М. Учрал


Ерөнхий сайд У.Хүрэлсүх өр зээл, хар жагсаалт, элгээрээ хэвтсэн эдийн засгийн талаар ташаа ойлголттой байна уу?

hi

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхдугаар чуулгандаа Монгол улсын өр гэж ирээ л нухацтай айлдвар тавив. Харамсалтай нь ерөнхий сайдын маань айлдвараас эндүү ташаа нэлээн үг гарсан нь түүний хэлсэн үгийг мэргэжлийн бус бөгөөд олон нийтэд тун ойлгомжгүй болгов. Тэрвээр манай улсын өр 29.7 тэрбум доллар, үүнээс засгийн газрын өр 7.2 тэрбум энэ бол ТА БИДНИЙ тавсан өр, бид хамтдаа төлнө хэмээн айлдав. Нэмээд “Хар жагсаалтад орсон улс, элгээрээ хэвтсэн эдийн засгийг хүлээн авлаа” хэмээн хачин зүйл бас хэлэв.

1.Түүний дурдсан өр нь Монгол улсын өр гэхээсээ илүүтэй Монгол улсын нийт гадаад өр бололтой. Үүнд нэлээн том ялгаа бий л дээ. 2020 оны 2-р улирал дуусаад өнөөдөр Монгол улсын нийт гадаад өр 29.7 биш 31 тэрбум ам.доллар хүрээд байгаа. 1.3 тэрбум ам.доллар нь хаачсан юм бол гэж гайхаж сууна. Дарчихсан бол түүнийгээ хэлмээр юм даа.

2.Төр засгийн хариуцах ёстой гадаад өрийн дүн бол $7.2 тэрбум биш $9.2 тэрбум юм. Үүнээс Монголын засгийн газар бултах арга үгүй. Өрийн тооцоололд Засгийн газрын өр $7.2 тэрбум, Төв банкны өр $2 тэрбум доллар гэж ангилагдсан байгаа хэдий ч энэ нь бүхэлдээ Монгол улсын төр, засгийн төлөх ёстой өр тул Төв банкны өр Засгийн газарт хамаагүй гэх санаа бол Монголын төрийн сэнтийд заларсан хэнд ч, ялангуяа Монголын төрийг бүхэлд нь атгасан нэг намын төлөөллөөс бүрдсэн засгийн газар, УИХ-д бол тун зохисгүй.

3.“Та бидний тавьсан өр, бид хамтдаа төлнө” за энэ ч ёстой мэдэхгүй юм байна шүү! Тэр олон мазаалай, гэрэгэ, чингис, самурай, нинжа, минжа бондууд чинь тэгээд Ард түмэн тавьсан өр юм уу? Түүнээс тэгээд ард түмэнд юу ногдсон юм бэ? Сонгуулийн өмнө хүүхдэд тараасан мөнгө үү? Эсвэл тэр чинь бидэнд өгөх ёстой байгаад сураггүй болсон Таван толгойн 1072 хувьцааны ногдол ашгаас гарсан юм уу? 2016 оны 7-сард МАН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж засгийн эрх авхад Монгол улсын нийт гадаад өр ердөө 23.4 тэрбум доллар байсан. Гэтэл МАН төр барьсан энэ 4 жилийн хугацаанд гадаад өр даруй 32 хувиар буюу 7.6 тэрбум доллараар нэмэгдсэн байна. Энэ их мөнгө улам бүр доройтон унаж буй Монголын эдийн засагт хаана нь шингэсэн юм бол гэж гайхахаас өөр арга алга. Харин энэ их мөнгө хаашаа яваад байгааг зээл өгдөг гадаадын санхүүжүүлэгчид өөрсдөө гадарладаг юм билээ. Тийм ч учраас Монголын засгийн газрыг мөнгө угаадаг, авилгад идэгдсэн, эдийн засгийн гэмт хэргүүдийг хамгаалдаг, өөгшүүлдэг улс гэж үзээд Европын холбооноос өнгөрсөн 5-сарын 8-нд ХАР ЖАГСААЛТАД оруулсан байдаг. Ард түмнээрээ, газар нутгаараа дэнчин тавин авсан тэр их долларын зээлээс ЖДҮ хулгайчууд, нүүрсний наймаачид, офшорын луйварчид нь авч завшчаад өөрсдөө их хуралд заларсан гэж олон нийт үзэж байгаа, тийм ч гэж олон улс даяараа харсан. Харин ерөнхий сайд маань одоо айдаггүйгээ авдрандаа хийсэн гэсэн шинжтэй одоо энэ их өрийг бид хамтдаа төлнө гэж ажрах ч гүй авч байна шүү. Үгүй л болов уу! Эхлээд Монгол улсыг ХАР ЖАГСААЛТАД оруулсан, авсан зээлийг нь хулгайлсан ЖДҮ хулгайчууд, офшорын луйварчид, нүүрсний наймаачид, Эрдэнэтийн 49/51 этгээдүүдтэйгээ өр зээлийн, хуулийн тооцоогоо хийчээд дараа нь ард түмнээсээ өр нэхвэл шударга болох буй за.

Эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн нь хэн ч биш та нар өөрсдөө Ерөнхий сайдаа! Элгээрээ хэвтсэн эдийн засгийг хүлээлгэж өгсөн нь та өөрөө, хүлээж авч байгаа нь та өөрөө! Асуудлыг шийдэхийн тулд хийх ажил тань тодорхой. Хулгайчуудтайгаа хуулийн шударга хариуцлага тооцохоос эхэлнэ. Ийм хүсэл зориг, чадвар таньд буй эсэхээс их зүйл, магадгүй эн тэргүүнд таны улс төрийн карьер, ирээдүй тань хамаарна.

Х.Батсуурь /Эдийн засагч/

Хаха 2 0 Таалагдсан 3 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3