Б.Ариун-Уянга


Х.Баттулга: СЕХ-ны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна

hi

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн шинэ парламентын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ. 

Тодруулбал: "Өмнөх УИХ-ын гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан их хэмжээгээр, олноороо авсан увайгүй хэрэг гарсан. Мөн хүний амь хөнөөсөн, хүчин хийсэн, улсын сангийн мөнгийг, газрын баялагтай лицензийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон гэмт хэрэг, ёс зүйгүй үйлдэлд УИХ-ын гишүүд удаа дараа нэр холбогдож, хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг унагах, ард иргэдийн итгэлийг алдах явдал удаа дараа гарч байлаа. Хуульд УИХ-ын гишүүд гэмт хэрэг үйлдэж байх үед үйлдэл дээрээ, газар дээрээ баригдсан үед л хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг өөгшүүлсэн заалт гэж ойлгогдохоор болоод байгаа юм. Үйлдэл дээр нь барих, илрүүлэх гээд сахиад явах боломж байхгүй нь ойлгомжтой тул үүнийг өөрчлөх цаг болсон байна. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотныхондоо давуу байдал олгосон шийдвэрээ өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулсан баримт нь байхад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын 27 гишүүн, түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдүүдээр дамжуулан нийтдээ 1170 тендерийг авсан нь тогтоогдсон. 2004, 2008, 2012, 2016 оны Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн нарийвчилсан тоо баримтыг харвал 42 гишүүн нэг буюу түүнээс дээш тусгай зөвшөөрлийг өөрсдийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан эзэмшдэг болон эзэмшиж байгаад бусдад шилжүүлжээ. Өмнөх парламентад гэхэд хамгийн олон буюу 18 гишүүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байсан байна. Улсын Их хуралд хоёр ч бүлэг байгуулчих хэмжээний тоо юм.

УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний дундаас 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл СЕХ хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн босго, шүүлтүүр байх үүргээ биелүүлэлгүй тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, сонгогчдод эргэлзээ, төөрөгдөл үүсгэх ажлыг бас хийлээ. Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь СЕХ байх ёстой юм. Гэтэл үүргээ умартсан. СЕХ-ноос нэр дэвших эрхээ авчихсан 6 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад, шүүхийн шийдвэрээр тусгаарлагдан хоригдлоо.

СЕХ сонгуулийн сурталчилгааны туршид олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мөн биелүүлсэнгүй. Маргаантай асуудлуудад тайлбар өгсөнгүй, таг суусаар олон нийтэд асар их эргэлзээ төрүүлсээр сонгуулийг дуусгалаа. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй.

СЕХ-ны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш СЕХ-ны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ? гэсэн ийм хандлага үүсгэсэн байна.

Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар хэрхэвч ажиллаж болохгүйг сонгуулийн энэ удаагийн явц харууллаа.

Сонгуулийн сурталчилгааны явцад гарсан маргаан, зөрчлүүдэд шүүх, СЕХ тайлбар хийхгүй, шийдэхгүй байсаар өндөрлүүлдэг хэвшил тогтсон нь сонгууль шударга болж байгаа эсэхэд сонгогчид, ард иргэд эргэлзэх сэдлийг мөн өгөөд байна. Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг анхнаас нь булингартуулж, эргэлзээ үүсгэдэг энэ байдлыг таслан зогсоохоос өөр арга алга. СЕХ-ны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна.

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авч олонхыг бүрдүүлж байгаа МАН-аас сонгогдсон гишүүд өнгөрсөн дөрвөн жил, ирэх дөрвөн жил нийтдээ найман жил засаглаж, асар их хариуцлага, үүрэг хүлээж байгааг зориуд Та бүхэнд сануулъя. Та бүхэнд одоо шалтаг тоочих, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй боллоо. Бүх зүйл Та бүхний хариуцлага, үүрэг боллоо. Асуудлаас тойрох, шийдлээс бултах ямар ч арга байхгүй. Олонх болсондоо эрдэлгүй, хүчээр түрэлгүй цөөнхийнхөө саналыг хүндэтгэж, хамгийн гол нь дэлхий дахинд болон улс орны өмнө нүүрлэн ирсэн эдийн засгийн хямрал, хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амьжиргааг доройтуулалгүй, ажлын байрыг нь хадгалж үлдэх оновчтой шийдлүүд, шийдвэрийг гаргахыг Та бүхнээс сонгогчид хүсэж, итгэлээ хүлээлгэснийг битгий мартаарай.

УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дүн бидэнд асар үнэтэй сургамж үлдээж байгааг нийт гишүүд анхаарч, холбогдох хуульд тусгах ёстой болж байна.

Юуны өмнө сонгуулийн систем, аргачлалаа солих шаардлага тулгарч байна. Монгол Ардын нам хоёр сонгууль дараалан сонгогчдын 44 орчим хувийн дэмжлэг хүлээсэн хэрнээ парламентад үнэмлэхүй олонхын суудлыг эзэлж байна. Энэ бол системийн гажуудал юм. Сонгуулийн гажуу системийн ачаар олонх биш олонхын засаглалыг үүсгэж байгаа нь шийдвэр гаргалтад гажуудал үүсгэх, иргэдийн бухимдал эргэлзээг төрүүлэх үндсэн нөхцөл болж байгааг анхаарах ёстой. Сонгогчдын санал, дэмжлэг парламентад тусгалаа олдог тийм шударга, зөв сонгуулийн систем, тогтолцоог хэрэгжүүлэхгүй бол ардчилал хөгжихгүй, мухардах, гажуудах байдалд аваачих эрсдэл мөн бидний өмнө тулгараад байна.

Хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшигчдийн шалгуур, босгыг өндөрсгөхгүй бол УИХ нь өөрөө хууль зөрчигчдийн, уул уурхайн их хэмжээний мөнгөөр сонгогдогчдын саналыг худалдан авагчид, цагаан захтай гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр болох эрсдэл байна. Нэр дэвшигчдийн боловсрол, түүх намтар гэхээсээ хууль сахидаг, ёс зүйтэй байдалд илүү өндөр шалгуур тавьдаг болох хэрэгтэй.

Та бүхний өмнө улс орны эдийг засгийг өөд татах, иргэдийн амьжиргааг дордуулахгүйгээр хямралаас авч гарах түүхэн үүрэг тулгарч байна. Хүнд цаг үе бүхэнд ард түмэн өөрсдийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй хүмүүсийг сонгож дэвшүүлж, шийдвэр гаргах эрхийг олгодог. Та бүхэн иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, иргэдийнхээ өмнүүр орж өөрсдөдөө боломж эрэлхийлэлгүй үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна.

Асар их ажил, хүнд зорилтууд, зоригтой шийдлүүд Та бүхнийг хүлээж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс, Монголын ард түмэн хөгжин цэцэглэж, дэвжин дээшлэх болтугай” гэлээ.

 

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 3 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0