М. Учрал


Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

hi

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.08) нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 59.5 хувь нь ирцэд бүртгүүлснээр цахимаар эхлэв.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т гишүүн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлэх, мөн зүйлийн 13.5-д хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэхээр тус тус заасан.

Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлэх саналаа бичгээр ирүүлснийг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдааны эхэнд уншиж танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж энэ үеэр хэлэхдээ, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх тухай хуулийн хугацааг сунгах хуулийн төсөл санаачилж өргөн барьсан. Тиймээс Засгийн газрыг хүлээхгүйгээр уг хуулийн төслийг хэлэлцээд явбал олон хүн тэтгэвэр авах боломж нээгдэх учраас уг хуулийг төслийг ирэх долоо хоногт Улсын Их Хурлаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөхийг хүсэв.

Гишүүний саналтай холбогдуулан хуралдаан даргалагч, энэ чиглэлээр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар нарын гишүүд адил агуулгатай хуулийн төсөл өргөн бариад байгаа тул төслүүдийг хамтатган хэлэлцэх боломжтойг хэллээ. Мөн Засгийн газраас хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд өргөн барьсныг Улсын Их Хурлын дарга танилцуулсан юм. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг Засгийн газраас өнөө өглөө өргөн мэдүүлснийг холбогдох Байнгын хороодод шилжүүлж буйг мэдэгдсэн юм.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж эхэлсэн юм. Улсын Их Хурлын даргын 2020 оны 32 дугаар захирамжаар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолоор ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажлын дэд хэсгийг байгуулж ажиллуулжээ.

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцжээ. Байнгын хорооны ажлын хэсгээс Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 82 санал, найруулгын шинжтэй 4 санал болон хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 28 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

Ажлын хэсгээс хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд нэгд, Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэх, хоёрт, шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг нарийвчлан зохицуулах, гуравт, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиглэлийг гол үндэс болгож, зарчмын зөрүүтэй саналууд гаргажээ.

Чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудтай холбогдуулан асуулт асууж тодруулсан гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгч, саналын үндэслэлээ тайлбарласан юм. Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар үргэлжлүүлэн санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, “Шүүхийн сахилгын хороо” гэсэн хуулийн төслийн 100 дугаар зүйлийг дараах агуулгаар өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.4 хувь нь дэмжив. Үүнд, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий биө даасан байгууллага болох Шүүхийн сахилгын хороо /цаашид “Сахилгын хороо” гэх/ ажиллах бөгөөд улсын хэмжээнд нэг байна.

Сахилгын хороо орон тооны есөн гишүүнээс бүрдэх бөгөөд Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй, бусад гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байна. Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилох бөгөөд эдгээр гишүүн шүүгчээр ажиллаж байгаагүй иргэн байх, Сахилгын хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байх бөгөөд зөвхөн нэг удаа сонгогдож, томилогдоно гэж зохицуулахаар болов.

Мөн Сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх, сонгох ажиллагаанд хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангах болон үүссэн асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай дэгийг Нийт шүүгчийн чуулганаар батлах, харин Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагаанд хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангах журмыг Байнгын хороо энэ хуульд нийцүүлэн батлахаар тогтов. Түүнчлэн Сахилгын хорооны бүрэлдэхүүнд Ерөнхий зөвлөлийн гишүүн, шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн болон сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байсан иргэн орохыг хориглох нь зүйтэй гэж үзэв.

Сахилгын хорооны даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгох бөгөөд Сахилгын хорооны даргын сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор даргыг сонгоно. Сахилгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд өргөдөл, мэдээлэл, гомдол, эсэргүүцэл, сахилгын хэргийг дангаар болон хамтын зарчмаар хянан хэлэлцэж, илээр санал хурааж, шийдвэрээ олонхын саналаар гаргана гэж зохицуулахаар тогтов. Мөн Сахилгын хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байх бөгөөд хорооны гишүүдийн гуравны хоёр нь бүрдсэнээр түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцох, Сахилгын хороо ажлын албатай байх бөгөөд бүтэц, орон тоо, үйл ажиллагааг зохицуулах дүрэмтэй байх, Сахилгын хороо бие даасан төсөвтэй байх бөгөөд чиг үүргээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөхцөлийг төр хангахаар зохицуулахыг дэмжлээ.

Түүнчлэн “Сахилгын хорооны гишүүн, даргын бүрэн эрх” гэсэн төслийн 102 дугаар зүйл, “Сахилгын хорооны дарга, гишүүний үүрэг, хориглох зүйл” гэсэн 103 дугаар зүйл, “Сахилгын хорооны  гишүүнийг  огцруулах,  сахилгын бусад шийтгэл оногдуулах” гэсэн 104 дүгээр зүйл, “Шүүгчид холбогдох  сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ерөнхий нөхцөл” гэсэн 105 дугаар зүйл, “Өргөдөл, мэдээлэл гаргах, хүлээн авах, хуваарилах” гэсэн 107 дугаар зүйлийг тус тус өөрчлөн найруулах саналууд дэмжигдэв.

Хуулийн төсөлд “Шинжээчийн дүгнэлт”, “Тэмдэглэл” гэсэн 112, 113 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 79.1 хувийн саналаар дэмжив. Ингэснээр “Тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд илтгэгч гишүүн өөрийн санаачилгаар, эсхүл сахилгын хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж болно. Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэсэн агуулгатай 112 дугаар зүйлийг төсөлд нэмэхээр болов.

Мөн “Сахилгын хорооны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх тохиолдолд хуралдааны тэмдэглэл үйлдэнэ. Хуралдааны тэмдэглэлийг ажлын алба хөтөлж, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа гишүүн албажуулна. Тэмдэглэлд ямар ажиллагаагхэн, хэзээ, хаана явуулсан, эхэлсэн, дууссан цаг, ажиллагаанд оролцсон болон байлцсан хун нэг бүрийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. Тэмдэглэлийг уг ажиллагаа явуулахад оролцсон болон байлцсан хүнд танилцуулах бөгөөд тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэйг тайлбарлана.” гэсэн агуулгатай 113 дугаар зүйлийг нэмж зохицуулахаар тогтов.

Түүнчлэн төслийн 113 дугаар зүйлийг “Шүүгчийн сахилгын хэргийн бүртгэл, тайлан болон шийдвэрийн ил тод байдал” гэсэн 120 дугаар зүйл болгож, өөрчлөн найруулахаар тогтов. Уг санал дэмжигдсэнээр Сахилгын хорооны Ажлын алба шүүгчийн сахилгын хэргийн бүртгэл хөтөлж, Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг гаргана. Энэ хуулийн 120.1-д заасан бүртгэл, тайланд хамаарах мэдээлэл хөтлөх журамтай байх бөгөөд тайланг цахим хуудаст байршуулна. Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлнэ. Сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 21 хоногийн дотор цахим хуудаст байршуулах юм байна.

Хуулийн төслийн 114 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Энэ хуулийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөн найруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 52 нь буюу 76.5 хувь нь дэмжлээ.  

Дараа нь хуулийн төслийн талаарх найруулгын чанартай дөрвөн багц саналууд болон Байнгын хорооноос дэмжигдээгүй 16 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Энэ үеэр зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд саналын үндэслэлээ тайлбарлаж үг хэлэв.

Эцэст нь уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянн шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хууль тогтоомжийн төслүүдийн талаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаарх саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэсэн. Тухайлбал, хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20.9-д заасан ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор зохион байгуулж Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно.” гэж, төслийн 8 дугаар зүйлийг “Улсын Их Хурал Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 120 хоногийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.

Төслийн 11 дүгээр зүйлийг “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47.2 дахь хэсгийн дагуу шүүгчид олгох “онцгой нөхцөлийн, төрийн албанд ажилласан хугацааны, докторын зэргийн” нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно.” гэж өөрчлөн найруулах, төсөлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/- ийн 49.7 дахь хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн агуулгатай 12 дугаар зүйл нэмэхээр тогтлоо.

Түүнчлэн төсөлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу байгуулагдах Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны 2021 оны үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Засгийн газар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ” гэсэн агуулгатай 13 дугаар зүйл, “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 75.2 дахь хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн агуулгатай 14 дүгээр зүйлийг тус тус нэмэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж дуусган төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0