Монгол Улс хоёр дахь удаа саарал жагсаалтад орсон

hi

FATF буюу Олон Улсын Санхүүгийн Ажиллагааны Хяналтын Албаны 2019 оны 10-сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсыг “Саарал Жагсаалт“-д оруулсан. Парис хотноо болсон уг хуралдаанаар Монголоос гадна Зимбабе, Исланд зэрэг улсуудыг энэхүү мөнгө угаадаг, угаах магадлалтай, террорист ажиллагааг санхүүжүүлдэг эх үүсвэр байж болзошгүй, банк санхүүгийн тогтолцоо нь нууцлаг, сэжиг бүхий улсуудын жагсаалтад нэмэн оруулж үйл ажиллагааг нь олон улсын санхүүгийн тусгай хяналтад байлгахаар шийдсэн юм. Гэхдээ энэ нь Монгол улс анх удаагаа бүтэхгүй улсуудын жагсаалтад орж буй хэрэг биш бөгөөд Европын Холбооноос Монгол улсыг  “татвараас зугтаагчдын диваажингийн хар жагсаалт”-д ( black list of non-cooperative tax havens) 2017 оны 12 сарын 5-нд гэнэт оруулсан байдаг. Энэ нь тухайн үед 11 дүгээр сард Европын холбооноос Сангийн яаманд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын Глобал форум, BEPS төслийн  дагуу санхүүгийн ил тод байдлаа хангах, татварын орчноо сайжруулах үүргээ биелүүлэхийг хүссэн албан бичгийг хүргүүлж, дэд сайд Х.Булгантуяа, сайд Ч.Хүрэлбаатар нар ...энэ асуудал манайд хамаагүй ... гэх утга бүхий хачирхалтай хариу өгсөнөөс үүссэн гэгдэх нь бий. Саарал биш бүр хар жагсаалтад орсон Монголын Засгийн газар сандралдаж сайд, дарга нар нь олон улсын гэрээ, санаачилгад нэгдэн орсны дагуу бүхий л үүргээ биелүүлэх ам өчигөө өгсөнөөр сар гаруйхны дараа буюу 2018 оны 1 дүгээр сарын 26-нд Монгол Улсыг татварын хар жагсаалтаас гаргаж watch list буюу анхааралтай ажиглалтанд байх улсын жагсаалт, өөрөөр хэлбэл бас нэгэн саарал жагсаалтад үлдээсэн байдаг.

FATF-ийн саарал жагсаалт нь Иемень, Ботсвань, Гана, Пакистан Сири, Африк зэрэг гол төлөв Ойрхи Дорнодын нийт 12 улсыг багтаадаг бөгөөд нөгөө хар жагсаалтад орохын өмнөх шат юм. Террорист ажиллагаа явуулдаг, мөнгө угаадаг, олон улсын тогтвортой байдалд ноцтой эрсдэл учруулдаг улсуудыг багтаадаг гэх хар жагсаалтад одоогоор ердөө Иран, Хойд Солонгос гэсэн хоёр улс л байгаа аж. Эдгээр хоёр улс үнэхээр террорист үйл ажиллагаа явуулдаг уу, эсвэл өөрсдийн ашиг сонирхолоо хамгаалан тэмцэж байгаа эсэх тусдаа яригдах асуудал. Гол нь Монгол Улс тэр хар жагсаалтад ороход тун ойрхон байгаа нь ноцтой асуудал юм. Хар жагсаалтад буй хоёр улс олон улсын хоригт орж улс төр, эдийн засгийн хувьд олон улсаас бүрэн хэмжээнд гэж хэлж болохоор тусгаарлагдаж тун хүндрэлтэй нөхцөлд оршин тогтнож буй билээ. Гэхдээ Иран, Хойд Солонгос хоёр суурь хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангадаг хэнээс ч, юунаас ч хараат бус гэж хэлж болохоор бие даасан эдийн засагтай улсууд тул тодорхой түвшинд урагшлан хөгжсөөр буй юм.  Тэгвэл гадаад улсуудаас, уул уурхайн түүхий эдийн үнэ, экспортын орчноос бүрэн хараат эдийн засаг бүхий Монгол Улс хар жагсаалтад орвол оршихуй, эс оршихуйн асуудал л яригдах юм.

Монгол улс FATF-ийн холбооны APG-Ази Номхон Далайн Орнуудын Бүлэгт 2004 онд элссэн бөгөөд 2017 оны 7 дугаар сард гурав дахь удаагаа банк санхүүгийн тогтолцоондоо бүрэн хэмжээний үнэлгээ хийлгэж, ил тод байдлаа сайжруулах, мөнгө угааж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн  арга хэмжээ авах, эх үүсвэр нь тодорхой бус хөрөнгийг улсын орлого болгох, хуулийн хэрэгжилтийг хангахад хяналт тавих зэрэг зөвлөмжүүдийг авч бүрэн хэрэгжүүлэхээ амласан байдаг.  Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд эдгээр зөвлөмжүүдийг хэрэгжүүлээгүй, банк санхүүгийн нууцлаг байдал улам гүнзгийрсэн,  бохир байж болох мөнгөний эргэлт ихэссэн, эх үүсвэр нь тодорхой бус (оффшор) хөрөнгө хуулийн хамгаалалт дор хууль ёсны мэт угаагдан гарч ирэх болсон, сэжиг бүхий эх үүсвэрээс мөнгө босгож буй аж ахуйн нэгж байгууллагуудад  хууль үйлчлэхгүй байх, хууль бус орлого хөрөнгө хураагдахгүй чөлөөтэй эргэлдэх, санхүүгийн гэмт хэрэг үйлдэн шийтгэл авсан гэх хувь хүмүүс ял завших, хуулийн шийтгэлээс зайлс хийх байх асуудал түгээмэл болсон гэж үзсэн тул Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахаас өөр арга үгүй болсон аж.

Саарал жагсаалтад орвол яах вэ гэж үү? Саарал жагсаалтад орох нь улс орнуудад ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд ихээхэн сөрөг нөлөөтэй, эдийн засгийн хувьд дампууралд хүргэх нөхцлийг бүрдүүлэх боломжтой. Санхүүгийн гүйлгээ, ялангуяа гадагшаа хандсан үйл ажиллагаа нь хяналтанд орж юуны өмнө ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Дэлхийн Худалдааны Байгууллага зэрэг олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудын хамтын ажиллагаанд  хязгаарлалт тавигдахаас эхлээд цаашилбал эдийн засгийн тодорхой хоригууд тавигдаж болно.  Тухайлбал ОУВС, Дэлхийн банкнаас олгож буй хөнгөлөлттэй зээл, хөтөлбөрүүд зогсох, улс орнуудтай хийсэн худалдааны гэрээнүүд цуцлагдах зэрэг арга хэмжээнүүд хэрэгжиж болно.

Манай улсад жишээ нь ОУВС-аас хэрэгжүүлж буй өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх ёстой зээл хугацаандаа ирдэггүй, үе үе хойшлогддог нь манай улс олон улсын байгууллагууд болоод нэгдэн орсон гэрээ конвенц, төслийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй учраас тэр юм. Саарал жагсаалтад орсон улсуудын эсрэг авах арга хэмжээ нь шат дараалалтайгаар хэрэгждэг бөгөөд тухайн улсын нөхцөл байдал, үүрэг хариуцлагын биелэлтээс ихээхэн хамаардаг.

Нэг удаа татварын хар жагсаалтад ороод гарсан Монгол улс өнөөдөр FATF-ийн саарал жагсаалт болоод Европын холбооны татварын саарал жагсаалт гэсэн хоёрын хоёр саарал жагсаалтад ороод байгаа нь Монголын эдийн засаг цаашилбал улс төр, улсын тусгаар байдалд  ноцтой хохирол учруулах нөхцөлтэй нүүр тулгарч буй хэрэг юм. Гэхдээ энэ асуудал хариуцах эзэнгүй асуудал биш. Хайхрамжгүй байдал, мэргэжлийн бус харьцаа, эс үйлдлээрээ Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан эзэд нь Монгол банк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд бөгөөд тэд хариуцлагаас мултрах ёсгүй.

Х.Батсуурь /Эдийн засагч/

Хаха 2 4 Таалагдсан 2 Гунигтай 23 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0