М. Учрал


Жокер кино ба сэтгэлзүй

hi

Саяхан нээлтээ хийсэн Жокер кино нь нийгэм, гэр бүл тэр дундаа ээжийн сэтгэл зүй хэрхэн хүүхдэд нөлөөлж болохыг харуулсан эмгэнэлт болон сургамжит бүтээл болжээ. Артур яагаад Жокер болон хувирсан болохыг сэтгэл судлаачид ийн дүгнэжээ.

1. Ээж
Жокерын ээж сэтгэцийн өвчтэй байсан тул Артур багадаа амссан хүчирхийллийн улмаас бие сэтгэлийн гэмтэл авсан. Энэ тухай хүүхдийн хөгжил номонд "Асуудалтай хүүхэд гэж байхгүй гагцхүү асуудалтай эцэг эх гэж л байдаг. Хэрэв эцэг эх нь сэтгэл зүйн гэмтэлтэй бол хүүхэд сэтгэцийн өвчтэй болох эрсдэлтэй болдог" гэж өгүүлсэн. Гэвч ээж нь үнэхээр сэтгэцийн өвчтэй хүн байсан эсэх, эсвэл түүнийг Томэс Вэйн буюу түүний баян нууц амраг нэр хүндийнхээ төлөө тийм байдалд оруулсан уу гэдэг нь кинонд тодорхойгүй үлдсэн. Өөрөөр хэлбэл, хэрэв тийм байсан бол эрэгтэйчүүд үүрэг хариуцлагаа үүрэхгүй байх нь ямар сөрөг үр дагавартай болохыг харуулсан.

2. Тусгаар бие хүн
Энэ бол маш чухал сэтгэл зүйн ойлголт бөгөөд үүнийг сэтгэл зүйчийн хувьд миний бие олон ээж нарт ойлгуулахыг хичээдэг. Артур тусгаар бие хүн болж чадаагүй буюу өөрийнхөөрөө байж чадаагүй харин ээжийнхээ хүссэн инээдмийн, аз жаргалтай алиалагчийн дүрээр амьдарч байсан. Хуурамч би эцэст нь Артурыг огт өөр эсрэг дүрд хувирахад нөлөөлсөн.

3. Сэтгэцийн өвчин.
Энэ кино олон хүмүүсийн анхаарлыг сэтгэцийн өвчинд татаж чадсан. Тухайлбал, та ресторанд хооллож суутал таны хажууд сууж буй гэр бүлийн хүүхэд хашхирч, чанга уйлах эсвэл инээж эхлэх нь хүмүүжлийн асуудал биш харин сэтгэл зүйн эмгэг байж болох магадлалтай гэдгийг ойлгон, хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй гэдгийг та ойлгож авна.

4. Нийгмийн хүчин зүйл буюу ядуурал
Эрх мэдэл, мөнгөтэй хүмүүс өөрсдийн хүүхдийг хашааны цаана нууж, нийгмээс хамгаална гэж боддог. Яг л баян Томасын хүү Брүс хамгаалагчаар хамгаалуулдаг шиг. Гэвч нийгмийг бүхэлд нь хөгжүүлэн, хүн бүрийг тэгш халамжлах бодлоготой байхгүй бол нэг л өдөр нийгмийн уур бухимдал эцэстээ тулж үхэхээ тулвал бүгд үхдэг болохыг энэ кино харуулсан. Иймд энэ киног үзэх эрх мэдэлтэн нэгийг бодож, Томас шиг үхэхээсээ өмнө боломж байгаа дээр иргэдээ бодох хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухал юм. Алуурчин эхнэрийг бас хороодог нь эрх мэдэлтэй хүний шийдвэрт эхнэр нөлөөлж чадахыг давхар харуулж байна.

5. Гадуурхах буюу bully
Энэ киноноос хүн бусадтай хүн шиг харилцаж байхыг харуулсан кино. Хүн яагаад байгаа шигээ байгааг бид мэдэхгүй, бүх түүхийг нь судлаагүй л бол хүнтэй хүний ёсоор хандах, үр хүүхдэдээ үүнийг зааж өгөх нь чухал. Дээрэлхүү, бардам, цэвдэг сэтгэлийг хүүхэд эцэг эхээсээ үлгэрлэн суралцаж, түүнийгээ сургуульдаа хэрэгжүүлж байдаг тул эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхээc илүү өөрсдийн сэтгэл зүйн хөгжилд анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бусадтай дээрэлхүү хандсанаас үүдэн юу болж болохыг Жокер кино тод томруун харуулсан.

Бид нэгэнт нийгмээс ангид амьдрахгүй бөгөөд нийгмийн нэг хэсэг тул хүн бүр сэтгэл зүйн асуудалд анхаарал хандуулах цаг болсон.

Нийтлэлийг бичсэн: Ёна

Хаха 0 0 Таалагдсан 2 Гунигтай 0 Нүдний булай 32 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0