М. Учрал


Хэрэв та илүүдэл жингээ хасахыг хүсэж байгаа бол эдгээр асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

hi

-Та стресстэй байна уу?

Стресс, сэтгэлзүйн таагүй байдал хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг. Түүнчлэн хооллож байх үедээ санаа зовоосон асуудлынхаа талаар хэт анхаарснаас болж их идсэнээ анзаарахгүй байх, хоолны шингээлт муудах зэрэг сөрөг үр дагаврууд гарна. Тиймээс та таргалалтаас сэргийлье гэвэл стресс, сэтгэлзүйн гутралаас ангид байж, тогтмол цагт хооллож байх хэрэгтэй.

-Та өглөө хэдэн цагт босдог вэ?

Өглөө нар мандахаас өмнө босох нь эрүүл мэндэд тустай. Учир нь нар мандах цагаар хүний биеийн хийн гүйдэл сайн гүйдэг бөгөөд энэ үед босвол цовоо сэргэлэн, бие хөнгөн байдаг. Хэрэв нар мандасны дараа босвол бие хүндэрч, залхууран, аливаа зүйлийг хийхэд хэцүү, төвөгтэй мэт санагдана. Тиймээс өглөө бүр эрт босч, эрч хүчтэй байгаарай.

-Та өглөөний цайгаа уудаг уу?

Өглөөний цайгаа уух нь олон талын ач холбогдолтой. Өглөөний цайгаа хийн цагт буюу 07:00-07:30-д ууж хэвшсэнээр хий дарагдаж, тамир тэнхээ сайжирдаг. Өглөө цай унд уухгүй өлөн явах нь бадганы цаг буюу 08:00-11:00 цагийн хооронд хоол идэх дуршлыг нэмэгдүүлж, ихэвчлэн энэ цагт хооллох нөхцлийг бүрдүүлдэг. Бадганы цагт хоол идэх нь таргалалт үүсгэнэ. Тиймээс өглөөний цайгаа заавал ууж, бадганы цагаар хоол унд идэлгүй, ходоодоо амрааснаар таргалалтаас сэргийлж чадна.
Шимтэй хоолыг хагас порцоор идэх нь тарга үүс-гэдэггүй. Харин шимтэй хоолыг цадтал идэх нь эс шингэж, ходоодонд орших гал тэгшитгэгчийн гүйх нүх сүвийг бадган сальсаар хаадаг. Үүнээс улбаалан ходоод гэдэс хийгээр дүүрч, тарга үүсдэг. Харин шим багатай ногоо голчилсон эсвэл, цагаан хоолыг цадтал идэж болно. Мөн хоол идэхээс 1 цагийн өмнө шингэн зүйл уух нь жингээ барихад тустай, хооллосны дараа шингэн уувал тарга үүсгэдэг.
Ходоодны хэмжээ нь тухайн хүний гарын алгыг нийлүүлсэнтэй тэнцэх бөгөөд үүнийгээ 4 хуваан дөрөвний хоёрт идээ, дөрөвний нэгт нь шөл, үлдсэн хэсгийг нь хоосон үлдээх ёстой байдаг. Ингэснээр хоол хурдан шингэнэ.

-Та өглөөний дасгал хийдэг үү?

Өглөө дасгал хөдөлгөөн хийх нь цусны эргэлтийг сайжруулж, бие махбодыг эрүүл чийрэг байлгадаг. Ялангуяа 108 мөргөлийг хийх нь илүү үр дүнтэй. 108 сунаж мөргөснөөр цусны эргэлт сайжран, хийн гүйдэл тэгширч, бадган сальс буюу өөх арилна. Мөн бодисын солилцоо сайжирч, сэтгэл санаа хөнгөрөхөөс гадна буян хураах ач холбогдолтой. 108 мөргөл нь биеийн бүхий л хэсгийг жигд турааж, галбиржуулдагаараа хамгийн үр дүнтэй дасгал хөдөлгөөн юм.

-Та амтлаг, чихэрлэг зүйл байнга идэж байгаа юм биш биз?

Чихэр, шоколад зэрэг амттанаас гадна кофе, пицца, бургер, шарсан тахиа зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд ч амтлаг амттай хоол хүнсэнд ордог. Эдгээрийг их идвэл бадган сальс үүсч ходоодны илчийг багасган, шингээлтийг бууруулдаг. Энэ бол таргалалтыг үүсгэх гол шалтгаан бөгөөд үүний оронд ааруулын шүүс, зөгийн балтай ус, арвайн гурил, шөлтэй хоол гэх мэт хоол хүнс хэрэглэвэл таргалалтаас сэргийлнэ.

-Та хэр их ус уудаг вэ?

Ус их уух нь галын илчийг бууруулахаас гадна хаван үүсгэх нөхцөл болох тул усыг тохируулан уух хэрэгтэй. Өглөө өлөн дээрээ ус уух нь галын илчийг дарж, ходоодны шингээх чадварыг бууруулдаг. Ус нь дангаараа хүнд чадалтай байдаг тул зөгийн бал, бурам, сүү, ааруул зэргийг хандалж уувал илүү тустай. Мөн ширгээсэн ус хамгийн сайн. Зөгийн балтай ус нь ходоодонд сайнаар нөлөөлнө. Зөгийн бал, ааруулын шүүс нь бадган сальсыг арилгадаг тул таргалалттай үед ууж хэрэглэхэд хамгийн тохиромжтой.
Уламжлалт анагаах ухаанд ааруулын шүүс нь хий, шарыг үүсгэхгүйгээр бадганыг арил-гах тустай гэдэг бөгөөд хаван болон таргалалтаас сэргийлнэ гэж үздэг.

-Та хүйтэн, чийглэг газар олон цагаар ажилладаг уу?

Хүйтэн чийглэг газар ажиллах нь хүний биеийн илчийг бууруулдаг бөгөөд үүнээс шалтгаалж хавагнах, таргалах магадлалтай. Тиймээс таны таргалах шалтгаан ажлын орчинтой холбоотой бол даарч хөрөхөөс сэргийлж, үслэг, ноосон эдлэлийн хувцас өмсөж, хоол ундандаа аль болох бүлээн шимтэй хонины мах хэрэглэх, гурилтай шөлтэй хоол идэх хэрэгтэй. Хамгийн гол нь доороосоо даарахгүй байж, явдал мөрийг сайтар анхаарах нь чухал.

-Та долоо хоногт хэдэн удаа усанд ордог вэ?

Та арай өдөр бүр усанд ордог юм биш биз. Өдөр болгон усанд орох нь бөөр болон ходоодны илчийг бууруулж, үүнээс шалтгаалж биеийн таван махбодын тэнцвэрт байдал алдагддаг. Ингэснээр мөн л хавагнах, хоолны шингээлт муудах зэрэг сөрөг талтай.

-Та унтах ёстой цагтаа унтаж чадаж байна уу?

22:00 цагт тогтмол унтаж хэвших нь хүний биеийн дархлааг дэмжиж, амардаг. Хэрэв 22:00 цагаас хойш унтвал нойроо хангалттай хэмжээгээр авч чадахгүй бөгөөд ингэснээр ходоодны галын илч буурч таргалах нөхцөл бүрдэнэ.
Илүүдэл жингээ бууруулахыг хүсвэл та амьдралынхаа хэв маягаа өөрчлөөд нэг үзээрэй.

Манба Дацан эмнэлгийн их эмч Ж.Дэлгэрмаа

Хаха 1 1 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1