Нүүр хуудас Мэдээ Я.Болдбаатар: “Зүүнбаян рефайнери” ХХК-д Монгоын хууль үйлчилдэггүй мэт аашилдаг

Я.Болдбаатар: “Зүүнбаян рефайнери” ХХК-д Монгоын хууль үйлчилдэггүй мэт аашилдаг

Tugmn
Tugmn, TUG.MN

Нийслэлчүүдийн цэвэр усны хэрэгцээг Хатан туул голын маань ай сав дангаараа хариуцаж тэтгэдэг. Гэвч эрх мэдэлд шунасан хэсэг бүлэг нөхдүүд ашиглах газар мундсан биш бургасыг нь хүртэл огтолж байгаад туул гол дотроош барилгын ажил явуулах болсон.

   Түүний тодхон жишээ нь, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы гэх тодотголтой “Зүүнбаян рефайнери” ХХК. Богдхан уулын дархан цаазат газрын Багатэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч “Зүүнбаян рефайнери” ХХК Туулын бургасыг огтолж, байгаль орчинд ноцтой хохирол учруулж буй талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас удаа дараа мэдээлсэн ч  үйл ажиллагааг нь таслан зогсоож чадахгүй байна.

   Тухайлбал, БОАЖЯ-ны зүгээс 2017 оны зургаадугаар сард барилгын ажил явагдаж буй тус газарт тусгай мэргэжлийн байгууллагаар байгаль орчны хохирлын үнэлгээ хийлгэсэн байна.


Усны, ойн, хөрсний гэх мэт хохирлыг нэг бүрчлэн тооцсоноор “Зүүнбаян рефайнери” ХХК нь улсад буюу нийслэлчүүд бидэнд 9 тэрбум 171 сая төгрөгийг хохирлыг учруулсан гэж тогтоосон байдаг.

   Түүнчлэн “Зүүнбаян рефайнери” ХХК нь Монгол Улсын усны тухай хуулийн 22.2 болон 22.3 дахь заалтыг зөрчиж хууль бус ажиллагаа явуулж  иргэдийг хохироож буй тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь хүртэл таслан зогсоосон.

   Харсалтай нь тус компанийн нууц ноёнтон гэгддэг С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга болсон даруйдаа тус компанийн барилгын ажлыг эхлүүлсэн гэх мэдээлэл гарсан тул эл асуудлын хүрээнд  “Туул голын сав газрын захиргаа”-ны дарга Я.Болдбаатартай ярилцлаа.


Нийслэлийн Богд Уулын хамгаалалтын захиргаанаас тус барилгын газрыг  “Хамгаалалтын бүс”-ээс гаргачихсан байсан

  • Байгаль орчинд хор учруулсан гэдэг шалтгаанаар үйл ажиллагааг нь таслан зогсоосон “Зүүнбаян рефайнери” ХХК, С.Амарсайханыг Хотын захирагч болсон даруйд хэвийн ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Энэ тал дээр танайхаас ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байна вэ?
  • Манай “Туул голын сав газрын захиргаа”-аас “Зүүнбаян рефайнери” ХХК-д 2014 оноос хойш тасралтгүй хяналт шалгалтын ажиллагаа хийж байна. Гэвч яг үнэндээ барахгүй байна.

Манай байгаль орчны байцаагч нар удаа дараа газар дээр нь очиж үнэлгээ хийн, “Зүүнбаян рефайнери” ХХК-д ч, НМХГ-т ч албан шаардлагуудаа өгсөн.

   Цаашлаад “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн үйл ажиллагаа байгаль орчинд нэн сөрөг нөлөө үзүүлж буй тул УИХ-ын Байнгын хороон дээр хүртэл яригдсан. Тэндээс БОАЖЯ-ны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг хүртэл гарч, манай байцаагч нартай тус компанийн үйл ажиллагаа явуулж буй барилгын талбай /Туул гол/ дээр очсон.

   Мөн УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгээр ахлуулсан хоёр гурван УИХ-ын гишүүн хүртэл тус байгууламж дээр очоод албан шаардлага өгсөн. МХЕГ-аас барилгын  ажлыг зогсоосон гээд шат дараалсан бүх арга хэмжээг авсан.

Гэсэн хэдий ч “Зүүнбаян рефайнери” ХХК төрийн байгууллагуудын албан шаардлагагыг огт хүлээж авдаггүй.

   Өдөр нь ажлаа зогсоогоод, шөнө нь үргэлжлүүлээд, тавьсан албан шаардлагыг биелүүлдэггүй, хариу хүргүүлдэггүй. Барилга бариулж буй компанийн эзнээ хүртэл хэлдэггүй байх жишээтэй.

   Тэр байтугай дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг, Өргөдлийн байнгын хороооны дарга УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулсан УИХ-ын гишүүд хүртэл очиж байхад харуул хамгаалалтын ажилтнууд нь дотогш оруулдаггүй. Монголын хууль үйлчилдэггүй мэт аашилдаг. “Зүүнбаян рефайнери” ХХК-г бид яаж ч чадахгүй байна.

-Гэхдээ тус барилгын компанийг одоогоор шүүхэд өгчихсөн байгаа шүү дээ.

- Тийм. Тус компани нь маш олон хууль тогтоомж зөрчиж, байгаль орчинд хорт нөлөө учруулж байгаа тул “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн байгууламжийн газрыг чөлөөлөх асуудал шүүхийн шатанд явж байгаа. Үйл ажиллагааг нь зогсоосон. Хамгаалалтын бүсэд орсон.

Гэхдээ сүүлд энэ газрыг нягтлахад,


Нийслэлийн Богд Уулын хамгаалалтын захиргаанаас тус барилгын газрыг  “Хамгаалалтын бүс”-ээс гаргачихсан байсан. Эдгээр зүй бус үйлдлүүд нь одоогоор шүүхийн шатанд явж байна.

  • Зүй бус үйлдлүүд гэж яг ямар үйлдлүүдийг нь хэлээд байна вэ?
  • Монгол Улсын Усны тухай хуулийн 22.2-ын “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэх заалтыг, мөн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасныг “Зүүнбаян рефайнери”ХХК зөрчсөн.

Мөн өөрийнх нь, НИТХ-ын баталсан 50 дугаар тогтоолоор Усны хамгаалалтын бүсийг шинэчилэн тогтоосон. “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн барилгын талбай энэ бүстэй давхцалтай байгаа, ойлгомжтой.

Ер нь тус компани нь Туул голыг бохирдуулж, нөөцөд сөргөөр нөлөөлж байна гэдэг утгаараа манайхаас маш олон шаардлагыг байнга тавьж байна.


Мэдсээр байж хориглосон “Хамгаалалтын бүс” дотор газар олгочихсон байдаг

- Тэгвэл бусад Туул голыг дагаж баригдсан барилга, байгууламж, амралтын газруудад танайхаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Уулын замаар явж байхад Туул голруу орох сөөм нүх ч байхгүй болсон байна?

- Энэ “Туул голыг дагаж баригдсан барилгууд анхнаасаа аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж газрын зөвшөөрлөө авдаг. Зөвгөөрлийг БОАЖЯ-аас олгодог. Манайхаас хяналт тавьдаг. Гэтэл зөвшөөрлөө авсан даруйдаа зориулалтыг нь өөрчилж суурьшил болгоод Орон сууцны барилга, хауснууд барьж эхэлдэг жишиг тогтсон гэхэд болсон .

Мөн хэчнээн “аялал жуулчлалын чиглэл”-ээр үйл ажиллагаа эрхлэхэд нь зөвшөөрөл олгож байгаа ч анхнаасаа  хориглосон “Хамгаалалтын бүс” дотроо зөвшөөрөл олгосон байдаг.

Туул голын сав захиргаанаас яг асуудал дээр сар болгон эргүүл хийгээд шаардлагуудаа тавиад явж байна.

-Энэ төрлийн зөрчил илэрвэл танайхаас ямар арга хэмжээ авч байна?

- Энэ тал дээр өнгөрсөн жил маш их үр дүн гарсан. Туул голын сав газрын дагуу хамгаалалтын бүсэд орсон 56 ААН-ээс 52 ААН-ийн зөвшөөрлийг цуцалсан. Одоо хашаа хороог нь буулгах, нүүлгэх шилжүүлэх  ажлуудыг хийлгэхээр Туул голын сав газрын захиргаа, Богд уулын хамгаалалт, Байгаль орчны яам хамтран шүүхдээд явж байна.

-Шүүхээр ялж, газрыг нь чөлөөлүүлсэн хэрэг байна уу?

-Ялчихаад эхнээс нь сэргээгээд явж байна. “Хатан туулаа хамгаалъя” гэх холбоо хүртэл байгуулагдаад явж байна.

Туул гол руу бохир усаа цутгадаг ганцхан газар бий

-Арьс ширний үйлдвэрийн тухайд танайхаас ямар хяналт шалгалт хийж байна вэ? Туул гол руу үйлдвэрийнхээ бохир усыг шууд урсгадаг газар бий юу?

-Улаанбаатар хотод бохир усаа шууд Туул голд нийлүүлдэг арьс ширний үйлдвэр гэж байхгүй болсон. Бүгд хяналтанд орсон. Арьс ширний үйлдвэрүүд өөрсдийн харъяа цэвэрлэх байгууламжууд руу бохироо нийлүүлнэ. Харъяа цэвэрлэх байгууламжууд өөрсдөө тэр усанд тодорхой хэмжээний цэвэрлэгээ хийгээд Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлнэ.

Гэхдээ стандартанд нийцтэл гүйцэт цэвэрлэж чадахгүй байгаа учраас Төв цэвэрлэх байгууламжид мэдээж ачаалал нэмж байгаа.

-Иргэдээс Туул гол руу шууд бохироо нийлүүлдэг барьс ширний үйлдвэр байна гэх гомдол ирсээр л байгаа шүү дээ?

- Ганц газар л Туул гол руу бохироо нийлүүлж байгаа. Тэр нь ХУД-ийн 12-р хороонд байрлах Биокомбинат үйлдвэрийн цэвэрлэх байгууламж эвдэрсэн. Тэндээс гарсан бохир л Туул гол руу шууд хаягдаж байгаа.

-Биокомбинатын үйлдвэрт тэгээд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Бохироо шууд урсгасаар л байх уу?

- Бид аль гурав, дөрвөн жилийн өмнөөс энэ үйлдвэрийн бохирыг тосгоны цэвэрлэх байгууламжтай холбох асуудлыг сөхөж, санал хүртэл тавьсан байгаа.

Гэхдээ энэ үйлдвэр  Хот суурины барилга байгууламж гэдэг утгаараа цэвэрлэх байгууламж нь Барилга, хот байгуулалтын яаманд харъяалагддаг.  Тиймээс бид саналаа тус яаманд давхар хүргүүлсэн. Одоогоор ямар нэг шийдвэр гарч, асуудлыг шийдэж өгөөгүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Х.Маргад

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлД.Ариунаа: Эргэлзээтэй, муу зээлдэгчээр бүртгэгдсэн иргэдэд арилжааны банкууд зээл өгөхгүй гэсэн хууль, журам байхгүй
Дараагийн нийтлэл О.Мөнхжаргал: Хөрөнгө оруулагчид урт хугацааны өгөөжийг харах нь ашигтай

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү