Д.Алтантуяа: Миний хүүгийн үхэлд С.Байгальмаа шүүгч буруутай

hi

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд жилийн өмнө 19 настай хүү Уулын баяжуулах үйлдвэрийн ажилчдын саунд тогонд цохиулж нас барсан юм. Түүний ээж Д.Алтантуяа хүүгээ цаг бусаар алдсанд Бор-Өндөр сумын сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмааг буруутгаж байгаа. Мөн тухайн үйлчилгээний газрыг тогтой байгааг мэдсэн хэрнээ анхааруулж хэлээгүй, талийгаачийг амь тэмцэж байхад аврах боломж байсан ч авраагүй шүүхийн жолооч Х.Гансүх нарт гомдолтой байгаа талаар манай сайтад ярилцлага өгсөн юм.

ХӨРГӨГЧ ЗАЛГААТАЙ, УТАС НЬ ШАЛБАРААД ИЛ ГАРЧИХСАН БАЙСНЫГ ҮНЭХЭЭР АНЗААРААГҮЙ

  • Тэр өдөр юу болсон юм бэ? Яагаад хүү нь амиа алдсан юм?
  • Хэрэг гардаг өдөр буюу 2017 оны есдүгээр сарын 20-ны өдрийн орой 17 цагт С.Байгальмаа шүүгч над руу залгаад “Уулын баяжуулах үйлдвэр”-ийн саун руу явж цэвэрлэгээ хий гэж залгаад дуудсан. Би маргааш өглөө нь хоолны үзэсгэлэн худалдаанд орох гээд талх нарийн боов, торт хийх гээд гадуур явах ажил ихтэй зав муутай байсан юм. Гэтэл С.Байгальмаа шүүгч над руу залгаад “..хурдлаач чи хаашаа алга болчихов..” гээд дуудаад байхаар нь би очсон л доо. Түүнийг дагаад үйлдвэрийн саун руу ортол урьд өдөр нь цагдаа нар орсон гээд маш их бохир байсан. Би крантыг нь нээж үзээд ус гоожиж байхаар нь буцаагаад хаагаад чулуу халаадаг зуухны цахилгааныг бүгдийг нь салгаад явсан юм. Гэвч эвдэрхий шахуу хуучин орос хөргөгчийг залгаатай, утас нь шалбараад ил гарчихсан байгааг тухайн үед үнэхээр анзаараагүй ээ. Ингээд бид буцаж, би ч үзэсгэлэндээ бэлдээд, өглөө 07 цаг хүртэл нарийн боов хийгээд нойргүй хоносон юм. Гэтэл өглөө 8:15 минутад С.Байгальмаа над руу залгаад “Чи бид хоёрын очсон саунд ус алдаад байна. Явж тэрийг янзал” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Завгүй байна. Одоо 10 цагт үзэсгэлэн худалдаанд орно” гэж хэлсэн боловч удалгүй шүүхийн машин гадаа ирээд “С.Байгальмаа шүүгч явууллаа. Саун явъя” гээд сигнаалдсан. Тэр шүүхийн машин ирээгүй бол би явахгүй шүү дээ. Ингээд би дуртай дургүй хувцасаа өмсөж байтал талийгаач хүү маань сэрээд “Ээж та хаачих гэж байгаа юм” гэж асуусан. Би саун руу явах гэж байгаагаа хэлтэл “Та 10 цагаас үзэсгэлэн худалдаанд орно. С.Байгальмаа шүүгч орох саунаа өөрөө цэвэрлэж болдоггүй юм уу” гээд уурлаад, “Ээж хоёулаа явъя. Та тэр крантанд нь хүрч чадахгүй” гээд намайг дагаад явсан юм. Хүү бид хоёр шүүхийн машинд суугаад үйлдвэрийн хаалгаар ороод саунд очтол хаалганы босгыг даваад ус гоожиж байсан. Өмнөх орой нь С.Байгальмаа шүүгч “Чи сауныг цэвэрлэ. Маргааш би орно” гээд түлхүүрийг нь надад өгсөн учир хүүтэйгээ хоёулаа хаалгыг нь онгойлгож ороод гэрлийг нь асаатал жирс жирс гээд тог цохиж байсан. Тэгээд цаашаа яваад үзтэл цорго нь бөглөрчихсөн байхаар нь “За за цорго нь бөглөрчиж” гээд эргээд гарах гэтэл шүүхийн жолооч Х.Ганхуяг аль хэдийн гутлаа тайлаад ширээн дээр гараад зогсчихсон байсан. Х.Ганхуяг хүү бид хоёрыг ч бас ширээн дээр гараад зогсоорой, энэ орчин тогтой байна гээд хэлж болох л байсан. Ингээд хүү бид хоёр тогонд цохиулж эхэлсэн. Хүү минь цахилгаанд цохиулаад унахдаа намайг хаалга тийш хүчтэй түлхэж би босго даваад унаж амь аврагдсан юм. Би бас тогонд цохиулаад өрөөсөн талын гар хөлийн булчин зангирчихсан босож чадахгүй тийчигнэж байсан ч хүүгээ хараад өвдөлтөө мартаж, сандарч, балмагдан орилох гэж оролдож байсан. Тэгээд миний хүү тогонд цохиулан татганасаар байгаад амь алдсан. Шүүхийн жолооч С.Гансүх энэ үед миний хүүг хөл дороо амь тавьж байгааг зүгээр хараад л ширээн дээр зогсож байсан. Туслах оролдлого огт хийгээгүйд гомдож явдаг. /уйлав/ Хэрвээ С.Байгальмаа шүүгч над руу залгаж, намайг зарцлах гэж удаа дараа дарамтлаагүй байсан бол өдийд би хоёр хүүтэйгээ хамт аз жаргалтай амьдарч байх байсан.
  • С.Байгальмаа шүүгч та хоёр ямар холбоотой юм бэ? Найз нөхөд, эсвэл хамт ажилладаг хүмүүс юм уу?
  • Холбоо гээд байх юм байхгүй ээ. Би хоол, цай хийж хэд гурван төгрөгөөр зардаг хүн л дээ. Тэгээд шүүх дээр очиж хоол зарж байгаад танилууд болсон. Бид хоёр Дорноговийнх. Энд ирээд нэг нутгийнх гэдгээ мэдсэн юм. Гэтэл С.Байгальмаа өөрийгөө надад тусалж дэмждэг, төрсөн дүү шигээ харж үздэг байсан гэж Шүүхийн ерөнхий зөвлөлд худлаа мэдүүлсэн байгаа юм. Яг үнэндээ чанасан толгой авъя. Ийм тийм хоол авмаар байна хурдал гэж л харьцдаг байсан. Гэтэл тэрээр хүүг минь хүртэл согтуу байж байгаад амь насаа алдсан гэж гүтгэсэнд маш их гомдолтой байгаа.
  • Уулын баяжуулах үйлдвэрийн ажилчдын саунд яагаад С.Байгальмаа шүүгч ордог юм бэ? Угтаа бол үйлдвэрийн бүсэд хамаагүй гадны хүн нэвтрүүлэх хориотой байдаг биз дээ?
  • Тиймээ. Зөвхөн үйлдвэрийн ажилчид дотооддоо хэрэглэдэг саунд цагдаа болон шүүгч нар дураараа орж гардаг. Харуул нь ямар ч шалгалт хийлгүй шууд оруулчихдаг юм.
  • Хэрэг гарснаас хойш С.Байгальмаа, Х.Гансүх нар тантай уулзав уу? Эмгэнэл илэрхийлж уучлалт гуйсан уу?
  • Үгүй эмгэнэл илэрхийлж уучлалт гуйх нь бүү хэл хоорондоо үгсэн хуйвалдаж, намайг доромжилж гүтгэж байна. Талийгаач хүүг маань согтуу байсан, өөрөө түлхүүр гуйж аваад саун руу орсон гэж Х.Гансүхтэй нийлж намайг гүтгэж байгаад маш их гомдолтой байна.
  • Хэрэв танд хэцүү биш бол талийгаач хүүгийнхээ талаар ярьж болох уу?
  • Миний хүү хоёр метр өндөр сайхан хүү байсан. Сагс тоглодог. Бүүр лигт тоглодог байсан. 2016 онд Батлан хамгаалахын их сургуулийг төгсөөд ээждээ нэмэр болохоор “Уулын баяжуулах үйлдвэр”-ийн харуул хамгаалалтанд ажиллаж байсан. Элдэв муу зуршилгүй, ээждээ их нэмэр болдог хүү минь байсан юм. Би хоёр хүүтэй өрх толгойлсон эмэгтэй болохоор талийгаач минь ээждээ их л нэмэр болдог байлаа.
  • Хүү нь саунд нас барсан уу? Эмнэлэгийн тусламж авч чадсан уу? Эмнэлэгийн тусламж авах хүртэл хэр удсан бэ?
  • Маш их удаж байж эмнэлэгийн тусламж авсан. Үйлдвэрийн эмч ирсэн. Сандраад дөрвөлжин хайрцгаа ч онгойлгож чадахгүй, салганаад их удсан. Хүүд минь хиймэл амьсгаа хийсний дараа нэг амьсгал ороод урт гэгч амьсгалаад эргээд ухаан алдсан. Тэгээд ахиж сэрээгүй. /хоолой нь зангирав/
  • Та шүүхэд хандсан гэсэн. Хэрэг хэрхэн шийдвэрлэгдэж байна? Энэ хэрэг дээр хууль шүүхийн байгууллага хэр шударга хандаж байна?
  • С.Байгальмаа, Х.Гансүх “Уулын баяжуулах үйлдвэр”-ийн дарга нар хүртэл намайг гүтгэж, талийгаач хүүг минь доромжилж байгаа. Манай өмгөөлөгч Г.Батбаяр нь саяхан ШЕЗ-ийн нийт гишүүдийн хуралдаанаас Байгальмаа шүүгчид ёс зүйн хариуцлага тооцуулж 6 сар цалингийн 30%-аар торгуулах сахилгын шийтгэл оногдуулсан. С.Байгальмаа шүүгчээс болж хайран сайхан хүүгээ алдсан гэхээр харамсаж, маш их гомддог. Тиймээс би цаашид өмгөөлөгчтэйгөө хамт тэмцэнэ гэж бодож байгаа.
  • Та С.Байгальмаа болон Х.Ганхуяг нарт ямар хариуцлага хүлээлгэвэл зохистой гэж бодож байна?
  • Хүүгийн минь амийг юугаар ч үнэлж барахгүй ч гэлээ би тэр хүмүүсийг тохирох ял шийтгүүлээсэй гэж хүсэж байна. Талийгаач цалингийн зээлтэй байсан. Би ч мөн цалингийн зээлтэй. Хүү минь ажил хийж ээждээ их нэмэр болдог байсан юм. Би өрх толгойлсон, тодорхой ажилгүй хүн гэж. Хоол хийж зарж, амьдарлаа залгуулдаг надад хүү минь тэнгэрийн аврал, түшиг тулгуур минь байсан юм. Тэр хүмүүс хүүгийн минь цалингийн зээл, оршуулгын зардлыг ч гэсэн төлөх ёстой. Энэ талаар би өмгөөлөгчдөө хэлсэн. Г.Батбаяр өмгөөлөгч хэргийг миний талд шийдүүлнэ гэдэгт бат итгэлтэй байна.
  • Ярилцсанд баярлалаа.     
  • Ярилцсан: Т.Гал

 

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2