Нүүр хуудас Мэдээ Г.Батбаяр: Яргалан эрүүдэгч нь гэрч болсон

Г.Батбаяр: Яргалан эрүүдэгч нь гэрч болсон

Tugmn
Tugmn, TUG.MN

   ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын Орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчиж, ял эдэлж буй этгээдүүдийг эрүүдэн шүүсэнтэй холбогдох шүүх хурал хойшилсон. Төв аймгийн Сум дундын анхан шатны шүүхэд ирэх наймдугаар сарын 12-ны өдөр дахин хуралдах юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч есөн этгээд, 20 орчим өмгөөлөгчийн хамтаар бүрэн ирцтэй оролцсон бол гэрчээр С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булган, хохирогчоор ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцсон. Харин өмгөөлөгч Г.Батбаяр урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нарыг гэрчээр оролцуулж буйг эсэргүүцэж, тэднийг шүүгдэгчээр оролцуулах ёстой, мөрдөн байцаалтанд буцаана гэж маргажээ. Үнэхээр олон нийтэд харуулсан эрүүдэн шүүж буй бичлэгт ялтан Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нар нь Б.Содномдаржааг Төв аймгийн урьдчилан цагдан хорих байрны зоорийн давхарт урьдчилан бэлтгэж зассан өрөөнд “тамлаж” буйг харуулдаг. Үүнийг олон нийт мэдсээр байтал яагаад уг хэрэгт Ц.Амгаланбаатар нарыг гэрчийн байр суурьнаас оролцуулж буй талаар бид өмгөөлөгч Г.Батбаяраас тодрууллаа.

- Б.Хурц нарын эрүүдэн шүүлттэй холбоотой хэргийн тухай ярилцах саналыг маань хүлээн авсан таньд баярлалаа. Та шүүх хуралд Б.Хурцын өмгөөлөгчөөр оролцож байгаа гэдэг нь үнэн үү?

-Би энэ есөн хүний нэгийнх нь өмгөөлөгчөөр оролцож байгаа. Уг хэрэг маш нууцын зэрэглэлтэй учир өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа гэрээ хавтаст хэрэгт авагдсан. Тиймээс хэрэгт авагдсан баримтыг яриад байх боломжгүй. Харин нийтэд илэрхий шүүхийн процесстой холбоотой ч юм уу, МҮОНТВ-ээр цацагдсан хавтас хэргийн гол баримт гэгдээд байгаа эрүүдэн шүүж байгаа бичлэгтэй холбоотой нэгэнт нийтэд ил болсон үйл баримтын талаар зохих хэмжээнд ярьж болно.

-Хэвлэл мэдээллээр таныг Б.Хурцын өмгөөлөгч гэж цоллоод байна ш дээ...

-Ер нь бол миний багийн найз тэдгээрийн дунд шүүгдэж байгаа юм. Тагнуулын нэг гүйцэтгэх ажилтан бий. Тэрнийхээ өмгөөлөгчөөр бас ажиллаж байна. Б.Хурц нарын өмгөөлөгчөөр 20-иод хүн ажиллаж байгаа.

-Гурван ч шатны шүүхээр С.Зориг агсны амийг хөнөөсөн гэм буруутай нь тогтоогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хүн нь Ц.Амгаланбаатар байсныг олон нийт бичлэгээс харсан. Гэтэл шүүн таслах ажиллагаанд яагаад гэрчийн байр сууринаас оролцоод байна вэ?

-Ер нь бол С.Зоригийн амь насыг хөнөөсөнтэй холбоотой гүйцэтгэгч нарын хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Энэ хэргийг шийдвэрлэхдээ бусдыг зодож, тарчлаан тамалсан байж болзошгүй гэдэг ийм нөхцөл байдал үүсч байна. Эрүүдэн шүүсэнтэй холбоотой үйл баримтыг прокуророос шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн үндсэн хуралдаан эхлэх үед хүсэлт гаргаснаар долдугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатарыг оролцуулахаар авч ирсэн. Гэтэл Ц.Амгаланбаатарыг шүүх хуралдааны танхимд орж ирсэний дараа шүүгчидийн нэгнийх нь өмгөөлөгч “...Г.Батбаяр өмгөөлөгчийн хүсэлтийг хангасан нь хууль зөрчсөн үйлдэл байна...” гэж үзэж шүүх бүрэлдэхүүнээс бүхэлд нь татгалзсан. Шүүх бүрэлдэхүүнээс татгалзсантай холбоотой татгалзлыг аймгийн шүүгчдийн зөвөлгөөнөөр шийдэх болсон тул хурлыг 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулахаас өөр аргаггүй боллоо. 

- Гэмт хэрэг үйлдсэн этгээдгүйгээр гэмт хэргийг хянан шийдвэрлэдэг шүүх хурал дэлхийд байхгүй-

Олон нийтэд дэлгэн харуулсан бичлэгт ялтан Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс гэсэн ялтангууд сэжигтэн  Б.Содномдаржааг тамлан зовоож, яргалж байгаа харагддаг. Энэ эрүүдэгч нар одоо хаана байна гэхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад алга болчихсон. Харин гэрч Ц.Амгаланбаатар, гэрч Б.Итгэлтөгс гэж хоёр хүн байгаад байдаг. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн гардан гүйцэтгэгч (үндсэн субьект) байхгүй нь тодорхой харагдана. Б.Хурц нарт холбогдох энэ хэрэг анхнаасаа хянан шийдвэрлэх боломжгүй байсан. Гэмт хэрэг үйлдсэн этгээд буюу үндсэн субъект нь алга болчихсон байхад хохирсон эрхийг дангаар ярьж хийдэг шүүх хурал гэж дэлхийд байхгүй. Яахав Б.Хурц нарын есөн хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч нар гэж үзэн прокуророос шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэр зохион байгуулсан, захиалсан гэгдээд байгаа есөн хүнээс даалгавар авч, бусдыг эрүүдэн шүүсэн гүйцэтгэгч нар нь монгол улсад ерөөсөө байхгүй, тухайн үйл явдлыг харсан мэддэг гэх ямар ч гэмгүй гэгээн дүртэй гэрч Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нар л олдоод байгаад маргааны гол ойлгомжгүй зүйл байна.

-Шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нарыг гэрчээр оролцуулах хууль зүйн ямар үндэслэл байна?

-2002 оны Эрүүгийн хуулийн 35.5.”Гэмт хэргийг гардан үйлдсэн этгээдийг гүйцэтгэгч гэнэ.” гэсэн байдаг. Олон нийтэд түгээсэн дүрс бичлэгт Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс гэгч хүн амьний хэргийн ялтнууд яах аргагүй гэмт хэргийг гардан гүйцэтгэгчид гэдэг нь харагдана. Гэтэл өнөөдөр шүүх хуралд гэрч Ц.Амгаланбаатар, гэрч Б.Итгэлтөгс гэсэн гэмгүй төрхтэй хоёр хүн шүүх хуралд оролцож байгаа. Бичлэгт бусдыг эрүүдэн шүүж байгаа нөгөө хоёр эрүүдэн шүүгч нар алга болсон. Харин оронд нь болж үйл явдлыг нууцаар хараад сууж байсан, гэмт хэрэгтнүүдтэй ижил нэртэй  оролцоод байгаа гэрч гэгдэх хоёр хүн гар ирсэн. Энэ нь хэргийг ээдрээ төвөгтэй шийдвэрлэх боломжгүй болгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хэрэгт оролцоогүй,  хэрэгт ямар нэг сонирхолын зөрчилгүй, үйл явдлыг хөндлөнгөөс харсан хүнийг л гэрч гэнэ.  Энэ нь Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нарыг гэрч гэж үзэх хууль зүйн ямар ч боломж байхгүй гэдгийг нотолж байгаа.

Гэмт хэрэг үйлдсэн гүйцэтгэгч, жинхэнэ  гэмт хэрэгтэн байхгүй шүүн таслах ажиллагаа гэж байдаггүй юм. Ийм төрлийн хэрэг шүүн таслах гэж оролдож байгаа тохиолдол Монголд битгий хэл дэлхийд анх удаагаа болох гэж байна.

-Хэргийн мөрдөн байцаалтын явцад Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нарыг гэрчээр биш гүйцэтгэгч буюу яллагдагчаар татах саналуудаа өмгөөлөгч нар яагаад өгч болоогүй юм бэ?

-Мэдээж гаргасан. Хангаагүй. Тэгээд ч хэрэг нууцын зэрэглэлтэй байгаа нь гол бэрхшээл. Өмгөөлөгч бид нарын хавтаст хэргээс түүвэрлэн авсан тэмдэглэл, бичвэр зэргийг шүүхийн байрнаас авч гарахыг хориглосон. Энэ үйлдэлд өмгөөлөгч нар хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж байна гэдэг үндэслэлээр маргадаг боловч үр дүнд хүрдэггүй. Мөрдөн байцаагч, прокуроруудын буруутай үйл ажиллагаанд гомдол гаргах гэхээр тэдний гаргасан тогтоол, шийдвэр, шинжээчийн дүгнэлтүүд зэргийн нэг бүрийнх нь он сар, дугааруудыг санах шаардлагатай болдог боловч тэмдэглэл байхгүй болохоор мартах гэж нэг төвөгтэй байдал үүсдэг. Хавтаст хэрэгт байгаа баримтуудыг бид нар яаж шууд тархиндаа цээжлэх юм бэ? Тэр олон хавтаст хэргүүдийн хэдэн мянган хуудсуудыг бүгдийг нэг дор цээжлэх боломжгүй. Хүнд нөхцөл, дарамтан дор өмгөөлөлийн ажиллагаа явагдаж байгаа. Дээр нь УИХ-ын “..С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэг..” гэнэ үү нэг сонин бүлэг ажиллаж байгаа. Гишүүдэд гэмт хэрэг мөрдөн шалгах эрх, боловсрол байхгүй байхад л мөрдөгчийн эрх эдлээд, ажилд саад учруулаад зовлонтой юм. 

-Та уг хэргийг мөрдөн байцаалтад буцаах зорилготой байгаа юм уу?

-Урьдчилсан хэлэлцүүлэгт тийм хүсэлтэй байсан. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж 2002 оны Эрүүгийн хуулийн 99.1 “бусдад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” гэмт хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нарт ял халдаан хэрэглэх хүсэлтэй байсан.  Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нар нь хүнийг зодож байгаа нь дүрс бичлэгт харагдаж байхад тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй. Шүүх энэхүү хүсэлтийг үндсэн хуралдаанаар хэлэлцэнэ. 2002 оны Эрүүгийн хуулийн 8.2.”Гэм буруутай этгээд үйлдсэн гэмт хэрэгтээ зөвхөн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээнэ.” гэснээр гэмт хэргийнхээ хариуцлагыг тэд өөрсдөө л хүлээх ёстой. Гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатар, Б.Итгэлтөгс нар өөрсдийн үйлдсэн гэмт хэргээ хэн нэгэн нь гэмт үйлдэл үйлдэхэд хүргэсэн гэж мэдүүлснээр ажлаа хийж явсан гэмгүй төрийн албан хаагчид хэлмэгдэх, буруутгагдах, гүйцэтгэгч нар ял завших нөхцөл үүсдэг тийм хууль эрх зүйн орчин гэж байж болохгүй.

-Ярилцсан таньд баярлалаа.

Б.Туул

Хаха 0 8 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 4 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлНаадамчин олон дээл гоёлоо танилцуулж байна
Дараагийн нийтлэл Б.Халиунаа: “Ариг” банкны хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

4 СЭТГЭГДЭЛ

  1. Нээмкээгийн зохиосон хэрэг ГЭЖ энэ! Хэрэг зохиох тухай их ярьдаг сайд, энэ сайд л хэрэг зохиолгож ТАГНУУЛААС хонзон авч байгаа юм

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү