М. Учрал


Дундговьд засаглал шат шатандаа ЭЗГҮЙРЧ байна

hi

    Дундговь аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж үнэмлэхүй олонхи суудалтай Ардчилсан намаас аймгийн Засаг даргад Цагаанхүүгийн Мөнхбатыг нэр дэвшүүлж батламжлуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлээд 20 хоног өнгөрлөө. Гэвч аймгийн Засаг даргыг батламжлалгүй, ямар нэг хариу өгөлгүй өнөөг хүрсэн нь байгаль, цаг агаар, цар тахалын хүнд хэцүү нөхцөлд Дундговь аймгийн 47000 хүний эрх ашиг нөхөж болшгүйгээр хохирвол хариуцлагыг хэн хүлээх вэ?

    Одоогоор Засаг дарга нь батламжлагдаагүй гурван аймгийн нэг нь Дундговь. Аймгийн ИТХ-ын 35 суудлын 23-ыг Ардчилсан нам дангаар авсан сонгуулийн үр дүнд эргэлзээгүй, ямар нэг маргаангүй гэх. Засаг даргыг батламжлагдаагүйгээс энэ бүрэн эрхийн дөрвөн жилд ажиллах 15 сумын засаг дарга, 68 багийн засаг дарга томилогдолгүй хүлээгдсэнээс тус аймагт засаглал шат шатандаа эзгүйрч эхэлжээ. 

Улс орон даяар цар тахалтай тэмцэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа  энэ энэ үед тус аймгийн нийт нутагт зуншлага оройтсон, баруун талын хэд хэдэн сумын нутгаар бүхэлдээ ган гачигтай байснаас малчид өнтэй газраар бэлчээр эрж Говьсүмбэр, Дорноговь, Хэнтий аймгийн нутагт хүрч өвөлжиж байгаа юм.

            УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн сонгогдсон Архангай аймгийн Засаг даргыг яагаад томилохгүй байгаа талаар УИХ-ын хуралдааны үеэр ерөнхий сайдаас асуусны дараахан, өдөрт нь тус аймгийн засаг даргыг томилсон тухай мэдээлэл гарсан. Үүнийг  улс орны өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан, намчирхалгүй, шуурхай хийсэн томилгоо гэж нийгэмд ойлгогдсон.

Тэгвэл Дундговь аймгийн удирдлагыг томилохгүй удаад буйн шалтгааныг улстөрийн, намын ашиг сонирхолоор тушсан тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн ажиллагаа гэх. Ийм сонирхол аймгийн хуучин удирдлагад байхгүй, байлаа ч Ерөнхий сайдад нөлөөлөх хэмжээний хүч хүрэхгүй юм.

Улс орны нэгээхэн хэсгийн эрх ашгийн үүднээс тийм сонирхол Ерөнхий сайдад ч дангаар байх учиргүй.

Харин УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон хоёр гишүүн гэнэтийн энэ ялагдалд /Аймгийн ИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялагдсан төдийгүй, аймгийн төв оролцоод  9 суманд цөөнх болсон/ цочирдсондоо, нөгөө талаар 2024 онд дахин сонгогдох суурь баазаа хадгалах төлөвлөгөөт сонирхолд хөтлөгдөн АН-аас нэр дэвшсэн Дундговь аймгийн Засаг даргын томилгоог аль болох гацааж цаг хожих, энэ хооронд сумдын Засаг даргыг томилуулах, чадвал 66 багийн засаг дарга нарын томилгоонд ч нөлөөлөх явуургүй арга хэрэглээд байна уу гэсэн хардлага дагуулж байна. Тухайлбал 2020.11.23-ны өдөр МАН-ын олонхи болсон 6 сумын заримыг буюу  Өлзийт, Гурвансайхан,  Өндөршил сумдын засаг дарга нарыг бүрэн эрх нь дуусч байгаа Засаг дарга О.Бат-Эрдэнэ батламжилсан байна. Эдгээр томилгоонуудыг хийхийн тулд Аймгийн Засаг даргыг гацаагаад байна уу гэсэн хардлага урган гарч байна. Уг нь сонгуулиар шинээр сонгогдсон аймгийн Засаг дарга томилдог хуультай.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  шийдвэрт нөлөөлж  чадах хүн УИХ-ын гишүүдээс, бүр тодруулвал хэвлэл мэдээллээр хамгийн ойрын шадар хүн нь гэж бичигдээд байгаа УИХ-ын гишүүн Сү.Батболдоос өөр хэн байх билээ.

Дундговийн адил хүлээгдэж буй хоёр аймаг нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ч.Хүрэлбаатар, MCS-ийн Л.Энх-Амгалан нарын сонгогдсон Увс, Хөвсгөл аймаг байгаа нь ч дээрх хардлагыг улам батлаад байх шиг...

             

 

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1