М. Учрал


Засгийн газар эдийн засаг, санхүү мөнгөний ямар нэг шинэчлэл хийхгүй бол ирэх оныг “нэмэх” үзүүлэлтгүйгээр угтана

hi

    Монгол улсын эдийн засаг цар тахлын энэ хүнд үед амаргүй нөхцөл байдалтай байна. Ганц Монгол улс ч биш дэлхий даяар цар тахлаас үүдэн хүнд нөхцөл байдалд байгааг хэн хүнгүй сайн мэдэж байгаа.  Энэ үүднээсээ дэлхийн бүхий л улс орнууд цар тахлын нөлөөгөөр эдийн засаг нь их бага хэмжээгээр хохирч энэ онд бүрэн сайжрах эсэх нь тодорхойгүй байна.

Монгол улсын хувьд цар тахал тархах хэрээр төр засгийнх нь нөөц хүч шавхагдаж, ард түмэн эрүүл мэнд гэхээсээ эдийн засаг, амьжиргаа, санхүү мөнгөний хувьд асар их хохирол амсч байгаа нь хэнд ч ойлгомжтой. 

Анхнаасаа түүхий эд дээр суурилсан эдийн засаг давамгайлж ирсний гайгаар өнөөдөр Монгол улсын эдийн засаг маш сул, өдгөө бүрэн нурж унахад бэлэн байгаа нь улс орны нөхцөл байдлыг улам бүр туйлдуулсаар байна.

Тэр утгаараа монголын тэргүүлэх эдийн засагчид энэ онд Монгол улсад үндэсний үйлдвэрлэл бүрэн сэргэж, жижиг дунд үйлдвэр яг бодит утгаараа хөгжих төлөв огтоос харагдахгүй байгааг шинэ Засгийн газрын удирдлагуудад байнга сануулж байгаа.

Тэдний хэлж байгаагаас үзэхэд цаашид нөхцөл байдал ийм байдлаар удаан үргэлжилвэл  жижиг, дунд бизнес эрхлэгчид бүгд санхүүгийн хүндрэлтэй тулгарч, ойрын хугацаанд 500-600 мянган хүн ажилгүй болох судалгаа байна.  

Гэхдээ эдийн засагчдын үзэж байгаагаар хэрвээ Засгийн газар зөв бодлого, шийдвэр гаргаж чадвал энэ онд эдийн засаг 4.5-5 хувийн өсөлттэй байх боломж байгаа бөгөөд гэхдээ энэ нь Засгийн газрын зүгээс төсвийн болон хөрөнгө оруулалтын бодлогыг зөв хэрэгжүүлхээс бүх зүйл шалтгаалах аж.

Шинээр томилогдсон Л.Оюун-Эрдэний Засгийн газрын хувьд яг ийм нөхцөл байдал дээр эдийн засгаа сэргээнэ гэдэг маш хүнд даалгавар болж байна.

Шинэ Засгийн газрын хувьд эдийн засгын хүндрэлийг даван туулахын тулд эхний ээлжинд цар тахлын үеийн эдийн засгын бодлогоо зөв болгох хэрэгтэй бөгөөд тэгж байж Монгол улс цар тахлын хүнд үед эдийн засгаа хохирол багатай даван гарна. Тэр үүднээсээ Засгийн газар хэрэггүй төсвөө  яаралтай танаад жижиг дунд бизнес эрхлэгчиддээ хөнгөлөлттэй зээл олгож, ирэх  6 сарын хугацаанд маш идэвхитэй ажиллах шаардлагатай.

Тэгэхгүй шинэ Засгийн газрын удирдлага ирэх Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хамаг ажлаа хий хоосон улс төржилтөд зориулвал эдийн засаг сэргэх нь бүү хэл энэ ажил ганц ч алхам урагшаа явахгүй нь ойлгомжтой. Учир нь улс орны эдийн засаг хий хоосон улс төржилтөөс шал өөр зүйл бөгөөд  хэрвээ энэ онд бид эдийн засаг, санхүү мөнгөний ямар нэгэн эрс шинэчлэл хийхгүй бол ирэх оныг ямар ч “нэмэх” үзүүлэлтгүй угтах нь тодорхой юм.

Тийм учраас Засгийн газар одооноос л санхүү эдийн засгийн бодлогоо зөв тодорхойлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ энэ цаг үед дэмжих нь хамгийн зөв шийдэл болоод байна. 

Ж.Батдорж

Хаха 1 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0