М. Учрал


Шүүхийн тухай хууль маргаашнаас хэрэгжиж эхэлнэ

hi

Шүүхийн тухай хууль маргааш буюу гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. 

2012 онд баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн талаарх санал, шүүмжийг шийдвэрлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Хууль хэрэгжиж эхэлснээр хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байж шударга шүүхээр шүүлгэх эрх баталгаажиж, шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулдаг, цуцалдаг, иргэдэд хүндрэл учруулдаг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Мөн шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус байдлыг хангах болон шүүгчтэй сахилгын хариуцлага тооцох асуудлаар тогтолцооны өөрчлөлт хийсэн хэмээн санаачлагч гишүүд хэлдэг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлд заасан шүүгчийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр огцруулах агуулга бүхий зохицуулалтад нийцүүлэн шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг хуульд нэг бүрчлэн тодорхой тусгаж, шүүгчийн сахилгын зөрчилд хаалттай, нээлттэй хэлбэрээр сануулах, цалинг тодорхой хугацаа, хувиар бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, огцруулах гэсэн таван төрлийн шийтгэлээс зөрчлийн шинж, хэр хэмжээг харгалзан оногдуулахаар тодорхойлж, тухайн зөрчилд тохирсон шийтгэл оногдуулдаг болж байгаа юм.

Сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг уртасгасан талаарх зохицуулалт шинээр оржээ. Тодруулбал, огцруулах шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоёр жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол, огцруулахаас бусад сахилгын шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол тус тус сахилгын шийтгэл оногдуулахгүй байхаар зохицуулсан байна.

Ийнхүү маргааш хууль хэрэгжиж эхэлснээр, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог байгуулж байгаа юм.

Харин бүх шатны шүүхийн шүүгчийг Ерөнхийлөгч томилдог байх Үндсэн хуулийн зохицуулалт хэвээр байгаа.

Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг байсныг өөрчилж, нийт бүрэлдэхүүний 50 хувийг шүүгчид чуулганаараа сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ-аас томилохоор хуульчилсан байна. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0