“Дэлхийн хүй Монголоос” хэлэлцүүлэг боллоо

hi

Байгаль орчны тѳлѳѳ санаа тавьж ажилладаг төрийн бус байгууллагууд,  эрдэмтэн судлаачид, хувь хүн, залуучууд нэгдэж “Дэлхий хүй Монголоос” уриан дор уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Байгаль орчны чиглэлээр ажилладаг байгууллагууд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, үйл ажиллагаагаа уялдуулах болон байгаль орчинд ээлтэй хууль эрх зүйн орчинг бий болгоход хувь нэмрээ оруулах, олон улсын байгууллагатай хамтран ажиллах зорилготой зохион байгуулагдаж буй тус хэлэлцүүлэгт  “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” болон “Онги голынхон хөдөлгөөн”-ий тэргүүн Ц.Мөнхбаяр, “Чинагийн Галсан сан”-ийн тэргүүн Г.Галтайхүү, “Босоо Монгол” ТББ-ийн тэргүүн П.Шинжээравдан, “Их Цааз” төслийн санаачлагч Б.Батсайхан, “МИКА Монгол” ТББ-ийн тэргүүн Б.Цогзолмаа тэргүүтэй хүмүүс оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсээс хариуцлагагүй уул уурхайг халах, Монгол орны эко систем, гол мөрний сав газрууд болон ойн санг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байгааг хэлж гарах гарц, шийдлийг хэлэлцсэн нь үр дүнтэй байлаа. Мөн иргэд, сургуулийн насны хүүхдүүд, оюутан залуучууд байгаль орчны талаарх мэдлэг дутмаг байгаа нь бага дунд болон их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт эх дэлхийн байгаль орчны зүй тогтол, мөн чанарыг агуулсан хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж сургалтын цагт оруулах шаардлагатай байгааг эрдэмтэд болон байгаль орчны төлөө олон жил сэтгэл зүрхээ зориулсан хүмүүс онцлов.

“Чинагийн Галсан сан”-ийн тэргүүн Г.Галтайхүү:

Байгаль орчин, экологийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс нэгдэж олон удаа уулзаж ярилцсаны эцэст бид хамтарч, нэгдэж ажиллавал илүү үр дүнтэй юм байна гэдэг дээр санал нэгдээд өнөөдөр албан ёсны өргөн хүрээний уулзалтыг зохион байгуулж байна. Өнөөдөр олон улс оронд Засгийн газар болон олон нийтийг хамарсан “Friday for the future” буюу “Ирээдүйн төлөөх баасан гариг” гэсэн хөдөлгөөн өрнөж дэлхий даяар байгаль экологийн чиглэлээр нэгдэж эхэллээ. Үүнд бид ч нэгдэж эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж,  өөрийн улс орныхоо байгаль орчин, эко системийг хамгаалах, хадгалах чиглэлээр олон ажлуудыг зохион байгуулж, улс орон даяар байгаль орчноо хамгаалах хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөж байна. Хамгийн гол нь нам улс төрөөс ангид, хараат бус байж нийгмийн бүх хүрээнд, ялангуяа хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгох чиглэлээр нэгдэж ажиллах юм.

“Их Цааз” төслийн санаачлагч Б.Батсайхан:

Манай “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” улс төрд ямар нэгэн төлөөлөлгүйгээр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг өөрсдөө санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулж чадсан. Тэгэхээр бид цаашид байгаль орчин, эко системийг хамгаалах хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох ажлыг ямар нэгэн улс төрийн нам эвслийн нөлөөгүйгээр хийж чадна.  Тиймээс өнөөдөр энэ уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, хувь хүн, залуучууд нэгдэж, олон улсын байгууллагуудтай хамтран ямар ч улс төрийн оролцоогүйгээр улс орон даяар эх дэлхийгээ хамгаалах хөдөлгөөнийг өрнүүлж ажиллана.

My clubbers”-Миний клубийн зохион байгуулагч Г.Оюунлхам:

Манай “My clubbers” нь мод тарих, залууст экологийн боловсрол олгох, байгаль орчноо хайрлан, хамгаалахаар 13 жилийн турш үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирсэн. Тиймээс өнөөдөр энэ хугацаанд хамтарч ажиллаж ирсэн байгаль орны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, хувь хүн, залуучуудыг урьж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ уулзалт хэлэлцүүлгийг хийсний үр дүнд энд ирсэн байгууллага, хүмүүсийн дунд маш үр дүнтэй хамтын ажиллагаа бий болох ач холбогдолтой юм. Уулзалтад оролцож буй олон хүмүүс эко системийн талаар нэлээд хөндөж ярьж байна. Тэгэхээр бид цаашид Монголын төдийгүй эх дэлхийн байгаль орчныг хамгаалахад юу хийх талаар тодорхой чиглэл гарах байх.

Уулзалтыг зохион байгуулагчид, оролцогчид Монгол орны эко систем алдагдаж, зайлшгүй анхаарлаа хандуулах, арга хэмжээ авах цаг болсныг онцолж байлаа. Мөн байгаль орчин тэр дундаа ус болон ойн сан, бэлчээрийн хууль эрхзүйн орчин дутмаг байгаа учир энэ чиглэлийн хуулийг боловсруулж, батлуулах ажлыг уулзалтад оролцогчид хамтран хийх аж. 

Тус хэлэлцүүлгийн төгсгөлд байгаль орчны төлөөх 20 гаруй байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд, залуучууд нэгдэн “Дэлхийн хүй Монголоос” нэртэй нэгдсэн холбоог байгууллаа. Шинэхэн холбоо цаашид “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” буюу олон нийтийн дунд урт нэртэй учир “Гол мөрний тухай хууль” хэмээн нэрлэгдсэн хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхэд, оюутан залуучууд, иргэдийн байгаль экологийн боловсролыг дээшлүүлэх, гадаад харилцаа хамтын ажиллагааг сайжруулах гэсэн гурван үндсэн чиглэлээр ажиллах юм.

Хаха 1 2 Таалагдсан 8 Гунигтай 1 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2