Э.Намуунзаяа


Эрсдэл бүхий 18 758 цэг салбарыг ариутган халдваргүйжүүлэв

hi

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар  хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон албаныхан нийтийн эзэмшлийн гудамж талбай, аж ахуйн нэгж байгууллагын орчны халдваргүйжүүлэлтийн ажлын явцыг өчигдөр шалгалаа. 

Хотын удирдлагууд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлт хийх  тусгай зөвшөөрөлтэй  гэрээт компаниудын төлөөлөлтэй уулзан халдваргүйжүүлэлтийн ажилд тулгамдаж буй асуудал бий эсэх талаар санал солилцоод ариутгалын бодисын нөөц, техник төхөрөөмжийн бэлэн байдлыг  үзэж шалгав.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, "Монгол Улсад коронавирусний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хотын Захирагч ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, хүнсний зах худалдааны төвөөс бусад бүх төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ сарын 16-нийг хүртэл түр зогсоох захирамж гаргасан.


Захирамжийн хүрээнд  тусгай зөвшөөрөл бүхий гэрээт 37 компанийн ажилчид ариутгал халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээний болон эрсдэл бүхий цэг салбарын нийт 18758 цэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Хоёрдугаар сараас эхлэн бүх нийтийн гудамж талбай, орон сууцны гол зам, гэр хорооллын 200 мянган айл өрхийн модон жорлон, томоохон зах худалдааны төв, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэх ажлыг хийж байна. 


Цаг агаар +5 хэм хүрч дулаарч эхэлмэгц агаар чийгшүүлэгч машинаар халдваргүйжүүлнэ. Агаар чийгшүүлэгч машинуудын бэлэн байдлыг хангасан” гэв. Мөн нийслэлийн 380 гаруй км хатуу хучилттай зам,  нийт 9,2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж халдваргүйжүүлэхээр төлөвлөсөн" гэв.

“Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа компаниудад ариутгалын бодисын нөөц хангалттай байгаа. Одоогийн байдлаар хүндрэлтэй асуудал алга. Мэргэжлийн хяналтын газраас ариутгалын бодисуудад шинжилгээ авч стандартын дагуу байгааг тогтоосон. Тусгай зөвшөөрөл бүхий гэрээт компаниудийн ажлыг эрчимжүүлсэн.  100 метр квадратыг нэг минутад халдваргүйжүүлэх хүчин чадалтай мананцар үүсгэгч цөөн тоогоор бий” хэмээн “Монголын ариутгал халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын Захирагч С.Амарсайхан нийтийн эзэмшлийн гудамж талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг хийхэд ногоон байгууламжид сөргөөр нөлөөлөхгүй байхад анхаарч ажиллахыг сануулаад, БНХАУ, АНУ ашигладаг  орчин үеийн техникийн дэвшилтэт технологийн ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг судалж яаралтай танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгалаа. Түүнчлэн ариутгалын ажлыг хийж байгаа ажилчдын аюулгүй байдлыг сайтар хангаж, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийн тоог нэмэх үүргийг албаныханд өгөв.

Нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ үед ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхэд нэмэлтээр дүүргийн тохижилтын компаниудын автомашинуудыг ашиглаж бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллана гэдгийг нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж хэллээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх