М. Учрал


Х.Эрдэнэсайхан: НИТХ-аас тосгон болох шийдвэрийг 2 жил хүлээж байна

hi

Нийслэлийн алслагдсан хороодын нэг бол Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу радио өргөн нэвтрүүлгийн төв станц байрлах Хонхор юм. Хотын төвөөс 27 км зайд байрлах энэ хорооны аж амьдралын талаар ярилцахаар тус хорооны Засаг дарга Х.Эрдэнэсайхантай ярилцлаа.

-Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог Тосгон болгохоор сүүлийн 2 жилийн хугацаанд хөөцөлдөж байна гэлээ. Ер нь та хороогоо танилцуулаач, “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-д заасан шалтгуурт хангалттай хүрсэн үү?

-Одоо мөрдөгдөж байгаа “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-д Тосгон нь 500-15000 оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдаа зэрэг салбарын аль нэг хөгжсөн, өөрийн удирдлага бүхий суурийн газар мөн гэж заасан байдаг. Одоо манай хороо  Хороо маань түр оршин суугчидтайгаа нийлээд 14000 гаруй хүн амтай, 35 мянган га газар нутагтай, 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай, 40 гаруй амралтын газар үйл ажиллагаа явуулдаг том суурин. Хүн амын тоогоороо л гэхэд Говьсүмбэр аймгаас давж байна шүү дээ.  

-Хороог тосгон болгох санал авах хаанаас гарч байв? Статусаа ингэж өөрчилснөөр иргэдэд ямар ямар ач холбогдолтой бэ?

-Би сүүлийн 7 жилийн хугацаанд энэ хорооны Засаг даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд иргэдээс ирж байгаа хүсэлт, шаардлага нь тосгон болж хөгжих ёстой юм байна гэдгийг хэлээд байсан. Тиймээс 2 жилийн өмнө хорооны Иргэний нийтийн хурлаар сонгуулийн насны 5000 иргэдийн дунд энэ асуудлыг хэлэлцүүлэхэд 3800 нь энэ саналыг дэмжсэн юм. Тосгоны статустай болох нь энэ хороонд оршин суугаа бүх иргэнд шууд болон шууд бусаар маш олон эерэг нөлөө авчирна. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Тосгоны статусын нэмэгдэл гэж төрийн албан хаагчдын цалин 30 хувиар нэмэгддэг. Хэдий бага дүн мэт сонсогдовч энэ 30 хувийн нэмэгдлийг дагаад сургууль, цэцэрлэгийн багш нар манай Тосгонд ажиллах сонирхолтой болно. Одоо манай хороонд улсын 2 сургууль, 2 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Хорооныхоо хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульдаа бүрэн хамрагдуулж чаддаг ч алслагдсан суурин учраас багшлах боловсон хүчин хомс, математик, хими, дуу хөгжим, бага ангийн багшийн хүрэлцээ хангалтгүй учраас тэтгэврийн насны багш нараа ч гавьяаных нь амралтыг эдлүүлэлгүй ажиллуулах, өөр чиглэлийн багш орлож хичээл заах гэх мэт хүндрэлүүд байна. Үүнээс болоод сурагчид хичээл хоцрох сөрөг нөлөөтэй учраас бид аль болох хурдан хугацаанд тосгон болж хөгжих шаардлага байна. Харамсалтай нь өдийг хүртэл шийдэгдэхгүй хэвээр байна.  

-Та бүхний санал, санаачлага аль шатандаа гацаад байгаа бэ? Үүнээс болж иргэдийн амьдралд чирэгдэл үүсч байна уу?

-Хуульд заасны дагуу бид хорооны иргэдийн нийтийн хурлаас гарсан иргэдийн саналыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхэд биднийг дэмжиж, Нийслэлийн иргэдийн хуралд уламжилсан. Гэсэн ч ямар нэгэн хариу өгч, шийдвэрлэхгүй байсаар 2 жил өнгөрлөө. Манай хороонд жилдээ 200-300 өрх шилжин ирдэг. Эдгээр шинэ өрхүүдэд газар олголт хийх, цахилгаанд холбох гээд ажил ундарна. Дүүргийн газрын албанд уламжилж, газар олголтыг бүрэн шийдвэрлэсний дараагаар цахилгаанд холбодог учраас бид шинэ өрхүүдээ аль болох богино хугацаанд тог, цахилгаантай, албан ёсны хаягтай болгоод өгөхийг хүсдэг ч удаашралтай байдаг.

-Хорооныхоо иргэд, аж ахуйн нэгжтэй хэр хамтарч ажилладаг бэ? Буйдхан газрын хүмүүс бас амь нэгтэй байдаг?

-Тэр үнэн шүү. Би хорооныхоо иргэд, байгууллагуудад энэ тал дээр маш их баярладаг. Иргэдийнхээ сэтгэл, зүтгэлээр хамтдаа хийж хэрэгжүүлсэн олон ажил манай хороонд байдаг. Ганц нэгээс нь дурдахад, манай хороонд “Цагаан толгой” гээд сайхан түүхтэй газар бий. Анх Улаанбаатар хотын суурийг тавихдаа газар усыг нь аргадаж, 8 өөр газарт 1000 лам ном хайлж байсны нэг “Цагаан толгой” байсан юм. Гэсэн ч 1960-аад оноос хойш энэ газар үүсмэл хогийн цэг болсон байсан учраас дан ганц хорооныхоо иргэд, хөдөлмөр эрхлэгчдийн хүч, хөрөнгөөр цэвэрлэж 36 мянган тонн хог буюу 182 машин ховоо хогийг 18 өдрийн турш тээвэрлэж, устгасан. Одоо энэ газраа дахин сэргээж, тохижуулаад, иргэд салхилах боломжтой газар болгосон. Энэ бүхэнд хороонд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хамт олны маань хүч хөдөлмөр шингэсэн томоохон ажил болсон. Иргэдийн бүлгүүд маань маш идэвхтэй ажиллаж, хүүхдийн тоглоомын талбай, смарт худаг гээд олон ажлыг хамтдаа хийлээ.

-Баянзүрх дүүргийн 20 дугаар хороог Гачуурт тосгон гэсэн статусаар хөгжүүлээд нэлээд хэдэн жил өнгөрч байгаа гэж сонссон. Та ойрхон байршилтай тус тосгонтой өөрийнхөө хороог харьцуулж үзсэн үү?

-Тэгэлгүй яахав. Гачуурт тосгоны хувьд хүн ам тоогоороо манайхтай ойролцоо. 11 дүгээр хороо маань Тосгоны статустай болвол хотын зүүн хэсэгт өөрсдийн эрх хэмжээний асуудлаа шийдвэрлэчих боломжтой 2 тосгон бий болно гэсэн үг. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх боломж байна. Манай хороо зам харгуй сайн хөгжсөн, нийслэл, зүүн аймгуудыг холбосон зам дагуу оршдог учраас тосгон битгий хэл дүүрэг болж хөгжих боломж байна шүү дээ. Багахангай дүүрэг гэхэд 4000 гаруй хүн амтай, хотоос 76 км зайтай ч дүүргийн статустай болоод л байна. Миний хувьд хотын хэт төвлөрлийг сааруулахын тулд дагуул хотуудыг хөгжүүлэх хэрэгтэй гэж үздэг. Тиймээс Баянзүрх дүүргийг хот болгож, манайх шиг алслагдсан хороодыг дүүрэг болгож хөгжүүлэх нь эдийн засгийн өрсөлдөөнийг бий болгож, өөрсдийн гэсэн онцлог бүхий хот бий болно гэж боддог.

Ярилцсанд баярлалаа

Хаха 2 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 3