Т.Энхтүвшин: Би Дорноговь аймагт уран олборлуулахгүй

hi

   Дорноговь аймгийн Улаанбадрах суманд долоон хөлтэй ишиг, олон хөлтэй тугал , арьс, үсгүй төл гарсаар багагүй хугацаа өнгөрсөн. Франц, Монголын засгийн газар хооронд уран олборлолтод хамтран ажиллаж, хувь эзэмшиж буй уг төсөлтэй холбоотой байгаль орчны доройтол, генийн өөрчлөлт, мутаци гэж нутгийн иргэд төдийгүй хөндлөнгийн шинжилгээний байгууллагууд дүгнэлт гаргасан байдаг. Уг асуудалд Дорноговь аймгийн иргэдийн нэгдэл болох “Эвийн хүч эх нутгийн төлөө”ТББ-аас Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Асуудлыг хурц хэлбэрээр эсэргүүцэхээ байгаль орчны чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлээд байгаа билээ. Өнөөгийн байдлаар “Бадрах энержи” ХХК-ийн 66 хувийг “Арева Монгол” ХХК эзэмшдэг. “Арева Монгол” ХХК-ийн 66 хувийг Францийн “Орена” групп эзэмшдэг. Тус группын 100 хувийн хувьцааг эзэмшигч нь Францийн Засгийн газар байдаг. “Арева Монгол” ХХК-ийн үлдэх 34 хувийг Японы “Мицубиши” корпораци эзэмшдэг. Уг корпорацийн 100 хувийн хувьцааг Японы Засгийн газар эзэмшдэг. Харин “Бадрах энержи” ХХК-ийн 34 хувийг Монголын “Мон Атом” ХХК эзэмшдэг юм. Уг компанийн 100 хувийн хувьцааг “Эрдэнэс МЖЛ” ТӨХК эзэмшдэг. “Эрдэнэс МЖЛ” ТӨХК  бол 100 хувь МУ-ын Засгийн газар эзэмшдэг билээ. Тиймээс бид уг ураны шар нунтаг олборлох зориулалттай үйлдвэрлэлийг эсэргүүцэж буй нутгийн иргэдийн үйл ажиллагаанд Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин ямар оролцоо, бодлогоор ажиллаж байгааг ярилцахаар тус аймгийг зорьсон юм.

-Дорноговь нутгийн иргэдийн үүсгэн байгуулсан “Эвийн хүч эх нутгийн төлөө”ТББ-гаас “Арева” ХХК буюу Кожеговь” ХХК, “Бадрах энержиХХК-тай Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгээд хоёр жил боллоо. Танай аймгийн Улаанбадрах сумын иргэдийн амьдрах нөхцөл,  эрүүл мэнд, мал ахуй нь доройтож байгааг удаа дараа хэвлэл мэдээллээр ярьсан байдаг. Та аймгийн Засаг даргын хувьд үүнд анхаарал тавьж байна уу?

-Энэ “Арева” гэдэг компани Дорноговь аймагт 20 гаруй жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж ирсэн байдаг юм билээ. Ялангуяа Дорноговь аймгийн Улаанбадрах сум ,Зүүн баян сумын багийг хамарсан газар нутагт олон жил хайгуул хийгээд 2015 онд ашиглалтынхаа буюу “А” лицензийг авсан байдаг. Уг лицензийг олгох үеийн аймаг, сумын засаг дарга нарт би одоо ч “А” зөвшөөрөл олгохыг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсээр байгаа. Тухайн үед би Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг байсан юм. Мөн 2015 онд Дорноговь аймгийн МАН-ын даргын албан тушаалыг авмагцаа тэр үеийн Засаг дарга П.Ганхуягт, Уул уурхайн сайд асан Р.Жигжид, Ашигт малтмалын газрын Газрын тос ашиглах газрын дарга Д.Үүрийнтуяа гэдэг эмэгтэйн одоо ч “...Яг одоо гардуулж өгч байгаа нь...” гээд зөвшөөрөл гардуулж буй зураг хөрөг нь байдаг юм ш дээ. Би аймгийн засаг даргын албан тушаалыг аваад 2017 онд АМГТАГ-ын даргад, “МОН-АТОМ” компаниудад хандсан. Мөн “А” лицензүүдийг хүчингүй болгох, мал хорогдоод, хээл хаяж, иргэд эрүүл мэндээрээ хохирч буй үзэгдлийг судалж, хөндлөнгийн олон улсын шинжилгээний байгууллагаар хөрс, усны бохирдлыг тодорхойлуулах саналыг хэлэлцээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 31 төлөөлөгч 100% нэгдэж “Арева” ХХК-ийг ирж тайлангаа тавихыг шаардсан. Аймгийн ИХТ-ийн хурлаас үйлдсэн бичиг Уул уурхайн яам төдийгүй холбогдох бүхий л газруудад явуулсан ч 2016 онд хийсэн шинжилгээний бичгээс өөр зүйл ирдэггүй. Тэр нь мал хордож, хөрс бохирдож байгаа асуудал бидэнд хамаагүй гэх утгатай бичиг юм. Усан дахь ураны агууламжийг хэмжүүлье гээд өдий олон жил боллоо. Ерөөсөө шинжилгээгээ хийдэггүй. Уг нь орон нутгийн иргэд, төр захиргааны байгууллагуудыг оролцуулаад хөндлөнгийн байгууллагаар шинжилгээ хийчихээч гэдэг саналыг тавьсан. Арга ядаад 2018 онд би “Мон Атом” гэдэг компани байж байгаа дээр нь Ашигт малтмал ,газрын тос ашиглах газрын хэлтэст бичиг явуулчихсан л байгаа.

Т.Энхтүвшин: Би “Арева” компанийнхантай хэзээ ч уулзмааргүй байна

-Одоо та бүхэн ямар арга хэмжээ авч байна?

-Одоо Улаанбадрах сумын ашигт малтмалын ашиглалтын 018911, 018915, 018916 дугаартай “Дулаан-Уул” гэх талбайнуудыг 2015.06.21-ний өдөр “Бадрах Энержи” ХХК-д олгосон байдаг. “Арева” ХХК чинь “Бадрах Энержи” ХХК гэдэг нэртэй болсон. Манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд АМГ-ын Газрын тосны хэрэг эрхлэх газарт ...лицензүүдийг хүчингүй болгож өгөөч... гэсэн хүсэлт явуулсан ч хариу нь ирээгүй. За Барилга хот байгуулалтын сайд Х.Бадельханаас бичиг ирсэн байдаг юм. Бид “Бадрах Энержи” ХХК-ийн ажиллаж байгаа түр барилга байгууламж болох цацраг идэвхит ашигт малтмалын туршилтийн үйлдвэрийг ашиглалтад оруулах улсын комиссын чиг үүргийг орон нутгаас хэрэгжүүлэх боломжгүй учир улсын комисс ажиллуулж өгөөч гэх хүсэлт өгсөн. Гэтэл 2018 онд эд нар барилгаа барьчихлаа. Бид хүлээн авах бололцоо боломж байхгүй гэдгээ илэрхийлсээр байгаа.  

-“Эвийн хүч, Эх нутгийн төлөө”ТББ-ыг хэрхэн дэмжиж ажиллаж байна?

- “Бадрах Энержи” ХХК-ийг тайлан мэдээгээ цаг хугацаанд нь гаргаж өгсөн эсэх, ямар ямар лиценз эзэмшдэг, “А” лиценз ,”Х” лицензүүдийн хэд нь хүчин төгөлдөр хичнээн га талбай хамардаг тухай мэдээллийг манай “Эвийн хүч, Эх нутгийн төлөө” ТББ-аас авах хүсэлт тавьсан. Түүний дагуу одоо энэ “Коже говь” ХХК, “Бадрах Энержи” ХХК –тай холбоотой мэдээллүүдийг өгсөн.  Орон нутгийн удирдлагийн зүгээс мэдэхгүй, чадахгүй юмаараа оролдохгүй ш дээ. Би засаг дарга болсноос хойш компаниудын удирдлагатай огт уулзаагүй. Бид танай компанийг ажиллуулах бололцоогүй гэдгээ л уламжлуулдаг. Уран ямар хор уршигтай билээ. Стратегийн том бүтээгдэхүүн цацраг идэвхит бодис олборлох асуудалд засгийн газар ямар байр сууртай байдаг зэргийг нягталж тодруулах хэрэгтэй гэж боддог.

-“Бадрах Энержи” ХХК нутгийн иргэдийг ажлын байраар хангаж байна уу?

-Ер нь бол мэдэхгүй. Улаанбадрах сумаас цөөн хэдэн хүн ажиллуулдаг л гэдэг юм.

-Компанийн удирдлагуудтай уулзалдахгүй байгаа нь уран, хордлогын асуудлыг шийдвэрлэх гарц биш биз дээ?

- 2015 онд “Арева” ХХК-д зөвшөөрөл олгоход л эсэргүүцсэн. Аймгийн өмнөх удирдлагад ч  гэсэн хэлсэн. Тиймээс компанийн удирдлагуудийг хүлээн авч уулзаагүй .

 Т.Энхтүвшин: Д.Сумъяабазар сайд надтай ижил бодолтой байх

- Дорноговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар тэргүүнтэй хүмүүс 2018 онд компанийн нээлтийн үйл ажилгаанд уригдаж ирсэн байдаг. Тэр үеэр та уулзаад өөрсдийнхөө байр сууриа илэрхийлж болсонгүй юу?

- Нээлтэд бид нар очоогүй ээ. Д.Сумъяабазар сайд Дорноговь аймагт ажилласан хоёр хоногийн хугацаанд Даланжаргалан суманд баригдсан “Мак” ХК-ийн 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр, Өргөн суманд баригдсан “Монполимет” компанийн 1 сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр, Японы хөрөнгө оруулалтаар Сайхандулаан суманд баригдсан цахиур чулууны үйлдвэр, “Доншин” гэх Хятадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагаатай танилцаад Улаанбадрах суманд байгаа “Кожеговь” ХХК-д очсон юм.

- Улаанбадрах сумын эмнэлэгт “Бадрах Энержи” ХХК жил бүр санхүүгийн туслалцаа үзүүлж, иргэд эмнэлэгтээ итгэх аргагүй болж байгаагаа нийтэд илэрхийлсэн.

-Би тийм нарын юм мэдэхгүй байна. Хүн хордоод, эмнэлэгт хэвтээд, хүүхэд хордоод эмнэлэгт хэвтээд гэх юм сонссонгүй. Мал хээл хаясан, зургаан хөлтэй тугал гарлаа гэдэг асуудал нилээд яригддаг. Бид 2017 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Бадрах Энержи” ХХК-ийн тайланг сонслоо ш дээ. Байнга шаарддаг зүйл бол хөндлөнгийн байгуулагаар шинжилгээ хийлгэх. Үнэхээр ус нь хордчихоод байгаа юм уу? Хөрс нь хордчихоод байгааг тодорхой болгомоор байна. Комапнийн зүгээс аймагт, сум орон нутагт эмнэлэг, сургууль бариад өгчихсөн зүйл байхгүй. 20-иод жил байх хугацаандаа өмнөх засаг дарга нарын үед хэдэн гэр өгчихдөг, сургуульд нь хэдэн компьютер, дээврийн нь засаж өгсөн, худаг гаргаж өгсөн ч гэдэг юм уу ажлууд хийсэн юм билээ. Өдгөө ч аймгийн засаг даргатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаад явж байгаа юм байхгүй. Би ийм юм ер нь байгуулах ч үгүй. Надтай гэрээ хийе гэж тэд олон удаа шаардсан ш дээ .

- Иргэний нийгмийн байгууллагууд Улаанбадрах сумыг зориод ирсэн. Та шүүх дээр явж байгаа маргаанд дэмжлэг үзүүлээд хамтарч ажиллах боломжтой юу? Үүнийгээ илэрхийлсэн зүйл байна уу?

-Шүүхийн асуудлыг сонссон. Миний лицензүүдийг хүчингүй болгох байр суурийг жилийн өмнөөс “Эвийн хүч, Эх нутгийн төлөө” ТББ-ын захирал Б.Хөхөө, өмгөөлөгч Г.Батбаяр нар  аваад явсан. Одоо тэрнийг шүүх дээр үзүүлээд явдаг юм билээ. Үүнийгээ би хамтарч байгаа нэг төрлийн дэмжлэг юм гэсэн ойлголттой яваа.

- Таньд Д.Сумъяабазар сайд байр сууриа юу гэж илэрхийлэв?

-Д.Сумъяабазар сайдад бол би зүгээр дуулгаж байсан юм. Уулзаад энэ Улаанбадрахын  ураны компанийг нэг талдаа шийдвэр гаргахгүй бол хүндрэлтэй байна гээд ярьсан. Сайдыг надтай адил саналтай байгаа болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл анхнаасаа л эд нар Д.Сумъяабазарыг сайд болоогүй байхад ”А” лицензийг нь өгчихсөн хүмүүс ш дээ. Мэдээж “А” лицензийг авна гэдэг бол ашигланаа л гэсэн үг.

- Монголын талын “Мон Атом” ХХК-ийн удирдлагуудтай уулзалдаж орон нутагт үүсээд байгаа асуудлыг ярилцав уу?

– “Мон Атом” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Д.Далайжаргал гэж залуу байдаг. Түүнд би ..Энийг би хүлээн зөвшөөрөхгүй шүү... гэж бас хэлж л байсан.

Дорноговь аймаг уул уурхайн ашиг шимийг хүртэж чадаж байгаа

- Орон нутагт олгогдсон 500 гаруй лицензийн тоог 300 гаруй болгож цөөлсөн гэсэн. Үүнийг хариуцлагатай уул уурхайн хэрэгжилтийг хангуулах бодлого гэж харж байна.

   - “Их Дорноговь -Хөгжлийн сан” гэдэг бол аймгийн Засаг дарга болон ТББ-уудад ямар ч хамаагүй байгууллага. Уул уурхайн байгууллагууд нь өөрсдөө нэгдэж нийлээд ТББ байгуулж төлөөлөн удирдах зөвлөлөө бүрдүүлсэн. Аймгийн засаг дарга ганцхан үүрэг хүлээдэг юм энд. Мэргэжлийн байгууллагаар гаргасан төсөв, тоо хэмжээ, хөтөлбөрийг л тэр сан руу явуулдаг. Энийг дэмжиж өгөөч ,энийг санхүүжүүлж өгөөч , дэмжлэг үзүүлээч гэх хөтөлбөрүүд явуулдаг байхгүй юу. Бусдаар энэ “Их Дорноговь-Хөгжил” сан компаниудын өөрсдийн хүсэл зорилгоор байгуулагдсан, гаргасан мөнгөндөө шуурхай хяналтыг тавьдаг, өөрсдөө сонгон шалгаруултаа явуулж, ТУЗ-өөрөө аль хөтөлбөрийг дэмжихээ шийддэг.  

-“Их Дорноговь -Хөгжлийн сан” ТББ-ыг одоо ямар хүн ахалж байгаа юм?

-О.Батжаргал гэх хүн ТУЗ-ийн дарга хийдэг. Өмнө нь уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын төсвөө зүгээр л аймагт өгдөг байсан. Хуучин бол үнэхээрийн хэцүү,хэцүү юм байдаг байсан юм билээ. 2016 онд хурал аваад би анхныхаа хурлыг хийж “Их Дорноговь -Хөгжлийн сан” ТББ байгуулагдсан юм л даа. Анхны хурал хийхэд компаниуд ...суманд чинь мөнгө өгдөг өө, аймагт чинь мөнгө өгдөг, маш чанаргүй юм хийдэг. Нэг бол идэж уугаад, дуусгадаг, нэг бол болсон болоогүй чанаргүй юм аваад дуусдаг. Энийгээ болио ч ээ.. гэж ярьсан. Тэгээд өөрсдөө хуралдаад ер нь бид нар энэ аймагт өгсөнөөс өөрсдөө сан байгуулаад ТББ-аа байгуулъя. Бид ер нь яахаараа энэ сумын засаг даргад мөнгө өгдөгийн, яахаараа бид нар аймгийн орон нутгийн санд мөнгө өгдөг юм. Бид татвараа төлж байна. Бид одоо мөнгөө нэгтгээд, өөрсдөө захиран зарцуулъя л даа. Аль суманд юм хийж өгөхийн бид нар өөрсдөө шийдье л дээ гээд сан байгуулагдсан байхгүй юу. Одоо маш их юм хийгдсэн байна. Гурван жилийн хугацаанд томоохон бүтээн байгуулалт гэвэл Даланжаргаланд 100 хүүхдийн цэцэрлэг, Зүүн баяанд 50 ортой цэцэрлэг, Дорноговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Даланжаргаланд спорт заал,  Хатанбулаг, Айраг сумдуудад наадмын талбай, олон тооны худаг, сангийн засвар, хүүхдийн тоглоомын талбайг хийж өгсөн. Хатанбулаг суманд одоо багийн иргэдийн хөгжлийн төв, дээр нь арван хэдэн км дугуйн зам гэрэлтүүлэгтэй хийж өгсөн байгаа. Маш олон бүтээн байгуулалт хийж өгсөн байгаа юм. Урд нь энэ хүмүүсийн мөнгө хаашаа ордог байсан юм бүү мэд. Би одоо сөргүүлж асуумаар санагдаад байгаа юм. Компаниуд одоо өөрсдөө нэгдээд, нийлээд хяналтаа тавиад, өөрсдөө мөнгөө санхүүжүүлээд, өөрсдөө гүйцэтгэгчээ олоод явж байгаад нь зарим нэг хүмүүс улс төрийн зорилгоор ч юм уу нөлөөлөх гээд оролдоод байдаг юм. Намайг хүртэл санхүүгийн баримтыг нь гаргаж өгөөч гээд. Би тэгээд ТББ-ийн санхүүгийн баримтыг би гаргаж өгнө ч гэж юу байхав. Мэдэхгүй л гэнэ ш дээ. /инээв/

- “Их Дорноговь -Хөгжлийн сан” ТББ ажил гүйцэтгэгчээ хэрхэн сонгодог вэ? Орон нутгийн удирдлагууд саналаа оруулах уу? Санал болгох уу?

-Өөрсдөө сонгон шалгаруулаад л явуулна. Харж байхад ..

-Ямар хүсэлтийг төсөл болгож хэрэгжүүлж байна.  

- Аймгаас, сумдаас, иргэдээс ч авна. Миний явуулсанг  тэр бүр шийдэхгүй шүү дээ. Таван төсөл өгөхөд ганц хоёрыг нь л шийддэг. Тэгээд хараад байхад тэр компаниуд чинь аль суманд үйл ажиллагаа явуулдагаас хамаараад тухайн сум руугаа анхаардаг. Сумын ИТХ, аймгийн ИТХ, сумын засаг дарга, аймгийн засаг дарга, УИХ-ын гишүүдтэйгээ нийлээд баг боллоо. Сайхан баг болж ажилласны үр дүнд богино хугацаанд ахиц дэвшил гарсан гэж дүгнэж байна. Ер нь багаар ажиллаад, зорилгоо тодорхой болгоод нэг ойлголттой асуудалд хандах юм бол олон зүйлийг богино хугацаанд амжуулж болдогийг харлаа. Дорноговь аймагт 650 мянган төгрөгөөр иргэд маань орон сууцтай болж байна. Өнөөдөр Дорноговь аймагт бол МУ-ын Засгийн газрын нефть боловсруулах үйлдвэр, төмөр замын төсөл, Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүс, ложистикийн төсөл , төмөр зам дагасан уул уурхайг түүхийгээр нь биш аль болох баяжуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэр буй болгож маш олон хүнийг ажилтай, орлоготой болгож байна. Олон ажил хийж чадсан. Дорноговь аймгийн орлого 23%-иар нэмэгдсэн. Дорноговь аймаг өрсөлдөх чадвараараа 13 дугаат байсан бол дөрөвдүгээрт жагссан. Дорноговь аймгийн хүн ам өссөөд 70 мянга гарчихлаа. Дорноговь аймгийн мал ч өслөө. Дорноговь аймаг хамгийн бага ажилгүйдэлтэй аймаг болсон байна. Дорноговь аймаг хүн амьдрах хамгийн таатай орчин гэж тодорхойлогдсон. Энэ бүгд юу гэж харагдаж байна гэхээр бидний хүчин чармайлт, бид одоо баг болж ажиллаж чадсаных гэж боддог.

-Ярилцсан таньд баярлалаа. Та бүхний үйлсэд өндөр амжилт ерөөе.

-Баярлалаа.

   Ярилцлагыг бэлтгэсэн: Б.Ариунтуул

Хаха 1 2 Таалагдсан 8 Гунигтай 1 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0