М. Учрал


Монгол улсын төр засаг хулгайчуудын байх газар биш

hi

    Монгол улсад ардчилсан хувьсгал ялснаас хойш өнөөг хүртлэх улс төрийн нөхцөл байдлыг ажиглаж харахад улс төрийн хоёр том нам ээлжлэн удирдаж ирсныг бид бүхэн сайн мэднэ. Анх ардчилсан хувьсгал ялж, Монгол улс их  гүрний хараат байхаа болих үед, ард түмэн хуучин нийгмийн дарангуйлагч  тогтолцоог тэр чигээр нь бүрэн устгах нь дээ гэж битүүхэндээ баярлаж билээ. Гэтэл тэр үед яагаад ч юм өнгөрсөн үеийн хуучин тогтолцоо устаж алга болоогүйгээр үл барам нөгөө хуучин дарангуйлагч нар нэр зүсээ хувилган өнөөг хүртэл улс орны хувь заяаг шийдэлцэж сууна. Ардчилал гэдэг нь угаасаа, ардчилалын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, эрх чөлөө шударга ёсыг тунхаглах явдлыг хэлдэг болохоос аль нэг хуучин коммунист байгаад зүсээ хувилгасан хэсэг бүлэг этгээдүүдийг хэлдэггүй гэдгийг хуучин коммунист системээс ардчилсан нийгэмд шилжсэн улс орнуудын туршлага бүрнээ харуулдаг.

Харамсалтай нь өнөөдөр Монгол улсад хуучин зүүн Европийн улс орнуудад хэрэгжсэн шиг тийм улс төрийн шинэчлэл огт хийгдээгүй гэдгийг өнөөгийн манай улс төр судлаачид санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг билээ.

Эндээс ургуулан бодоход өнөөгийн манай улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д суугаа хоёр том намынхан арай аль нэг улсын захиалгаар буй болсон улс төрийн нам хүчин юм биш байгаа гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлж байна. Ямар ч байсан тэр үеэс өнөөг хүртэл явж ирсэн улс төрийн тогтолцоо нь улс төр бизнес олигархуудын бүлэглэл болтлоо өргөжчихөөд байгаа нь даан ч харамсалтай санагддаг.

Монгол улсын Ерөнхий сайдын байнга ярьж явдаг зүйл нь авлига албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэх явдал гэсэн үг байдаг. Гэтэл өнөөдөр УИХ, Засгийн газар болон яам агентлагийн удирдлагуудын дотор авлигатай нэр холбогдоогүй хүн нэгээхэн ч үгүй гэдгийг сонгогч түмэн бид бүгдээрээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мэдээж эдгээр хүмүүсийн ард томоохон бизнесийн бүлэглэлүүд болон өөр хоорондоо тохиролцсон улс төрийн хоёр том нам байгаа нь хэнд ч ойлгомжтой. Тэгээд бид бүгдээрээ эдгээр хүмүүсийг дараа дараачийн улс төрийн сонгуулиар сонгож дарга даамал болгох хэрэгтэй болдог нь туйлын харамсалтай юм.

Уул нь Монгол улсын төр засаг хулгайч нарын орогнох газар биш л юмсан. “Уулзах газрыг өөрчилж болохгүй” гэдэг кинон дээр гардаг ахмад Жегловын хэлсэн “хулгайч шорондоо л сууж байх ёстой” гэдэг сайхан үг байдаг. Тийм болохоор тэр гоё юм ярьсан худалч, хулгайч нар ч гэсэн бас шорондоо сууж байх ёстой. Тэр үүднээс ард түмэндээ хандаж хэлэхэд та бүхэн ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар  саналаа өгөхдөө болгоомжтой байж, хулгайч нарыг дахин сонгож огтхон ч болохгүй шүү гэж та бүхэндээ сануулмаар байна.

Ж.Батдорж

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0