Нүүр хуудас Мэдээ Б.Гүнбилэг: Ерѳнхий сайдаар Ч.Сайханбилэг шиг дүрсгүй хүн гарч ирвэл эрсдэлтэй

Б.Гүнбилэг: Ерѳнхий сайдаар Ч.Сайханбилэг шиг дүрсгүй хүн гарч ирвэл эрсдэлтэй

Tugmn
Tugmn, TUG.MN

Өнгөрсөн мягмар гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдүгээр хэлэцүүлгийг хийсэн. Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь дэмжсэнээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Ингэснээр УИХ-ын гишүүд маань тойрогтоо очиж иргэдээс санал авах, тэдэнд нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэх ажлууд эхлүүлээд байна. Нэмэлт, өөрчлөлтөөр таван багц асуудлыг хөндөж байгаа. Эхний нь Үндсэн хуулиийг 2000 онд өөрчлөхдөө дордуулсан гэх долоон өөрчлөлтийн зургааг нь хуучнаар нь сэргээж сайжруулах. Хоёр дахь нь парламенттай, гурав дахь нь засгийн газар, дөрөв дэх нь Үндсэн хуулийн цэц, шүүх, ШЕЗ-тэй, тав дахь нь нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой өөрчлөлтүүд юм. Нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд дурдсан 20 зүйлээс бусад зүйл заалтыг өөрчлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсан өөрчлөлтүүдийн хүрээнд олон нийтээс санал авах ажил үргэлжилж байгаа юм. Хуулийн эргэн тойрон дахь асуудал, иргэдэд тодорхой мэдээлэл өгөх зорилгоор Б.Чимид сангийн удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, доктор Б. Гүнбилэгтэй ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг дууссан. Одоо хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхээр ард нийтээсээ санал авч байна. Хуульч, өмгөөлөгч нар бас нэгдсэн байдлаар энэ асуудалд хандаж байгаа гэж сонссон. Та бүхэн нэмэлт,өөрчлөлтөд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?

-Хуульчид нэгдэж байна гэдэг бол асуудалд нэгдсэн саналаар хандана гэсэн үг биш. Нэг хүн өөр, нөгөө хүн өөр бодолтой. Хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг явагдсан. Одоо хуулийн дагуу төсөлд заасан 20 заалтаас бусад зүйлээр нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ярихгүй. Тэгэхээр ярих ёстой хүрээ хязгаар нь тодорхой болчихож байна гэсэн үг. Одоо хуульчид ямар үүрэгтэй оролцох вэ гэхээр иргэдээс ирж байгаа саналыг УИХ-ын гишүүд уламжлах, түүнийг хэрхэн томьёолох тал дээр ажиллана. Хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Хоёрдугаар хэлэлцүүлэгт орохоор Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн томъёолол орж ирэх нь үү үгүй юу, зөрүүтэй санал гарах юм бол тэр санал дээр нь томъёоллыг нь яаж янзлах нь зүйтэй вэ гэдэг дээр мэргэжлийн үүднээс ажиллах хэрэгтэй болж байна.

-Нэмэлт өөрчлөлт гэхээр Үндсэн хуулийн яг хэдэн хувьд нь өөрчлөлт оруулна гэсэн үг вэ. Ямар өөрчлөлтүүд орох талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Таван бүлэг асуудлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Энэ нь одоогийн Үндсэн хуулийн 28 орчим хувийг өөрчлөнө гэсэн үг. Голлож иргэдийн анхаарлыг татаад байгаа зүйлс бол УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх, Үндсэн хуулийн цэц гэх мэт байгууллагуудын хоорондын харилцааны асуудал. Тэд хэрхэн яаж томилогдож байгаа, хэнийг томилох вэ гэдэг асуудал дээр тодорхой шаардлагуудыг тавьж байгаа. Мөн нутгийн удирдлага, тухайлбал сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдөөс аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг сонгоно гэж төсөлд оруулсан.

-Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж байгаа нь эмэгтэйчүүд Ерөнхийлөгч болох боломжийг холдуулж байна гэж хуульч Х.Номингэрэл ярьсан байсан. Үүнийг та хуульч хүний хувьд юу гэж бодож байна?

-55 нас бол эмэгтэй хүний хувьд ажил хийж чадахаа больчихлоо гэсэн нас биш шүү дээ. Тэтгэвэрийн нас гэдэг ойлголтыг 55 настай хүн ерөнхийлөгч болно гэсэн ойлголттой заавал холих шаардлага байхгүй. Эмэгтэйчүүд 55 хүрэхээрээ ажлын чадваргүй болчихдог гэж хэн ч хэлээгүй. Харин эсрэгээрээ эмэгтэйчүүдэд илүү боломж олгох үүднээс 55 нас хүрсэн эмэгтэй хүн тэтгэвэр тогтоолгох боломжтой болдог. Энэ 55 насыг батлахгүй ч байж болно, эсхүл багасгах эрх УИХ-д бий.

-Тухайлбал Шүүх эрх мэдэлд ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

-Улсын Дээд шүүхийн гишүүдийн тоог 21 гэж үзсэн. ШЕЗ буюу шүүхийн захиргааны байгууллагын бүтцийг 10 гишүүнтэй байна гэж үзсэн. Одоо бол таван гишүүнтэй байдаг. Тэдний Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Дээрээс нь шүүхийн хариуцлагын асуудал хариуцсан байгууллагыг есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж байгаа. Эдгээр гишүүд нь өөрсдөө бие даасан хараат бусаар ажиллана. Тодруулбал, шүүгч нар аливаа асуудал шийдэхдээ хууль бусаар шийдсэн байна, хараат бус байдлаа зөрчсөн байна гэдэг мэдээлэл, гомдлыг хянаад, шүүгчдийг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах боломжтой шинэ байгууллага бий болно.

-Улсын дээд шүүхийн шүүгчдийг 12 жилээр сонгодог болно гэсэн нэмэлт орох гэж байгаа нь хэр зөв юм бэ?

-Улсын Дээд шүүх дээр тухайлан жил зааж ажиллуулах ёстой гэж ажлын хэсэг үзсэн байна. Тодруулбал улирахгүй, нэг удаа сонгогдоно гэсэн нэмэлт орж байгаа. Ганц шүүгч гэлтгүй, Үндсэн хуулийн цэц дээр ч тэр, Ерөнхийлөгчийг хүртэл нэг л удаа зургаан жилээр сонгодог болно гэсэн заалт орж байгаа. Нэг удаа гээд байгаа нь бас шалтгаантай. Жишээ нь аливаа хүн шүүгч, ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа томилогдох, сонгогдохдоо бусдын даалгаврыг биелүүлэх, бусдад таалагдах, нөлөөллөө тогтоох гэж явах эрсдэлтэй гэж үзсэн байна.

Нэг удаа ийм урт хугацаагаар сонгогдвол харин ч эрсдэл нь ихсэх юм биш үү?

Жишээ нь Улсын дээд шүүхийн шүүгчийн томилгооны асуудлын хувьд тэр хүн 15 жил мэргэжлээрээ ажиллаад боловсроод түүнээсээ хойш томилогдоно гэхээр 40-50 орчим настай хүн томилогдох төсөөлөл гарч байна. Тэр хүн тэнд томилогдоод 12 жил ажиллалаа. Энэ хүнд дахин Улсын дээд шүүхэд томилогдох боломж олдохгүй гэсэн үг. Мөн Ерөнхийлөгч нь 55 настай, Монгол Улсын иргэн, сүүлийн таван жил Монгол Улсад оршин суусан хүн байх ёстой гэсэн. Тэгэхээр ийм настай хүн ерөнхийлөгч болчихсон тохиолдолд дахиж сунгахгүй, зургаан жил ажиллаад, нэг бүрэн эрхийнхээ хугацаанд л маш сайн ажиллах ёстой болно гэсэн үг. Манайд одоо тулгамдаад байгаа асуудалд нь 45 настай хүн дөрвөн жилийн хугацаатай Ерөнхийлөгчөөр ажиллахаар дахиж сонгогдох гэж шүүх эрх мэдлийн байгууллага, өөрийнхөө томилдог байгууллагуудын удирдлагад нөлөөллөө тогтоох гэж үздэг. Үүнээс болж улс төрийн акц зохион байгуулах, хуулийн байгууллагуудыг ашиглах эрсдэл бий болгосон гэдэг үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч дахин сонгогдохгүй байхаар зүйл заалт оруулж ирсэн гэж энэ санааг дэвшүүлсэн судлаачид үзэж байгаа.

Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуульд зааснаар хязгаарлах заалт байгаа гэсэн. Үүнийг тодорхой тайлбарлахгүй юу?

Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх талаар төсөлд тусгаж, хязгаарлалт тавьж өгч байгаа. Одоогийн Үндсэн хуульд бусад хуульд заасны дагуу бүрэн эрх эдэлж болохоор байгаад байгаа юм. Гэтэл сүүлийн үед ажиллаж байсан Ерөнхийлөгч нар өөрсдөө хууль санаачлах байдлаар өөртөө бүрэн эрхүүдийг нэмж байсан. Тухайлбал шинэ байгууллага байгуулж, даргыг нь томилохоод өөрийгөө оролцуулдаг болгох. Ингэж явсаар 40 шахуу бүрэн эрхийг өөртөө нэмсэн байна гэсэн шүүмжлэл гарсан. Тэгэхээр эдгээр эрхүүдийг бүгдийг нь хүчингүй болгоно гэсэн үг. Зөвхөн Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу Ерөнхийлөгч үйл ажиллагаа явуулна. Өөр нэмж бүрэн эрх хэрэгжүүлэхгүй байх нь. Тухайлбал ШЕЗ-ийн гишүүдийг томилдог, Шүүгчдийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг томилдог, АТГ-ын томилгоонд оролцдог гэх мэт асуудал байхгүй болно. Ингэснээр бид парламентын засаглалаа илүү тодорхой болгож өгч байгаа юм. 

-Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн саналаар Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналаа хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж тусгасан байна. Энэ зохицуулалт Засгийн газрыг тогтворгүй болгох аюултай юм биш үү?

-Санал гаргах бол шууд огцруулах гэдэг ойлголт биш юм. Тэрхүү саналыг нийт гишүүний олонхиороо дэмжиж байж шийдвэр гаргана. Тэгэхээр 39 гишүүн Засгийн газрыг ажлаа сайн хийхгүй байна гэж үзвэл огцрохоос яахав.

-Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор тогтоож, Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарласан заалт байна. Харин иргэд давхар дээлийг 100 хувь тайлах санал ихээр ирүүлж байгаа гэсэн. Иргэдийн саналыг тусгах уу?

-Би бол зүгээр ажлын дэд хэсэгт орж ажиллаж байгаа хувь судлаач хүн. УИХ-ын гишүүн биш. Тэгэхээр яаж шийдэхийг нь хэлж мэдэхгүй байна. Хувь судлаачийн хувьд давхар дээлийг 100 хувь тайлах ёстой гэдэг үзэл бодлыг дэмждэг. Үгүй ядахдаа ганцхан Ерөнхий сайд давхар дээлтэй байгаасай, бусад давхар дээлийг тайлах нь зүйтэй юм.

-УИХ-аар сайдыг томилохдоо нэг бүрчлэн хэлэлцэж томилдогийг болиулах заалт орсон байна. Тэгэхээр сайдуудыг хэрхэн томилно гэсэн үг вэ?

-Ерөнхий сайд өөрөө мэдэж томилж, чөлөөлж, огцруулна. Гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүний хувьд энэ нь байх ёстой зүйл гэж олонхи судлаачид үзэж байна. Эрсдэлтэй тал нь гадны захиалгат нөлөөлөл дор дүрсгүй Ерөнхий сайд гараад ирвэл улс орныг их эвгүй байдалд хүргэнэ. Манайд дүрсгүй Ерөнхий сайд 2016 оны сонгууль болтол ажилласан шүү дээ. Ч.Сайханбилэг шиг дураараа хүн гарч ирвэл их эрсдэлтэй. Нийгмийн боловсрол, популизмд хэт их автаж буй уур амьсгалыг харахад ийм бодит эрсдэл тулгарч мэднэ гэдгийг судлаачийн хувьд анхааруулах нь зүйтэй болов уу.

-Нэг нам олонхоороо түрж Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна гэх шүүмжлэл их байна. Та ямар бодолтой байна?

-Аливаа зүйл сайнтай, муутай. Хууль батлагдаад хэрэгжээд эхэлвэл туйлын үнэн болно. Одоо хэлэлцэж байх явцад харьцангуй үнэн гэдэг дээрээ яваа. Иймд хэлж ярьмаар байгаа зүйлсээ олон нийт одоо л ярих хэрэгтэй. Олонхи байгаа дээрээ дордохын долоогоо засах, Ерөнхийлөгчийн хэтэрхий өргөн бүрэн эрхийг хязгаарлах боломжууд байна. Энэ нь эерэг тал.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлэхдээ Ерөнхийлөгчид огт мэдэгдээгүй гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдсэн. Энэ үнэн үү?

-Энэ талаар зохион байгуулалт хариуцан ажиллаж байгаа албаны хүмүүсээс асуух нь зүйтэй. Миний хувьд зүгээр л нэг хуульч ажлын дэд хэсэгт ороод ажиллаж байна. Энэ төсөл дээр санал нийлэхгүй зүйл ч байгаа, нийлж байгаа зүйл ч байгаа.

-Тухайлбал, ямар зүйл байна вэ?

-Энэ нутгийн удирдлагын хэсгийг бид бүгд сайн ойлгож хэрэгжүүлээгүй юм. Энэ хэсгийг энэ удаад орхиод ердийн хуулиа сайжруулаад явах бүрэн боломж байгаа юм. Энэ саналаа ч хэлж, бичиж байгаа. Сумын засаг даргыг иргэд шууд сонгоно гэдэг нь амьдрал дээр их асуудал дагуулна. Байгалийн баялагтай сумууд дээр энэ болохгүй гэж Л. Энх-Амгалан гишүүн их тодорхой зөв санал хэлж байна лээ. Уулзалтууд хийгээд явахад одоогийн зохицуулалт хэрэгжиж байхад хүртэл аймгийн засаг даргадаа удирдагддаггүй сумдууд байна гэж ярьж хэлж байна. Цаашдаа иргэдээс сонгогдоод ирвэл төв засгийн газартаа бүр удирдагдахгүй олон сумын дарга нар гарна гэдэг бол тооцоолох ёстой эрсдэл шүү. Иймд олон судлаач, эрдэмтэд нутгийн удирдлагын хэсгээ энэ удаад орхи гэж саналаа хэлсэн байгаа.

Эх сурвалж: Medee.mn

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлБ.Үүрийнтуяа: Гэр нь шатаж байхад “Тантай зургаа авхуулж болох уу” гэж асууж билээ
Дараагийн нийтлэл Х.Батсуурь: Эдийн засгийг мөлхүүлсэн нөхдүүд өнөөдөр эрх мэдэлтэй хэвээр л байна

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү