Органик хүнсний үйлдвэрлэл

hi

Байгаль ца гуурын өөрчлөлтөөс шалтгаалан зөвхөн Монголд ч биш дэлхий нийтэд га-аас авах ургацын хэмжээ багасч, гадаргын болон гүний ус хомсдон, хөрсний үржил шим муудаж, цөлжилт явагдаж байна. Хотжилт нэмэгдэн, хүн амын тоо өсч ,аливаа улсын хүнсний баталгаат байдлыг хангах нь хүнсний нөөцийн хязгаарлагдмал нөхцөлд улам хүнд болж байна. Иймд дэлхийн улс орны Засгийн газруудын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөлтөд органик үйлдвэрлэл маш чухал байрсуурь эзэлж байгаа бөгөөд Европын улс орнууд Хөдөө аж ахуйн бодлогоо органик үйлдвэрлэлийн зарчимтай нийцүүлэн үндсээр нь шинэчлэхээр ажиллаж байна.

2017 оны эхний байдлаар дэлхийн 87 улсад органи хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд дэлхийн 179 улсын 2.4 сая фермер, үйлдвэрлэгчид нийт 50,9 сая га талбайд органик үйлдвэрлэл эрхэлж, 81.6 их наяд америк долларын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Нэг хүнд ногдох органик бүтээгдэхүүний хэрэглээ жилд 11.1 доллар байгаа нь 1999 онтой харьцуулахад 4.4 дахин өссөн байна. 

Дээрх дотоод болон гадаад нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын Их хурал, Засгийн газраас “Органик хүнсний тухай” хуулийг 2016 оны 4 сард, мөн 2018 оны нэгдүгээр сард Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн Сайдын А-09 тушаалаар хүснэгтэд заасан журам, аргачлал, жагсаалтыг баталсан, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “...Органик хүнсний үйлдвэрлэлийн эрхзүйн орчинг бүрдүүлж, энэ салбарыг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ...” гэсэн томоохон зорилтыг тавьсан нь органик хөгжлийн концепцийг Монгол улсад хэрэгжүүлж эхлэхэд чухал түлхэц болж байна.  

Органик хүнсний тухай хуулийн эрх зүйн зохицуулалт нь Органик ХАА-н хөдөлгөөнүүдийн олон улсын Холбоо (IFOAM), НҮБ-ын ХХААБ, ДЭМБ-ын хамтарсан Хүнсний хууль эрх зүйн хороо (Codex Alimentarius Commission),  Олон улсын стандартчилалын байгууллага (ISO), ДХБ-ын Худалдааны техникийн саад тотгорын хэлэлцээрийн 3 дахьхавсралт, НҮБ-ын Худалдаа ба хөгжлийн чуулганаас баталж, гаргасан зөвлөмж, бичиг баримтад үндэслэсэн учир Монгол улс дэлхийн улс орнуудтай органик салбарт хамтран ажиллах боломжийг нээж өгч байгаа юм.  

Органик хүнсний тухай хууль нь “Нийтлэг үндэслэл”, “Органик үйлдвэрлэл”, “Органик хүнсний баталгаажуулалт, шошгололт, бүртгэл” гэсэн 3 бүлэг, 14 зүйлтэй бөгөөд  дараахь үндсэн харилцааг зохицуулна. Үүнд:

  1. Хяналтын байгууллагад бүртгэлтэй, хүнсний чиглэлийн үйлажиллагаа эрхлэгчид болон малчин, тариаланчид    органик үйлдвэрлэлд шилжих нь сайн дурын хэрэг байхаар;
  2. Органик үйлдвэрлэлийг эрхлэхдээ а) Монгол Улсын эрх бүхий байгууллагаар итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, б) Монгол Улсад бүртгэлтэй, гадаад улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага, в) үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад талууд хамтран баталгаажуулах оролцооны баталгаажуулалтын аль нэгэнд хүсэлтээ гаргаж, үнэлгээ хийлгэн, шилжилтийн үеийн хугацааг тогтоолгоод гэрээ байгуулахаар;
  3. Баталгаажуулалтын байгууллагаас гэрээг дүгнэн, үйлдвэрлэл эрхлэгчийн үйлажиллагаа нь батлагдсан хууль, журам, стандартад нийцсэн тохиолдолд бүтээгдэхүүнийг нь баталгаажуулан, “органик” болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх эрх нь нээгдэхээр;
  4. Баталгаажуулалтын зардлыг үйлдвэрлэгч өөрөө хариуцахаар;
  5. Орцын 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс, тэжээл, бордоог Монгол улсад органикт тооцож, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн цэвэр” “байгалийн гаралтай цэвэр” гэсэн үг монгол болон гадаад хэлээр бичигдсэн байхаар;
  6. Органик үйлдвэрлэл эрхлэх болон хүнс үйлдвэрлэхэд баримтлах журам, хэрэглэх бодисын жагсаалт, органик хүнсний орц найрлагыг тооцох аргачлал, хамтын оролцооны баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага, баталгаажуулалт хийх журам, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар;
  7. Органик үйлдвэрлэлийн зарчим, үйлдвэрлэл эрхлэхэд тавигдах шаардлага, үйлдвэр эрхлэгчийн эрх үүрэг, баталгаажуулалтын байгууллагын эрх үүрэг,   хуулиар хориглосон зүйл ашигласан бол  хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан болно.   

Органик үйлдвэрлэлд дор дурдсан зүйл ашиглахыг хориглосон. Үүнд:

  • хуулиар зөвшөөрөгдсөнөөс өөр бодис;
  • хувиргасан амьд организм, түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн; 
  • эсээр үржүүлэх /клонинг/ аргаар гарган авсан мал, амьтан, үр төл;
  • айл өрх болон үйлдвэр, аж ахуйн газрын бохир, цэвэрлэх байгууламжийн лаг;    
  • цацрагийн боловсруулалт хийх; 
  • өсөлтийн даавар хэрэглэх. 

Органик хүнсний бүртгэл, баталгаажуулалтын мэдээллийн сангийн ерөнхий бүтэц:

  1. органик үйлдвэрлэлд шилжих шилжилтийн үеийг эхлүүлсэн,   шилжиж чадаагүй, органик хүнсийг баталгаажуулах тухай гэрээ байгуулсан, баталгаажсан, гэрчилгээ олгогдсон, түдгэлзүүлсэн, баталгаажилтыг хүчингүй болгосон   аж ахуйн нэгжийн бүртгэл 
  2. үндэсний, экспорт, импортын органик хүнсний бүтээгдэхүүний бүртгэл
  3. баталгаажуулалт байгууллагын бүртгэл зэрэг болно. 

Органик хүнсний баталгаажуулалт:

Органик салбарын эрх зүйн зохицуулалтын хамгийн гол, цөм бол зах зээлд нийлүүлэх органик хүнсийг үнэн зөв баталгаажуулан, хэрэглэгчдэд хүргэх, буруу шошголсон бүтээгдэхүүнээс үүдэн хэрэглэгчид хохирохоос сэргийлэх асуудал байдаг. 

Органик хүнсний тухай хуульд зааснаар органик хүнсийг баталгаажуулах 3 түвшний байгууллага Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй. Үүнд: 1/СХЗГ-аас итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага 2/ Монгол Улсад бүртгүүлсэн, олон улсын итгэмжлэлтэй баталгаажуулалтын байгууллага 3/ харилцан итгэлцэлд тулгуурлан үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад талууд хамтран баталгаажуулах оролцооны баталгаажуулалтын байгууллага. 

Энэ 3 төрлийн баталгаажуулалтын байгууллагаас өнөөдөр Монгол улсын хэмжээнд хамгийн бодитой, богино хугацаанд үйл ажиллагаа нь жигдрэх боломжтой, орон нутгийн органик хүнсний зах зээлрүү чиглэсэн баталгаажуулалтын байгууллага бол хамтын баталгаажуулалтын байгууллага юм. 

Энэхүү байгууллагын давуу тал нь:

-Жижиг аж ахуй эрхлэгчдийг нэг зорилгод хуулийн хүрээнд нэгтгэж чаддаг

-Нэг ижил төрлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс хоорондоо мэдлэг чадвараа хуваалцах, харилцан бие биендээ зөвлөгөө өгөх, суралцах, хяналт тавих, цаашдын үйл ажиллагаа уялдуулах, хамтын шийдвэр гаргах зэрэг нөхцөл бололцоог бүрдүүлдэг.

-Баталгаажуулалтын байгууллагын гишүүд нь мөрдөж ажиллах зарчим, журам, стандарт, зөрчилд хүлээлгэх хариуцлагаа өөрсдөө тодорхойлж, үйлажиллагаа нь тунгалаг байдаг учраас баталгаажуулалт шударга явагдах, бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн таашаал хүртэж, зах зээлд амжилт олох илүү боломжтой байдаг. 

Хаха 4 30 Таалагдсан 8 Гунигтай 25 Нүдний булай 6 Пөөх

Органик хүнсний үйлдвэрлэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1