Нүүр хуудас Мэдээ Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат: 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил дууссан. Энэ долоо хоногоос шинэ иргэдээ хүлээж авна

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат: 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил дууссан. Энэ долоо хоногоос шинэ иргэдээ хүлээж авна

Tugmn
Tugmn, TUG.MN

- Дархан-Уул аймгийн 2019 оны төсвийн онцлог ямар байна. Орлогыг нэмэгдүүлэх, үргүй зардлыг багасгах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?   

- Дархан-Уул аймгийн 2019 оны нийт төсөв 27,3 тэрбум төгрөгөөр батлагдаж ирсэн. Аймгийн тусгай зориулалтын шилжүүлэг 33,8 тэрбум төгрөгөөр батлагдаж сургууль, цэцэрлэгийн цалин хөлс гээд бусад төрийн байгууллагуудын бүх зардлыг санхүүжүүлэхээр боллоо. Үүнээс хөрөнгө оруулалт 4,9 тэрбум, ОНХС 4,6 тэрбум төгрөгөөр шийдэгдэж ирлээ. Аймгийн Засаг даргын нөөц сан 214,2 сая төгрөгөөр батлагдсан.

- Урьд оны төсвөөс өссөн гэсэн үг үү?

- Өсөлгүй яахав. Урьд онд бид 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байсан бол энэ жил 27,3 тэрбум төгрөг зарцуулна. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төсвийн байгууллагын албан хаагчдын цалин хөлс 8 хувиар нэмэгдүүлэхээр тооцон Хувь хүний орлогын албан татварыг 593,1 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн. Манай аймгийн хувьд 2018 онд орон нутгийн төсвөөс улсын төсөвт 458.9 сая төгрөг төвлөрүүлж байсан бол 2019 онд 3,010.2 сая төгрөг төвлөрүүлдэг болсон.

Эдийн засаг сэргэж, төсвийн орлого нэмэгдэж байгаатай холбогдуулан МУЗГ, Сангийн яамнаас төсвийг үр өгөөж хэмнэлттэй байх тал дээр маш их анхаарч төсвийг хуваарилсан. Өмнө нь бид орон нутгийн төсвийн орлогоос халамжийн сангаа санхүүжүүлдэг байсан бол энэ онд халамжийн сангийн үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээг өрхийн мэдээллийн санг түшиглэн улсын төсвөөс санхүүжихээр тооцож орон нутгийн төсвөөс 8.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, орон нутгаас амьжиргаа дэмжих мөнгөн тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний 139,0 сая төгрөгийг олгохоор тооцсон.  Нөгөө талдаа соёл урлаг, спортын байгууллагыг тусгай зориулалтаар санхүүжүүлдэг байсан бол орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх байдлаар зохицуулалт хийж өглөө. Тэгэхээр орон нутгийн музей, театр, соёлын төв, номын сан, хүүхдийн номын ордон, биеийн тамир спортын байгууллагуудын үйл ажиллагааны зардал 2.4 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт тусгасан гэсэн үг. Мөн Өмчийн ашиглалт, хамгаалалт, үр ашгийг сайжруулах зорилгоор цэцэрлэг, сургууль, эмнэлэг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын байрны ашиглалттай холбоотой зардлыг орон нутаг хариуцна. 2019 онд 3.4 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт тусгасан. Урьдчилан төлөвлөх боломжтой зардлыг төсвийн нөөц хөрөнгөөр зарцуулахгүй.

Үүнээс гадна аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулж, орон тоо, техник хэрэгслийн хэрэгцээ шаардлагаа тооцож, менежментээ өөрсдөө хариуцдаг тогтолцоонд шилжүүлэх бэлтгэл суурь ажлыг хийхээр чиглэл ирсэн. Хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, устгахад хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогоо бүрэн зарцуулах эрхийг тухайн орон нутгийн хот тохижуулах газарт олгоно гээд төсвийг үр ашигтай хэмнэлттэй байх тал дээр олон өөрчлөлтүүдийг хийж ажиллаж байна.

- Хог хаягдал гэснээс Дархан-Уул аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих тухай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар ямар шийдвэрт хүрч байна вэ?

- Хотуудын өмнө тулгамддаг зүйлийн нэг бол хог хаягдлын менежментийг сайжруулах асуудал. Шийдэл олохоор, бодит ажил хийхээр үе үеийн аймгийн дарга нар л ажиллаж ирсэн. Бид Азийн Хөгжлийн Банкны буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хог хаягдлын төсөл”-д хамрагдах хүсэлтээ тавьж, Барилга хот байгуулалтын яамны дэмжлэгийг авсан. Төслийн багийнхан манай аймагт ажиллаж аймгийн НААҮГ-ын хог тээвэрлэлтийн 17 мэргэжилтэнг хог хаягдлын ангилан ялгах сургалтад хамрууллаа. Нийтийн зориулалттай орон сууцны 12, гэр хорооллын 12 нийт 24 өрхийг сонгон, долоо хоногт ямар төрлийн хог хаягдал гарч буйг судаллаа. Мөн Дархан Төмөрлөг, Дархан нэхий, Бараат хогийн цэгийн хог хаягдлыг үзэж судалсан.

- Хугацааны хувьд хэзээ эхлэх юм бол?

- Энэ онд аймгийн Нийтийн Аж Ахуй Үйлчилгээний газрын хог тээвэрлэлтийн 17 мэргэжилтэн хог хаягдлыг ангилан ялгах сургалтад хамрагдаад байна. Хүн амын тоо нас хүйсийг харгалзан орон сууцны болон гэр хорооллын нийт 24 өрхийг сонгож ямар төрлийн хог хаягдал гарч буйг судалж байна. Улмаар 2020 онд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад орсон.

- Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил дуусч байгаа юу?

- Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн хүрээнд “Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг Герман, Италийн хамтарсан Пфайфер болон ЭМИТ түншлэл үндсэн гүйцэтгэгчээр шалгаран ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл 45 хувьтай үргэлжилж байна. 2019 онд тус төслийн тоног төхөөрөмжийн угсралт, барилга угсралтын ажлыг 100 хувь дуусгаж 2020 оны эхний хагаст туршилт тохируулгын ажил хийж тус оны зургадугаар сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байна. Энэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Дархан хотын цэвэрлэх байгууламжийн найдвартай ажиллагаа бүрэн дүүрэн хангагдах ёстой.

- Дарханчуудад хүлээлт үүсгэсэн нэг ажил бол УБ-Дарханы замын засвар шинэчлэлийн ажил. Энэ бүтээн байгуулалтад Дарханаас ямар үүрэг оролцоотой ажиллах вэ?

- Улсын хэмжээнд 2019 онд таван аймгийг нийслэл хоттой холбох замын ажил хийгдэнэ. Үүний нэг бол Улаанбаатар-Дарханы чиглэлийн шинэ зам юм. Зам тавихтай холбогдуулан түр зам гаргахаас гадна түгээмэл тархацтай ашигт малтмалын лиценз, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, иргэдтэй хууль, журмын дагуу хамтран ажиллахыг орон нутгийн удирдлагуудад Зам, Тээврийн хөгжлийн яамнаас чиглэл болгосон.

- “Дархан-Шарын гол” чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажил та бүхний төлөвлөсөн дараагийн нэг том ажилд тооцогдох байх. Энэ ажил хэзээ эхлэх вэ?  

- Шарын голын уурхай нь сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж 1,2 сая тн нүүрс олборлож хэрэглээнд гаргаж байна. Эдгээр нүүрсний тодорхой хэсгийг жижиг хэрэглэгч, аж ахуйн нэгжүүд авто замаар зөөвөрлөж байна. Тус суманд 8000 гаруй хүн ажиллаж амьдарч байна. Дархан хотын хөгжлийн төлөвлөлтийн дагуу аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг энэ зам дагуу хөгжүүлэх зайлгүй шаардлагатай байгаа юм. Дархан-Шарын гол чиглэлийн 47.9 км авто замыг хатуу хучилттай болгох 24у/м гүүрийг шинээр барих ажлын зураг, төсвийг 2013 онд “Мөнхийн Тод Зам” ХХК  боловсруулсан. Нийт төсөвт өртөг нь 32.7 тэрбум төгрөг. Бид төсөв хөрөнгөдөө тулгуурлан энэ замын ажлыг гурав хувааж буюу Дарханаас Аргалантын гарам, Аргалантын гарам дотор 124 у/м төмөр бетонон гүүр, Аргалантын гарамаас Шарын гол гэсэн чиглэлээр барина. 2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Шарын гол чиглэлийн авто замын эхний үе шатны ажлыг 12.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн. Үүний 6.0 тэрбум төгрөгөөр эхний ажлууд хийгдэнэ. Шарын гол сум талаасаа энэ онд 18 км авто замыг хатуу хучилттай болгоно. Энэ тендерийг Улаанбаатар хотод Зам тээврийн яаманд зарласан. 2020 онд энэ ажлыг хийснээр олон жил яригдсан Дархан-Шарын гол чиглэлийн зам хатуу хучилттай болж стандартын шаардлагад нийцсэн гүүр ашиглалтад орж хөдөөгийн гурван сум маань хатуу хучилттай хар замаар холбогдох юм.

- Нэгэнт замын бүтээн байгуулалт ярьж байгаа учир хотын доторх авто замын засвар шинэчлэлтийн ажлуудаа ч мөн тодруулж ярих уу?

- Эхний ээлжид Дархан сумын 13 дугаар багт АШУҮИС-ийн урдах дөрвөн замын уулзвар болон авто замыг 233.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өргөтгөөд байна. Ингэснээр замын нэвтрэх чадвар сайжирлаа. Дархан сумын 15 дугаар баг Олон улсын худалдааны төвөөс 15 дугаар баг хүртэлх 1.5 км хатуу хучилттай авто замын ажлыг 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Мөн Дархан сумын 15 дугаар баг Мангирт хорооллын 10 дугаар хэсгээс 4 дүгээр хэсгийг тойрч төв замтай холбогдох 2.084км  хатуу хучилттай авто замыг 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барина. Дархан сумын 6, 7 багийн доторх 1.83 км шороон замыг хатуу хучилттай болгох  ажлыг 2.3 тэрбум  төгрөгөөр, Хараа голын гүүрнээс Ширээ нуруу хүртэлх 1.7 км авто замыг хатуу хучилттай болгох ажлыг 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэх мэтчлэн энэ онд авто замын салбарт нийт 24 төсөл арга хэмжээг 17.3 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ. Ингэснээр 22.6 км авто замыг хатуу хучилттай болгоно Мөн нүхэн болон гүүрэн гарцыг хоёр байршилд хийж гүйцэтгэнэ. Долоон байршилд 193 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 авто машины зогсоол шинээр гаргана.

- Зогсоолуудыг яг хаана хаана хаана барихаар төлөвлөв?

- Дархан 50 цогцолборын авто зогсоолыг 50.0 сая төгрөгөөр өргөтгөнө. Дархан сумын 13, 11, 4, 5, 12, 9 дүгээр багт гээд нийт долоон байршилд 193 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 авто машины зогсоол шинээр гаргана.

- Хоёр том замын байгууламж барина гэж байна. Үүнийг тодруулж өгнө үү?

- Дархан сумын 8 дугаар багийг 1 дүгээр багтай холбосон авто замын гүүрэн гарцын ажлыг 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барина. Өнгөрсөн жил энэ ажлыг төлөвлөж нүхэн гарц хийхээр зураг төсөв гаргасан боловч хөрсний илүү гарсан усыг зайлуулах талбай байхгүй. Энэ замын усны нэвчилтээс болоод олон улсын төмөр замын байгууламжууд усанд автах аюултай зэргээс үүдэн төлөвлөсөн ажлаа хийж чадаагүй. Тэгээд бид энэ жил нүхэн биш гүүрэн гарцаар шийдэхээр төлөвлөж зураг төсвөө гаргаж байна. Он дамжих хөрөнгө оруулалт хэлбэрээр шийднэ гэсэн хүлээлттэй байна. Хоёр дахь байгууламжийн хувьд Дархан сумын 6,7 дугаар баг Биржийн дэргэдэх авто зам доогуур нүхэн гарц шинээр байгуулах ажлыг 650.0 сая төгрөгөөр хийнэ. 

- Авто замын салбарт хэрэгжих нийт 24 замын ажлыг нэгэн зэрэг эхлүүлээд явахад гүйцэтгэгч компаниудын чадавхийн хувьд асуудал гарч ирэх болов уу?

- Оролцогч компаниудын чадавхийн хувьд манай аймагт хийгдэх авто замын ажлуудын ихэнх нь хэсэгчилсэн ажлууд учир төдийлөн хүндрэл гарахгүй. Гол нь компаниуд ажлаа хийгээд гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авахад бидний зүгээс олгоход бэлэн эсэхдээ л анхаарах нь чухал юм.

-Замын нөхөөсний ажлууд давхар хийгдэх байх, тийм үү?

- Хийлгүй яахав. Хэрэв замын нөхөөсний ажилд тендер зарлах юм бол мөн л ялгаагүй аж ахуйн нэгж байгууллага ашгаа, ажиллах хүчний зардлаа тооцож нэмээд л ороод ирнэ. Тийм учраас аль болох бага зардлаар их газар нөхөх зорилгоор өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг улирлын чанартай ажилладаг Дархан авто зам орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулсан. Тус байгууллага жил жилийн замын нөхөөсний ажлыг хариуцаад ажиллаж байна.

- Дарханд өнгөрсөн жил дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Эхний ажлаа хэзээ албан ёсоор хүлээж авах вэ? Энэ ажил цаашид үргэлжлэх үү?

- 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтад тусгагдсан нэг томоохон ажил бол ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин барилгуудыг буулгаж дахин төлөвлөх байсан. Энэ ажлын эхлэл болгож Дархан сумын 6 дугаар багт хоёр давхар 2 барак барилгыг буулгаж 60 айлын орон сууцыг 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Энэ оны 6 дугаар сард ашиглалтад өгнө. Энэ ажлыг цааш үргэлжлүүлж Дархан сумын 4, 5, 6 дугаар багт дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 40.0 сая төгрөгөөр энэ онд хийж гүйцэтгэнэ. Ер нь энэ ажлыг аймаг өөрөө бие дааж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгээд байх нь төсвийн хувьд хүндрэлтэй учир Дархан сумын 4 дүгээр багт Хувийн хэвшлийн оролцоотойгоор дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн хуучин Дарханы өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд 10 давхар 180 айлын орон сууц барихаар тендерийг нь зарлаж гэрээ байгуулсан. Удахгүй ажил нь эхэлнэ. Цаашид дахин төлөвлөлтийн хүрээнд суларсан газруудад дуудлага худалдаа явуулж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламжийг нэмэгдүүлэх чиглэл барьж байна. Аймгаас шугам хоолойг шинэчлэх, дэд бүтцийг өргөтгөхөд анхаарна.

- Шугам хоолой гэснээс гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажил ямар түвшинд байна вэ?

- Дархан сумын 5 дугаар багт хамрах хүрээ бага байгаа учраас зургаа хийхдээ гудамж бүрт, айлууд гудамжнаасаа салаалаад гэр рүүгээ оруулах боломжтой байдлаар тендерийн зургийг хийж байна. Нийт төсөвт өртөг нь 4,6 тэрбум. Энэ онд санхүүжих нь хоёр тэрбум төгрөг байгаа. Мөн Дархан сумын 6, 7 дугаар багийн айл өрхийн хувьд хамрах хүрээ том учраас гудамжуудын аман дээр буюу үндсэн магистрал шугамуудыг оруулах зураг төсөв хийгээд тендерийн ажил зарлахаар бэлтгэл ажил хангаж байна.

- Гэр хороолол руугаа инженерийн шугам сүлжээг өргөтгөж эхэлсэн байна. Ер нь дулаан хангамжийн хүчин чадал, нөөц ямар байгаа вэ?

-  Дарханы дулааны цахилгаан станц нь Дархан Сэлэнгийн районыг цахилгаанаар, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангаж, улмаар манай улсын төвийн эрчим хүчний системийг бүрдүүлдэг, 48 мВт/ц суурилсан хүчин чадалтай. Өнөөгийн өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “ДДЦС” ТӨХК-ийг 35 МВт-аар өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлэх Турбины шинэчлэлийг хийж байна. Төсөл энэ онд дуусна. Ингэснээр тоног төхөөрөмжийн тодорхой хэсгүүд шинэчлэгдэж, үйлдвэрийн найдвартай үйл ажиллагаа дээшилж, тус станцын насжилт уртсах бөгөөд цорын ганц эх үүсвэртэй Дархан хотын маань цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ найдваржих юм.

- Гэр хорооллын айл өрхүүдэд гэрэлтүүлгийн асуудал тулгамддаг. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

- Хотын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг сайжруулах хүрээнд 2016-2018 онуудад 327 са төгрөгийн өртөгөөр төв гудамжныхаа гэрэлтүүлгийг бүгдийг нь “Лэд” болгосон. Мөн төв замдагуух нийтийн орон сууцны байруудын гадна фасадыг гэрэлтүүлсэн. Одоогоор хотын доторх 5300 гаруй замын гэрэлтүүлгийг аймгийн НААҮГ хариуцан ажиллаж байна. Энэ онд Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дархан-Уул аймгийн төв төдийгүй хөдөөгийн гурван сумандаа 1983 ширхэг гэрэлтүүлгийг тавихаар шийдвэрлэсэн.

- Дархан-Уул аймагт агаарын бохирдол ямар байна вэ?

Манай аймагт өвлийн ид хүйтрэлийн зарим үед агаарын бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс давж байгаа нь үнэн. Гэхдээ энэ хэмжээ аюултай, онц аюултай, гамшгийн гэж бүлэглэлээр нь хувааж үзвэл аюултай түвшинд нь хүрээгүй. Цаашид аюултай түвшинд очихоос өмнө бид гэр хорооллоо нэмж тэлэхгүй байх, газар олголт хийхгүй байх, зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг Дархан сумтайгаа хамтран хийж байна. Бид оны эхэнд Ус цаг уур орчны шинжилгээний төвийг агаарын бохирдлыг хэмжих хяналтын багаж хэрэгслээр хангаж, суурилагдсан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Урьд нь зөвхөн нар, агаарын тоосонцорыг хянадаг байсан бол энэхүү хөрөнгө оруулалтаар хөрсний бохирдлоо хянаж чаддаг болсон. Энэ нь аймгийн иргэд, байгаль орчиндоо хийсэн томоохон хөрөнгө оруулалт юм. Агаарын бохирдлыг бууруулах бас нэг хүчин зүйл бол гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эх үүсвэрээр хангах асуудал. Энэ хүрээнд шөнийн хэрэглээний тарифаа 50 хувь хөнгөлсөн. Цаашид шөнийн тарифыг тэглэх асуудлаар судалгаа хийж, агаарын бохирдол өндөр давтамжтай үеийнхээ мэдээллийг нэгтгэн Эрчим хүчний зохицуулах хороонд хүсэлт хүргүүлсэн. Одоо Засгийн газрын хурал хуралдаж энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байна.

- Арьс ширний үйлдвэрийг Дарханд байгуулах тухай яригддаг. Үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

-  Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 21x100 төслийн хүрээнд аймаг бүрт нэг үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар болсон. Энэ хүрээнд Арьс ширний үйлдвэр байгуулахад бид Засгийн газартай хамтран ажиллаж байна. Хонгор сумын удирдлагуудтай ярьж арьс ширний үйлдвэртэй холбоотой газрын асуудлыг шийдвэрлэсэн. Орон нутгийн оролцоог хангах үүднээс “Дархан арьс шир” орон нутгийн өмчит хувьцаат компани болон төлөөлөн удирдах зөвлөлийг орон нутгийн бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Испани улсын мэргэжлийн багаар техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийн  эх үүсвэрийг улсын төсөв болон гадаадын зээл, тусламжид суулгахаар ажиллаж байна. Энэ төсөл хөтөлбөр хэрэгжсэнээрээ арьс ширний үйлдвэрийг түшиглэсэн олон жижиг үйлдвэрлэгчид төрөн гарч улмаар орон нутагт байнгын ажлын байр бий болох давуу талтай юм.

- 2019 оныг Дархан-Уул аймаг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан байна. Ямар ажлууд хийж байна вэ?

- Хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн олон талт ажлыг төр дангаараа биш иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудтайгаа хамтран хийж хэрэгжүүлэх нь зүйтэй. Эхний ээлжид бид гэрлэх ёслолын өргөөг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартайгаа хамтран орон нутгийн төсөв, Хүн ам нийгмийн хамгааллын яамны хөрөнгө оруулалтаар засаж засварлаад ашиглалтад орууллаа. Хүүхдийн зуслангаа энэ жил дахин нэмж засварлахаар төсвөө батлаад явж байна. Энэ зорилтын хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Жишээ нь Дэлхийн зөн олон улсын байгууллага Хүүхдэд ээлтэй сум хөтөлбөрийг хэрэгжүүлж амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой эрх нь зөрчигдөж буй хүүхдүүдийг орон гэртэй болгох ажлыг хийж байна. Бид тус байгууллагад хандан гэр олгохын оронд залуусыг түрээсийн байртай болгоё гэдэг саналыг дэвшүүлж дээд байгууллагадаа уламжлахыг хүссэн. Энэ хүрээнд аймгийн зүгээс газар олголтыг Дархан сумын 5 дугаар багт шийдэж олон давхар гэхээсээ илүү метр квадрат багатай орон сууцыг барьж олон айлуудын нийтийн байруудыг бий болгож залуу гэр бүлийг түрээсийн байраар хангах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

- Дарханд энэ онд хэдэн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах вэ?

- 2018-2019 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 46 цэцэрлэгт 8513 хүүхэд хүмүүжиж байгаа нь өнгөрсөн оныхоос 0,1%-иар ахисан үзүүлэлттэй байна. Мөн шинээр 9 дүгээр багт 100 хүүхдийн ортой 26, 8 дугаар багт 150 хүүхдийн ортой 27 дугаар цэцэрлэгийн барилгыг тус тус ашиглалтад оруулж, хамран сургалтыг 250 хүүхдээр нэмэгдүүлж, шинээр 46 ажлын байр бий болголоо. Энэ онд 1 цэцэрлэг шинээр барьж, 5 цэцэрлэгийн өргөтгөл, 2 барилгыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан, Хонгор суманд 150
хүүхдийн цэцэрлэг тус тус ашиглалтад орно. Ингэснээр хамран сургалт 1100 хүүхдээр нэмэгдэж 128 ажлыг байр шинээр бий болно. Харин сургуулийн хувьд Дархан сумын 15 дугаар багт 960 хүүхдийн хүчин чадалтай иж бүрэн эко сургуулийн барилгыг 2020 оны 09 дүгээр сард барьж ашиглалтад оруулах төлөвлөлттэй байна.

- Дарханчууд Шинэ төрөх эмнэлгээ хэзээ ашиглалтад оруулах вэ?

- 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил дууссан. Энэ долоо хоногоос шинэ иргэдээ хүлээж авахад бэлэн боллоо. Хуучин төрөх эмнэлгийн байраа хүүхдийн тасагт шилжүүлж байгаа. Ингэснээр тус тасаг стандартын дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа юм.

Хаха 1 6 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлА.Бямбадорж: Газын тоног төхөөрөмжийг ажиллах үед хараа хяналтгүй орхино гэж хэзээ ч байж болохгүй
Дараагийн нийтлэл Т.Батбилэг: Энэ онд "Е-Баримт систем" шинэчлэгдэн улам боловсронгуй болно

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү