Б.Ариун-Уянга


NBA: Леброн Жэймс сэтгэцийн эмгэгтэй найздаа тусална

hi

Хоёр туйлт сэтгэцийн эмгэгээсээ болоод нэгэн үе NBA-д зүтгэж явсан Делонт Уэст одоо орон гэргүй, гудамжинд амьдрах болсон юм. Саяхан түүний гудамжинд хүнд зодуулж байгаа бичлэг цахим ертөнцөд тарж, NBA-гийн ертөнцийг цочроосон. Уг бичлэг АНУ-ын Мэрилэнд мужийн нутаг дэвсгэрт болсон тул тус мужийн цагдаагийн газраас олон нийтэд цацахыг хориглосон байна. Одоогоор уг зодоонд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөж шалгах үйл ажиллагаа үргэлжилж байгаа тул хууль сахиулагчид ийм шийдвэр гаргажээ.

Бичлэг дээр зодуулж буй этгээд Делонт Уэст мөн болохыг албаныхан баталсан. Түүнийг бие дээрх шивээсээр нь таньсан гэдгээ нэгэн гэрч мэдүүлжээ.

Өдгөө 36 настай Д.Уэст Сэйнт Жосефийн их сургуулиас NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлж, 2004 оны драфтын нэгдүгээр тойргийн №24-өөр сонгогдсон юм. Түүнээс хойш найман жил NBA-д зүтгээд Хятадын лигт тоглосон. Улмаар 2015 онд “Техас Лежендс” багт тоглоод сагсан бөмбөгөө орхисон билээ.

Хоёр туйлт сэтгэцийн эмгэг нь түүнийг ид тоглогч байх үед ч илэрдэг байжээ. Тэрбээр шалтгаангүйгээр бэлтгэлээ таслах нь ихэсч, зарим үед учир нь ойлгогдохгүй ааш авир их гаргадаг байсныг тухайн үед ажиллаж байсан спортын сэтгүүлчид онцлох болов. 2009 онд замын цагдаа түүнийг саатуулах үеэр биеэс нь цэнэглэсэн гурван галт зэвсэг илрүүлж байв.

Түүнтэй холбоотой бас нэгэн том дуулиан бол багийнхаа хамтрагч Лэброн Жэймсийн ээжтэй явалдсан гэх цуурхал. Хамгийн сүүлд Д.Уэсттэй холбоотой дуулиан бол банкинд 108 мянган ам.долларын зээлээ төлөөгүй явдал юм.

Ийм нэг тоглогчдод туслах хүсэлтэй хүн NBA-гийн ертөнцөд цөөнгүй гарч иржээ. Түүнийг анх драфтаар авч байсан “Бостон Селтикс” багийн менежер Дэнни Эйнж түүнд скаутын ажил санал болгохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн Лэброн Жэймс нэгэн үе хамтрагч байсан Д.Уэстэд мөнгөн тусламж үзүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн. “Хаан” Жэймс бизнес хамтрагч болох Маверик Картерт энэ тухай ярьсан бөгөөд Д.Уэстийг Лос Анжелес хотод авчирч, хуучин хамтрагчаа хөл дээр нь босох хүртэл шаардлагатай бүх мөнгийг зарцуулна гэж ярьсан гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: KOO.MN

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0