гэдгийг харуулж байгаа юм. Баавгай ойн олон төрлийн идшээр хооллодог ч, яах аргагүй гол иддэг зүйл нь самар.

-Хяналтыг хэрхэн тавьж байгаа вэ? 
-Энэ талаарх мэдээллийг тухайн орон нутаг дахь Байгаль орчны улсын байцаагч, Мэргэжлийн хяналт,  цагдаа, нэгдсэн ажлын хэсэгт самартай холбоотой болон, байгаль орчны эсрэг гэмт хэргийн талаар мэдээлж болно. Эдгээр байгууллагууд ч хянаж ажиллаж байна. Мөн байгаль орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх урамшууллын журмыг боловсруулж байгаа юм. Ингэснээр иргэдийн мэдээллиийн  дагуу даруй арга хэмжээ авах зэргийг эрх зүйн талаас нь зохицуулж байгаа хэрэг. Ойрын хугацаанд бусад яамдад саналаа оруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх байх. Байгаль орчин, мэргэжлийн хяналтын  байцаагч,  цагдаа нар бүгд  уулын амаар  ажиллах  боломжгүй учир харилцан бие биедээ шаардлага тавих механизмыг  бий болгох шаардлага хэдийнэ бий болжээ.

-Заасан хэмжээнээс их буюу ашиг олох зорилгоор самар түүсэн иргэнд ямар хариуцлага тооцох  вэ? 
-Өөрийнхөө хэрэглээнд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл самар түүж болно. Хэрэв 25-аас илүү түүвэл үйлдвэрлэлийн зориулалтаар түүсэн гэсэн үг. Мөн ахуйн зориулалтаар түүчихээд дамлан худалдаж ашиг олохыг хориглодог. Энэ тохиолдолд хууль хяналтын байгууллага хяналтад авч, худалдан борлуулж буй самрыг ху­рааж авдаг. Цаашлаад Зөрч­лийн тухай хуулиар аж ахуй нэг­жийг 3000 нэгжээр, ир­гэнийг 300 нэгжээр торгоно. Мөн тээврийн хэрэгслийг нь хураа­на гэж журманд зааж өгсөн.

-Нөгөө талаас самар түүж, түүнийгээ борлуулах нь зарим иргэдийн амжиргааны эх үүсвэр болж байгаа шүү дээ? 
-Тийм. Гэхдээ  байгаль самраа өгөх нь тодорхой хугацаатай, циклтэй. Байгалийн үр шимийг бид зохицуулахгүй. Ойн зэрлэг амьтадтай булаацалдаж, үлдсэн жоохон самрыг нь битгий түүгээрэй гэж хэлмээр байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0