М. Учрал


Даши Намдаков: Миний бүтээл бүхэн Монголчууд бидний их түүх, уламжлалаас төрдөг

hi

    Төрийн соёрхолт уран барималч, зураач Даши Намдаков хэмээх буриадын уран бүтээлч монгол даяар алдаршив. Энэ эрхэм бол дэлхийд аль хэдийнээ алдаршсан уран бүтээлч, монгол угсаатан л даа. Ази, Америк, Европ, Австрали гээд л таван тивийн олон орны олон арван үзэсгэлэнд түүний бүтээл дэлгэгдэж ихэнхээс нь түрүү болон айргийн тавын бай шагнал авч байжээ. Нэрт урлаг судлаач,  мэргэд  “...Тайлбарлашгүй хүч агуулсан уран бүтээлч, дэлхийн шилдэг барималч... “ хэмээн дүгнэдэг аж. Оросын Третьяков, Эрмитажаас эхлээд л Лондон, Нью –Иорк, Токио Бээжин гэх дэлхийн нийслэлүүд гэж нэрлэгдэх хорь гаруй том хотод бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж байж. Ихэнх бүтээл нь монголын сэдэвтэй. Түүний “Чингис хаан”,”Тэнгэр газрын дундах нүүдэлчин”, “Харваач”, “Чингисийн удам” зэрэг олон арван барималууд нь монгол угсаатан, нүүдэлчдийн ахуй соёл, гүн ухаан, түүх уламжлалыг нээн харуулсан төгс бүтээл хэмээн үнэлэгддэг байна. Оросын В.Пүтин, Ю.Лужков, Хятадын Си Жин Пин, Германы канцлер асан Г.Шройдер, Америкийн Эди Трамп, “Челси” багийн эзэн Роман Абрамович зэрэг дэлхийн нэрт  удирдагчид, алдартнууд, баячуудын цуглуулгад түүний бүтээлүүд хадгалагддаг аж. Казахстаны ерөнхийлөгч С.Назарбаев Астана нийслэлээ, Татарын ерөнхийлөгч И.Шамшиев Казань хотоо Даши Намдагийн бүтээлийн цогцолбороор чимсэн нь тохиолдлынх биш байх. Оросууд нийслэл хотынхоо хамгийн өндөр байшин болох “Москва Сити” цамхагийнхаа оройг түүний бүтээлээр чимжээ. ОРТ, РТР хэмээх оросын төв телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр Даши Намдаковын бүтээлийн ээлжит үзэсгэлэн Нью-Йоркт нээгдсэн тухай зураг хөрөгтэй дэлгэрэнгүй мэдээлж яриа сурвалжлага нэвтрүүлж байсныг би үзэж байв. Оросын төв телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө ямар нэг уран бүтээлчийн үзэсгэлэнгийн тухай тэр болгон дэлгэрэнгүй мэдээлээд байдаггүй л дээ. Олон хөлийн газар болох Лондонгийн алдарт “Хайд” цэцэрлэгт хүрээлэнг чимж байсан Даши Намдагийн “Чингис хаан” уран баримал эх нутагтаа, монголынхоо нийслэлд залраад байгаа. Тэрбээр энэхүү бүтээлээрээ Монгол Улсын төрийн соёрхол хүртэв. Энэ ёслолынх нь дараа их уран бүтээлчтэй уулзаж танилцах сайхан боломж бүрдсэн юм. Холливудын нэрт кино найруулагч Сергей Бодров эзэн хааны тухай “Монгол” хэмээх кино хийхэд нь Даши Намдаг зураачаар нь шалгарч тэрхүү хоёр уран бүтээлч хамтран ажилласан баримт түүхийг бид мэдэх билээ. Хоёр жилийн өмнө тэд дотны найз УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнийнхээ урилгаар монголын наадам үзэж сайхан сэтгэгдэлтэй буцсан тухай танил нөхдийн яриа сонсож, сонин хэвлэлийн мэдээнээс уншиж байв. Бид хоёрын яриа эндээс эхэлсэн юм.

-Тэр наадмаар тантай уулзах боломж алдчихсандаа би харамсаж,  таны ажиг сургийг Ажнайгийханд тавьж явдаг юм. Өнөөдөр сайхан боломж тохиов...

-Биднийг урьсан дотны найзын маань морь тэр зун наадамд түрүүлж бид баяр хөөр болж байв. Өнөөдөр миний “морь” түрүүлж  би Монгол Улсын төрийн соёрхол хүртлээ. Их баяртай байна. Миний бүтээл бүхэн монголчууд бидний их түүх, уламжлалаас төрдөг.

-Та Монголд аль хэр олон ирдэг вэ?

-Сүүлийн үед ойр ойрхон ирж байна. Ирэх бүрдээ эцэг өвгөдийнхээ нутаг ус, сайхан байгаль, түүх шашдираас уран бүтээлийн их эрч хүч, санаа сэдэл авдагтаа баярлаж байдаг.

- Музей , үзмэрээр явна биз?

- Тийм ээ, тэгэлгүй яахав, олон музей үзсэн. Хувийн сайхан цуглуулгатай үзэсгэлэн, галерей ч сүүлийн үед олон болжээ.

-Таны бүтээлүүд дэлхийгээр тархаж нэлээд нь алдартнуудын цуглуулгад орсон гэдэг. Монголд аль хэр олон байдаг бол, хэн хэний цуглуулгад орсон бол?

- Мэдээж Монголд олон бий. Би нэрлэж зарлах нь зохимжгүй байхаа. Бидний дотны танил энэ Бат-Эрдэнэд хэд хэд буйг та мэдэх байлгүй дээ.

- Монголын барималч, зураачдыг та аль хэр мэдэх вэ? Бүтээлүүдийг нь хэр үнэлдэг вэ?

-Таньдаг зураач урчууд бий. Үзэсгэлэн, үзмэрийг нь ч үздэг үнэлдэг. Өнөөдөр бидэнтэй хамт “миний ах төрийн соёрхолтон” уран барималч н.Ганхуяг энд сууж байна. Түүний баатарлаг туульсийн сэдэвтэй олон сайхан хөшөө баримлуудыг би үзэж харж, үнэлж хүндэтгэж байдаг.

- Хэдхэн хоногийн өмнө Оросын урчуудын эвлэлийн дарга , алдарт уран барималч А.Н.Ковальчук гэх эрхэм монголд зочлоод явлаа. Түүний бүтээлийг та сайн мэднэ биз...?

-Орост ч, дэлхийд ч нэрд гарсан уран бүтээлч. Бодвол та бид хоёрыг харьцуулах гэж асууж байгаа байхдаа. Уран бүтээлийн урсгалаар авч үзэх юм бол эрхэм Ковальчук реалист барималч. Бүтээл нь ч энэ талдаа гайхамшигтай. Оросын олон хотод түүний бүтээсэн хөшөө дурсгал, бас цогцолборууд бий. Түүний баатрууд байгаагаараа хүмүүст ойлгомжтой. Минийх арай өөр гэхүүдээ... . Үлгэр домгийнх ч,  эртний түүхийнх ч гэмээр юмуу. Та бүгдийн мэдэх миний өндөр шагнал хүртэж буй “ Чингис хаан” баримал бол хүмүүст хүрэхдээ аугаа их хаан баатар эр гэж харагдахгүй байж мэднэ. Тэнгэрээс морилон ирж буй бурхан мэтээр дүрслэхийг би хичээсэн. Морийг нь ч гэсэн үлгэр домгийнх гэхээр урласан.

-  Энэ эзэн хаан маань хэдийд монголчуудынхаа мэлмийг гийлгэх юм бол?

- Монголдоо ирчихсэн, тийм болохоор та бүхний л мэдэх хэрэг байх. Хаана байрлуулахаа саяханаас шийдэж буй бололтой. Урин дулаан зуны сайхан өдөр цаг сонгож байгаа гэсэн.

- Та хэдийд буцах вэ?

- Маргааш өглөө ниснэ.

- Улаан-Үүдрүү юу?

- Үгүй ээ, бид Лондон руу явна аа. Сүүлийн жилүүдэд ихэнхдээ тэнд амьдарч байгаа. Улаан-Үүдрүү гээ ойр ойрхон ирж, очдог юм аа.

-Өнөө өглөө онгоцноос буусан гэхээр шагналаа авангуутаа буцаж байгаа юмаа даа...

- Энэ удаа ингэж таарлаа. Хүлээж буй ажил бүтээл их бий.

- Ойрхны том ажил гэвэл...?

- Хэд хэдэн том төсөл дээр ажиллаж байна. Нутагтаа, Байгаль нуурын эрэгт ч юм уу дэлхийн уран баримал ч зураачдын том үзэсгэлэн зохион байгуулах их ажил сэдээд байгаа. Энэ зун Венецийн Виенал гээд боллоо доо. Түүн шиг гэх юм уу даа . Азийнхан, тэр дундаа Монголын барималч зураач нар олноор оролцох боломжтой гэж харж буй. Урлаг соёлын үргэлжилсэн том арга хэмжээ болно байх. Миний дотнын дүү Г.Ариунбаатар маань тэнд дуулж олныг шагшруулж баясгаад л... гээд тэрүүхэнд сууж буй дуучин руу хандаж байв. Яриан дундаа тэрээр түүнийг магтсан. Лучано Паваротти болох ирээдүй ч түүнд бий гэв. Саяхан Мариинскийн театрын хөгжмийн удирдаач, алдарт Георгиевтай Бээжинд уулзаад ирсэн тухайгаа, тэр эрхэм нь Г.Ариунбаатарыг их үнэлдэг тухай дурссан юм. Монголын дуучны нэрийг Чайковскийн нэрэмжит уралдааны тэргүүн шагналд  дэвшүүлэн зарласан тэрхүү уралдааны ерөнхий шүүгч Георгиев шүү дээ. Даши Намдаг энэ эрхэмтэй ойр ойрхон уулзаж бас түүнтэй хамт улс орнуудаар хааяа аялж байдаг дотно харилцаатай  хүмүүс юм. Тийм дээ ч саяхан Марийнскийн театрынхан Бээжинд тоглоход нь Даши очоод ирсэн бололтой. Буриадын хоёр алдартан гэдэг утгаараа ч Г.Ариунбаатартай тэрбээр дотносдог биз. Арай ах алдартныхаа хувьд Г.Ариунбаатарт хоолойгоо яаж гамнах, алдар хүндээ хэрхэн дааж авч явах талаар сайхан зөвлөлгөө өгч байна лээ. Зөвхөн түүнд зөвлөөд зогсохгүй тэнд байсан улс төрчид, урлаг соёлынхон болон ажил хэрэгч хүмүүст Г.Ариунбаатарын авьяасыг хайрлаж халамжлахыг захиж байв.

Даши Намдаг тавь дөхөж буй уран бүтээлч юм. Хүү, охин хоёртой аж. Хүүгийн нэр Чингис, тэрээр хорь гарч буй залуу юм. Хоёр жилийн өмнө аавтайгаа хамт Монголд зочилсон зураг хөргийг нь би сонин хэвлэлд би харж байв.

Одоо аавынхаа уран бүтээлд туслаад урланд нь ажилдаг гэнэ.  Эхнэр Таня нь эдийн засагч мэргэжилтэй, нөхрийнхөө урлаг  уран бүтээлийнх нь менежэр хийдэг гэх. Монгол найз нөхдийнхөө дунд Туяа хэмээн нэршсэн ажил хэрэгч бүсгүй юм билээ.  Авьяастай алдартай залуусын ойр тойронд өнгөрөөсөн нэгэн үдшийн  сонин ийм буюу.                                            

Зургийн тайлбар:

  • Гэргий Туяа, анд Бат-Эрдэнэ болон түүний гэргийн хамт. Төрийн соёрхол хүртсэний дараа.
  • “Баян сүйт бүсгүй”-г зохиогчийнх нь хамт үзэж сонирхох нь таатай байлаа. Энэхүү бүтээлийг Ажнай Д.Бат-Эрдэнэ Москвагийн Мэр асан Ю.Лужквын гэргий тэрбумтан хатагтай Елена Батуринагаас өрсөж Монголд авч ирсэн түүхтэй юм билээ. Монгол орон маань дэлхийн тавцанд энэхүү “Баян сүйт бүсгүй” байгаахыг би билэгшээдэг юм гэж эрхэм Бат-Эрдэнэ бүтээлээ үнэлж байлаа.
  • Ахын зөвлөгөө алт билээ.
  • Монголын уран барималч Л.Ганхуягийг тэрээр “Ах Төрийн соёрхолтон” хэмээв.

 

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0