“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд нэг триллион ам.долларын хөрөнгө оруулжээ

hi

БНХАУ “Бүс ба Зам” санаачилгынхаа хүрээнд өнгөрсөн онд дэлхийн улс орнуудад 120 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэ нь БНХАУ-ын нийт гадаад улс орнуудад оруулсан хөрөнгө оруулалтын 13 хувийг эзэлж байгаа аж. Анх таван жилийн өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачилгад одоогийн байдлаар Ази, Европ, Африкийн 85 орчим улс хамрагдаад байгаа юм. БНХАУ “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд  2016 онд 170.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байсан бол 2017 онд 174 улс орны 6236 аж ахуй нэгж байгууллагуудад 120.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь өнгөрсөн 2018 онтой бараг адил хэмжээний байна. Шинжээчдийн олонх нь “Бүс ба Зам” санаачилга худалдаа болоод хөгжил гэсэн нэрэн доорх улс төрийн шинж чанартай төсөл гэдэг дээр санал нийлдэг. “Хятадын Ази мөрөөдөл” номын зохиолч Том Миллер  номондоо “Бүс ба Зам” бол Хятад Улс өөрийн байр суурийг Азид давамгайлах хүчээр түүхэн байр сууриа хадгалах оролдлогын нэг арга зам гэдэг тухай онцолсон байдаг. Кристофер Балдинг мөн энэ төслийн тухай “Эдийн засгийн хатуу чанд хөтөлбөр гэхээсээ илүүтэйгээр Хятадын олон улсын дипломат харилцаандаа сайн нөлөө олж авах гэсэн хүчин чармайлт юм” хэмээж байсан удаатай. Ямартай ч сүүлийн жилүүдэд “Бүс ба Зам” санаачилгын талаарх дэлхийн улс орнуудын хандлага сөрөг болсоор байна. Үүнээс гадна АНУ Австрали, Энэтхэг, Япон Улстай хамтран  Азийн орнуудын дэд бүтцийн салбарыг сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь  “Бүс ба Зам” санаачилгад сөргөөр нөлөөлөхөөр байна. Тэгвэл өнгөрсөн таван жилийн хугацаанд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд БНХАУ 24 улстай нь чөлөөт худалдааны гэрээ байгуулж, санаачилгын гишүүн орнуудад 244 мянган ажлын байр шинээр бий болгож, 81 боловсролын байгууллага, 35 соёлын төв байгуулж, 270 сая юанийг гишүүн орнуудынхаа боловсролын салбарт зарцуулжээ. Түүнчлэн  “Бүс ба Зам”-ын дагуух орнуудад олон улсын авто замын зорчигч болон ачаа тээврийн 356 шугам нэвтэрч, олон улсын чиглэлийн агаар аяллын шугам 403 болон нэмэгдэж, 43 улсын хооронд шууд нислэг нээгдсэн байна. Өнгөрсөн оны байдлаар уг санаачилгын хүрээнд нийт 4.5 тэрбум ам.долларын өртөг бүхий найман төсөл дуусчээ. Эдгээр төсөл дэлхийн хамгийн хаалттай улсын нэг Хойд Солонгосоос эхлээд холын Унгар Улс хүртэл хэрэгжжээ. Үүний нэг нь манай улсын баруун талд байрлах хоргос боомт бөгөөд БНХАУ, Казахстаны хил залгасан цэгт нийт 245 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн Унгарын "Huawei" ложистикийн төв, Хойд Солонгосын шинэ Ялу гүүр, Индонезийн цахилгаан станц зэрэг хэдийнээ сүрдэрлэсэн бодит бүтээн байгуулалтыг нэрлэж болно. “Бүс ба Зам” нь гурван чиглэлтэй. БНХАУ-аас Төв Азийн орнууд ОХУ-аар дамжин Хойд Европт хүрнэ. БНХАУ-аас Төв Азийн орнуудаар дайран Ойрхи Дорнод болоод газар дундын тэнгис чиглэх бол мөн тус улсаас Зүүн-Өмнөд Азиар дамжин Энэтхэгийн далайд хүрэх юм. Дэлхийн 65 орны далайн боомт, газрын тос, хий дамжуулах хоолой, авто болон төмөр замуудыг холбон улс дамнасан дэд бүтцийн парк, эдийн засгийн коридор бүхий аварга сүлжээ бий болгохыг Бээжин хүсч байгаа юм.

БНХАУ-ын төрийн хэвлэлийн хэлж байгаагаар “Бүс ба Зам” төсөлд таван жилийн хугацаанд нэг триллион ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд ирэх 2030 он гэхэд 26 триллион ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа ажээ. “Бүс ба Зам” төсөл нь Бээжинд эдийн засаг болоод улс төрийн хувьд асар их өгөөжөө өгөх төдийгүй түүнийгээ дагаад тодорхой хэмжээний эрсдэлийг дагуулж болзошгүй гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0