Нүүр хуудас Мэдээ Ц.Цэцэгдэлгэрэх: Хөрөнгө, орлогоо нотолж чадаагүй есөн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж байна

Ц.Цэцэгдэлгэрэх: Хөрөнгө, орлогоо нотолж чадаагүй есөн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж байна

Tugmn
Tugmn, TUG.MN

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.

-Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ жил бүр бүртгэн авч олон нийтэд мэдээлсээр ирсэн. Ингэж нээлттэй мэдээлэхийн ач холбогдол нь юу вэ?

-Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг арга нь албан тушаалтнууд шударгаар олсон орлого, хөрөнгийнхөө байдлыг жил бүр мэдүүлэх явдал. АТГ-аас хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, худал мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх буюу авлигын гэмт хэрэг болохоос өмнө таслан зогсоох арга хэмжээ авч ажилладаг.

Уг мэдүүлгийг нээлттэй, ил тод байршуулж, олон нийтэд мэдээлэх нь АТГ-аас албан тушаалтнуудын үйл ажиллагааг иргэдийн хяналтад өгч байгаа нэг хэлбэр. Иргэдийн хяналт, оролцоотойгоор авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой чухал үйл ажиллагаа. Нөгөө талаас хөрөнгө, орлогоо мэдүүлэх нь нийтийн албан тушаалтны үүрэг хэдий ч өөрийгөө шударга ажиллаж байгаа гэдгийг олон нийтэд нээлттэй харуулах баталгаа болдог.

-Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг дэлгэрэнгүй бус байна гэж зарим хүн шүүмжилдэг шүү дээ.

-Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтад заасны дагуу мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний тухайн тайлант онд олсон долоон төрлийн орлогоо мэдүүлж байгаа. Тухайлбал, үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, үйл ажиллагааны болон хөрөнгө борлуулсны гэх мэт орлогыг мэдүүлдэг. Мөн хувь хүний нууцтай холбоотой зарим зүйлээр зохицуулагдсан болохоор бид олон нийтэд хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй байдлаар мэдээлж байгаа.

Авлигын эсрэг хуульд заасны дагуу албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. 2013 оноос эхлэн хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг цахимаар авдаг болсон. Ингэснээр төрийн албан хаагчид мэдүүлгээ интернэт орчин бүхий газарт хаанаас ч мэдүүлж болох нөхцөл бүрдүүлээд байгаа. Энэ нь судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээллийг нэг доороос түргэн шуурхай авах, хяналт шалгалтыг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой.

-Хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд мэдээлэхдээ АТГ шинэчлэл хийсэн гэсэн. Яг ямар шинэчлэл хийв?

-Өмнө нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудынхыг олон нийтэд мэдээлдэг байсан. Цахим системийн үйл ажиллагааг сайжруулсантай холбоотойгоор 2018 онд нийт 35 700, 2019 онд нийт 36 800 орчим албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулсан.

Жил бүр 40 000 гаруй хүнээс мэдүүлгийг нь авчихаад яагаад 36 мянга орчим албан тушаалтныг ил мэдээлээд байна гэж гайхаж магадгүй. Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаар төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний тоо бүртгэл, нэгдсэн мэдээлэл, цэргийн мэргэжлийн ангилал, ногдуулан данслагдсан хүн, техникийн нэгдсэн тоо бүртгэл нь төрийн нууцад хамаарах гэх мэт зохицуулалтаар Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам зэрэг таван байгууллагын мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй мэдээл дэггүй. Төрийн захиргаа, нутгийн захиргааны болон нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн бусад этгээдийн мэдүүлэг гаргагчдынхыг олон нийтэд нээлттэй байршуулсан.

-Иргэдийн хяналтад өгч байгаа гэж та бүхэн хэлдэг. Гэтэл иргэдэд хөрөнгө, орлогын мэдүүлгийг унших, судлах соёл, дадал, сонирхол байгаа болов уу?

-Авлигатай тэмцэнэ гэдэг нь дан ганц АТГ-ын чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа биш. Авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, эвслийн хүсэл эрмэлзэл, идэвх санаачилга хамгаас чухал төдийгүй Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго ч үүнд оршиж байгаа.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийг иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэдэг. Гэтэл зарим сэтгүүлч таслал, цэгийг буруу ойл гож мэдээлэх явдал гарч байна. Бид цахим хуудсандаа байршуулахдаа мянгаар тооцож тавьдаг. Тухайлбал 15 350.0 мянган төгрөг гэхийг зарим сайтын сэтгүүлч 153 сая, эсвэл 15 тэрбум төгрөг гэж уншиж, хүмүүсийн орлого хэд дахин өссөн гэх зэргээр буруу, зөрүү мэдээлэл гаргасан. Уг нь энэ тоо 15 сая 350 мянган төгрөг гэсэн үг. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нарын мэдүүлэгт судалгаа, харьцуулалт хийхдээ мянгаар тооцож тавьсан тоог буруу уншиж, хэт өссөн байдлаар харуулж байгаа нь асуудлыг улстөржүүлж сарниах, тодорхой хүний нэр хүндэд халдах сөрөг үр дагавар гарч байна.

Бид хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдэд илүү ойлгомжтой байдлаар нийтлэх, тухайлбал, орлогыг төрөл төрлөөр нь задалж харуулах зэргээр цахим мэдээлэлдээ өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа.

-Санаатай ч гэх үү, санамсаргүй ч гэмээр ойлголтын зөрүү нэлээд гардаг юм шиг. Тухайлбал, өөрийн нэр дээрх газрыг мэдүүлэхдээ хэмжих нэгжийг яаж сонгох ёстой вэ?

-Албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээрх өмчлөлийн, эзэмшлийн, ашиглалтын газрыг мэдүүлэх үүрэгтэй. Хэзээ авсан, төрөл, хэмжээ, зориулалт, үнийн дүнг зах зээлийн ханшаар илэрхийлэн бичих ёстой байдаг. “Газар” гэсэн энэ хэсэгт мэдүүлэг гаргагч өөрсдөө ам метрээр нь, эсвэл га-гаар нь мэдүүлэх эрхийг мэдүүлгийн маягтад нээлттэй олгосон байгаа. Өөрөөр хэлбэл, өрхийн хэрэгцээнд олгодог газраа 700 ам метр гэх үү, 0.07 га гэж мэдүүлэх нь тухайн хүн сонголт хийх боломжтойгоор оруулж өгсөн байдаг юм. Гэтэл энэ асуудалд мөн алдаа гаргаад их хэмжээний газартай юм шиг хэвлэлээр мэдээлээд байна.

-Мэдүүлэг авдаг маягтаа боловсронгуй, ойлгомжтой болгох шаардлагатай юм байна даа.

-Тийм ээ. Илүү ойлгомжтой болгон ажиллаж байгаа. Жишээлбэл, өмнө нь “Барилга байгууламж” гэсэн хэсэгт автомашины зогсоол, зуслангийн байшин, гэр, хашаа байшин, амбаараа хүртэл бичдэг байсан. Энэ бүгд нийлэхээр тухайн албан тушаалтан маш олон байгууламж, орон сууцтай мэт харагддаг байв. Энэ жилээс иргэдэд ойлгомжтой, нээлттэй байлгах үүднээс үүнийг дэлгэрүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, амины орон сууц, нийтийн орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний оффис, авто зогсоол гэх мэтээр бүгдийг нь төрөлжүүлсэн.

Бас “Хадгаламж” хэсэгт дотоод дахь хадгаламж, гадаад дахь хадгаламж гэж ялгавартайгаар харуулдаг боллоо.

-Албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогын мэдүүлгийг авах нэг хэрэг. Олон нийтэд мэдээлэх нь бас нэг ажил. Хамгийн чухал хэсэг нь иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр хөрөнгө, орлогоо шударгаар олсон уу, үгүй юү гэдгийг шалгаж тогтоох ажил байх болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдын нэр хүнд унаж, улмаар хууль бусаар хөрөнгөжсөн, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, бусдад давуу байдал олгодог гэх мэт сөрөг ойлголт бий болж байгаа. Жилээс жилд хууль бусаар хөрөнгөжсөн гэх албан тушаалтны талаарх үндэслэл бүхий мэдээлэл АТГ-т ирж, тоо нь өсөх хандлагатай.

АТГ-аас албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нягталдаг. 2019 он гарсаар 120 орчим албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгалаа. Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр үүний 20 орчим хувийг, үлдсэнийг нь төлөвлөгөөт хяналт, шалгалтын хүрээнд хийжээ. Шалгалтаар зөрчил гаргасан, орлого, хөрөнгөө худал мэдүүлсэн 19 албан тушаалтанд сануулах, цалинг бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх сахилгын арга хэмжээ тооцуулснаас таван хүнийг нийтийн албанаас чөлөөлүүлсэн.

Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж нотолж чадаагүй есөн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр гэмт хэргийн шинжтэй гэж үзэн гүнзгийрүүлэн шалгаж байгаа. 2018 онд 21 албан тушаалтныг дээрх үндэслэлээр холбогдох хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн. Иймд нийтийн албанд ажиллаж байгаа албан тушаалтнуудад хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн, зөв мэдүүлэх, ашиг сонирхлын зөрчилд автахгүй, хууль бусаар орлого, хөрөнгө олохгүй байх нөхцөл, шаардлага үүсэж байна. Хэрэв хууль ёсны орлогоос өөр их хэмжээгээр олсон орлого, хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзэх үндэслэл болж байгааг анхаарах хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, төсвийн мөнгөнөөс хумсалсан, хууль бусаар орлого олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байгаа албан тушаалтнуудыг АТГ-т мэдээлж, “шүгэл үлээх” үүргээ хэрэгжүүлэхийг иргэд, олон нийтэд уриалж байна. Тэдгээрт дураараа авирлах, ард түмний хөрөнгөөс дахин хумслах боломжийг олгохгүй байх, авлигагүй улс орон болохын төлөөх тэмцэлд иргэн таны оролцоо, хяналт хамгаас чухал байгааг онцолъё.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБ.Гүнбилэг: УИХ-ын шийдвэрийг хууль бусаар өөрчилсөн Г.Занданшатар даргын үйлдлийг Цэцэд өгөхөөс аргагүй
Дараагийн нийтлэл Ч.Чинбат: Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг прокурорын болон цагдаагийн байгууллагууд дотооддоо дүгнээд явж байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү