Мэргэн ухаан...

hi

Мэргэн ухаан гэж хүн мэдлэг туршлагадаа тулгуурлан буруу зөвийг таних буян нүглийг ялгах хувь хүний чадвар юм. Мэргэн ухааныг оросоор мудрость англиар wisdom гэнэ. Та амьдралд хөлгүй цэнхэр далай дээгүүр алхлаад гарсан чиг л Энэ нөхөр огт сэлж чаддаггүй юм штээ аргагүй ээ хэмээн атаархах нэгэн байхад сэлэх нь бүү хэл гишгэлээд гарахыг хараад бахархах нэгэн бас бий. Ухаарал үгүйд хорсол тээх, ухаан үгүйд мулгуу загнах, амгалан үгүйд айдаст автах, Үнэн үгүйд үхэл орших хүмүүн биеийг зөв замд нь хөтлөн оруулж авралд хүргэх увидас мэргэн ухаанд л бий.

Эртээ урьдын цагт Бурхан нэгэн сонгосон хөвүүнээ янзыг нь үзэж сорихдоо Чамд хаан ширээ эрх мэдэл алт мөнгө адуу мал авгай хүүхэд газар нутаг гээд юу дуртай хүссэн есөн хүслийг чинь өгье гэхэд хариуд нь Надад юу ч хэрэггүй ээ харин ганцхан мэргэн ухааныг л өгөөч хэмээн гуйн авч түүгээрээ дээрхи бүх зүйлийг ядах юмгүй олж энэ дэлхий дээрхи хамгийн цэцэн мэргэн хаанаар өдийг хүртэл өргөмжлөгдсөн түүхтэй. Ямартаа, нэг удаа манцуйтай жаахан хүүг минийх минийх хэмээн булаалдах хоёр эмэгтэй шат шатны шүүх дамжин маргалдсаар сүүлдээ энэхүү хааныхаа өмнө зарга мэдүүлэхээр ирэхэд хаантан Хэрвээ та хоёр чин шударгаар учраа олж чадахгүй бол би хүүгийг тань тэг дундуур нь та хоёрт хуваагаад өгье хэмээн хурц сэлмээ сугалан ухасхийхэд нэг нь Тэг тэг хэмээн хээвнэг бардам хэлэхэд харин нөгөө нь Хаантан минь энэ хүүг бүү алаач харин түүний оронд худлаа хэлсэн намайг цаазлаад энэ хүүг амьд үлдээгээд энэ эхэд нь өгөөч хэмээн өвдөг сөхрөн уйлан хайлан гуйхад суут цэцэн мэргэн хаан Хэн нь хэн бэ гэдгийг мэргэн ухаанаараа ядах юмгүй танин мэдэж өвдөг сөхрөн уйлах жинхэнэ эх болох тэр эмэгтэйд хүүгийг нь авч өгчээ.

Манай монголын түүхэнд Мандухай цэцэн хатнаас өгсүүлээд мэргэн ухаант хаад ноёд хатад эмс бишгүй л бичигдсэн байдаг. Нэг удаа хаантны өргөөнд асар том тулган дээр адууны мах чанаж буй харц боол галч-тогооч, тогоотой махны сайхан үнэрт ходоод гэдэс нь хонхолзож хорхой нь хүрч өлсөхийн хирээр хааны нүдийг хариуллаа гэж санаад халуун тогоон дээр буцалж байсан адууны махнаас нэгэн хэсэг умс китааг улаан гараар ухасхийн шүүрч автал гай болж харамч хатан нь яах ийхийн зуургүй яг гаднаас орж ирэх тэр агшинд шаз халуунаар нь ханцуйндаа хийхийг харж амжсан хоймор суугаа цэцэн мэргэн ухаант хаан харц боолдоо хандан Гадаа гарч тэнгэрийн байдлыг ажихыг зарлигдахад тэрээр гэрийн гадаа баруун хойх нь гарч зогсон тэнгэр өөд залбиран Цэцэн ч хаан байна Цэлмэг ч тэнгэр байна Харам ч хатан байна Халуун ч китаа байна гэж хаандаа сонсогдохоор шүлэглэж ханцуйнаасаа умс китаагаа гарган үмхэлж байжээ.

Мэргэн ухаан нь түүнийг хайсан гуйсан хүн бүрт хаад ноёд харц ард ялгалгүй үнэ төлбөргүй өгөгддөг бөгөөд жирийн бидний өдөр тутмын амьдралд ч мэргэн ухаан ус агаар мэт чухал байдаг. Нэг удаа дээд тооны шалгалтаас халшрах дөрвөн оюутан залуу санаатайгаар шалгалтандаа хоцрон ирэхдээ Багшаа, машины дугуй хагараад хэмээн худлаа хэлэн толгойгоо маажихад За яахав, тэгвэл та нараас маш амархан ганцхан асуулт асуугаад дүнгийг чинь тавья хэмээн тохиролцоод танхимынхаа дөрвөн буланд нэг нэгээр нь буруу харуулан суулгаад Аль дугуй нь хагарсан вэ? гэсэн цаасан дээрх ганц асуултанд хэн ч зөв хариулж чадсангүй дөрвүүлээ бараг дөрвөн янзын хариулт өгч бүдэрчээ.

Мэргэн ухаант хүний үг үйлдэл нь өрөөлийн нүдээр харахад буруу юм шиг ч боловч үнэмлэхүй утгаараа зөв л байдаг. Тухайлбал, мэдэмхийн дунд ичимхий байж идэмхийн дунд цатгалан царайлж дарганцарын дэргэд чавганцар аядаж дайсанцарын дэргэд явганцар харагдаж бусдын төлөө өөрийгөө зольж буруутаны дунд өнчирч ганцаардахыг хэн хүсэх билээ, гэвч.

Манай нийгэмд ухаан санаа нь задгайрсан Баабар Цэнддоо гээд их сэтгэгч нар зөндөө бий. Цэнддоо бид бүүр далаад оны сургуулийн дотуур байранд талх маслоо хувааж идэж байсан гарууд. Бид хоёр хар багын явдлаа бурсан шигээ буу халж байх хооронд гаднаас миний танил мэдэмхий нэгэн орж ирээд яриа таслан дундуур орж ирээд л ядаж Цэнддоогийн сайн мэддэг улаан тарианы үеэс авхуулаад өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй байгаа бүхий л асуудлыг хольж хутган бүлт бүлт авахыг төсөөл дөө. Найз маань ч яахав юм үзэж нүд тайлсан хүний хувьд ичимхий царайлан дуулгавартайхан сонсож сонсож байснаа гараад явсны дараа энэ чинь нэг зүс үзсэн хүн байх чинь хэн билээ хэмээн мань эр асуухад яагаав нөгөө Төрийн шагналт их мэдэгч Цэнддоо шүү дээ гэтэл толгойгоо шаан ичиж зовсон тэр цагаас хойш ахиж мэдэмхийрэхээ болих нь ичимхий царайлснаараа нэг ч гэсэн хүнийг ухааруулж байгаа юм.

Идэмхийн дунд цатгалан царайлах гэдэг нь жишээлбэл, сонгуульд дэмжих нэрээр хэн нэгэн хүмүүс хууль бус хандив өгөх ч юмуу, эсвэл Казиногийн хуулийг зүтгүүлж батлуулсаны шанд тарааж буй боодол боодол ногооноос өлөн нүдээр гишүүд бүгд л хоёр хоёр мянган ногоон суйлаад байх ч юмуу, аль эсвэл ард түмний баялган дээр авилгалчид алалцах ч юмуу гэх мэтийн аливаа буруутануудын үйлдэлд өчүүхэн ч хутгалдалгүй, өнчирч ганцаардсан ч хамаагүй Үгүй ээ гэж хэлээд цатгалан царайлаад цайны газар саалийн үнээ Эрдэнэст толгодоос ч холхон очоод зогсчих нь зөв. Аливаа юмс үзэгдлийн буруу зөвийг таних чадвартай таны иймэрхүү үйлдэл бүхэн чинь ус чулууг илээхийн адил он цагийн аясаар олон хүмүүсийг шударга үнэний замаар шуудрахад тус дэм үлгэр жишээ болно. Учир нь та хоног тутам булангийн дэлгүүрээс ариун цагаан хөдөлмөрөөрөө авсан амтат талхаа гурав хуваан(аав ээж, үр хүүхэд, өөрсдөө) өдөрт нь зооглодогын адил хором тутам бие сэтгэлээрээ тарьсан үрээ мөн дөрөв (эхнэрээ оруулаад) хуваан хувь заяасаа хэдэн үеэр нь газар тэнгэрт дархлаж байдгийг ялгаж салгах мэргэн ухаант.

Ууртай уцаартай ухаан мулгуу ихэмсэг дарганцартай зөрөлдөх нь бүү хэл урьдах ажлыг нь ч урдуур нь ороод уургын морь шиг ухас ухас хийн сайн санаагаараа барьж аваад хийгээд л байгаарай. Удахгүй таны мэдлэг чадвар местэн дээрээ ч багтахаа байгаад боссын аманд орох байсан шар тос, алдар хүндлэл, эрх мэдэл танд дээр асгараад та лидер болоод ирэхийн цагт харин улам л ухаарч бөхөлзөөрэй. Эс тэгвээс манжийн амбанцарын түүхийг сануулахад илүүдэхгүй бизээ. Манж хүн бол тэнгэрээс заяасан тул хар ажил хийх ёсгүй, эмс хатдыг ч инж төлөхгүй авах ёстой, өөрийн гэсэн зарц хамжлагатай өндөр цалин пүнлүүтэй зөвхөн дарга байх ёстой гэх зэргээр эрх ямбаа бүүр хуульчлан дархалж монгол хятадын тоо томшгүй олон хот суурин тосгодод толгой дарганцар амбанцараар томилогдон суурьшаад ухаарч сэхээрэлгүй ууж идэж наргиж цэнгэсээр байгаад өөрсдийгөө төдийгүй үндэстэн хаанчлалаа дуусгавар болгосны хариуд харин хятад монгол хоёр улс зуугаад жилийн өмнө манжийн дарлалаас зэрэгцэн тусгаар тогтнож өнөөдрийг хүртэл цэцэглэн хөгжиж байгаа түүхтэй.

Дарганцар маань ямаан сахланд дургүй гэдгийг мэдсээр байж заавал гэдэнгийн нь хөдөлгөж байхаар сахлаа хусчихаад өрөөнд нь орвоос ядаж гартаа барьсан өргөдөл дээрээ гарын үсэг зуруулаад л гарна гэсэн үг. Энэ нь долигнож байгаагийн шинж биш ямарч хүний үзэл бодол, албан тушаалыг нь хүндэтгэж байгаа таны зөв үйлдэл бөгөөд та өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд ч тус дөхөм болж байгааг харах болно.

Дайсанцар нь долоо уулын цаадахь таньж мэдэхгүй хэн нэгэн бус, харин дотны голдуу нэг анги хамт олон ажлын газрын хэн нэгний хор шарнаас эхлээд авааль эхнэр нөхөр хоёрын үг үйлдлээс ч цухалзана.

Хар багаасаа л цуг цэцэрлэгт явж сургууль сурч армид ч хамт алба хаасан унаган багын хоёр сайхан найзууд цэргээс ирээд хотоос зайдуухан хөрш зэргэлдээ газар аван бие биенээ хамжин байж нэг нэг палкан байшин барин эхнэр хүүхэд ч аван амьдралыг цэцэглүүлж эхэлж. Харин цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөх тутам хоёр найзууд ургасан ургацаараа, төрүүлсэн үрсээрээ, авсан анжис трактор машинаараа, сайжруулж томруулсан байшингаараа нэг л мэдэхэд аажим аажмаар өрсөлдөж эхэлсэн байлаа.

Сүүлдээ бие биенийхээрээ орж гарах нь битгий хэл мэндлэхээ ч больж, хүүхдүүдээ ч хооронд нь тоглож уулзахыг хориглож, бүр сүүлдээ нэг нь мэдлийн газрынхаа дундуур намхан хайс татахад, нөгөөх нь маргааш нь гүнзгий шуудуу татсан байлаа. Гэсэн ч хоёр айлын юмны учир мэдэхгүй жоохон хүүхдүүд хайс даван шуудуу гатлан уулзаж тоглосоор л байв. Yүнд уур нь хүрэх нэг нь талбайнхаа усыг шуудуу дундуур гүйлгэн тэдний тоглох замыг хаалаа гэсэн чинь тариа ногоо нь усаар дутагдаж тэр жил бараг ургац ногоо авсангүй.

Харин нөгөө найзынх нь ургац нь халиурч, орлого нь бурзайж өдөр бүр харагдах шинэ байшин арвин ургац машин техник нь ярайгаад л.., бүүр харахаас дургүй хүрээд.., дахиад харахыг ч хүсмээргүй байх тул шуудууныхаа наагуур дахиад хоёр метр өндөр хана барихаар шийдэн хэдэн машин банз худалдаж аван мужаан залууд захиалгаа өгчихөөд, өглөө хот хүрээ руу ажил төрөл хөөцөлдөхөөр яваад өгч. Хоёр нөхрийн учир начрыг эртнээс гадарлах мэргэн ухаант мужаан эр өгсөн бүх банзаар хэдэн метр өндөр хашаа барихын оронд хөлгүй гүнзгий шуудуун дээр нь маш сайхан гүүр бариад орхиж.

Орой хоёр гэрийн эзэд уурлах гайхах зэрэгцэн хоёр талаасаа гүүрэн дээр ирэхэд мужаан маань гүүрны гол дунд дөлгөөн сайхан харцаар хоёр тийш инээмсэглэн тэр хоёрыг уулзуулахаар хоёр гараа тэдэн руу сунган зогсож байлаа. Мань хоёр хөрш ч эхлээд мэл гайхсанаа аажим аажмаар бие биедээ ойртон нэг л мэдэхэд гүүрний голд гар гараа барин бие биеэ тас тэвэрсэн байлаа. Тэр хоёрыг ингэж байхыг харсан ар гэрийнхэн мөн л хоёр талаасаа аль хэдийн ирж ялангуяа эхнэр хүүхдүүд нь уулзалдан бөөн баяр хөөр болж байгааг харсан хоёр эрийн сэтгэл дэх атаа хорслын бул чулуу хоромхон зуур хайлж, ухаарал гэмшил инээд баясал тэдний зүрх сэтгэлийг дахин эзэмдэж, унаган багын найзууд насан туршдаа хэвээр үлджээ.

Өнгө мөнгөний хорвоогоор үнэ төлбөргүй тэнүүчлэх Үнэн үг мэргэн ухааныг өмчлөөд авсан цагт та өвч хуягласан цэрэг мэт өөдөөс довтлох хэл ам хэрүүл маргаанаас эхлээд зүсэн бүрэн орк зүйлээс ч зүү орохооргүй хамгаалагдан үйлдэл бүрт нь таарсан ухаалаг цохилтыг өгч хорсол шунал бардамнал хар буруу санааны хана хэрмийг нураан атаа жөтөөны гаталж баршгүй суваг шуудууг ч булж эвдрэгч нөхөддөө хүртэл эвлэрүүлэгч-гүүр болдог увидастай.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0