Админ


Зэвсгийн шинжээчид...

hi

    Олон улсын зэвсгийн шинжээчид хамгийн хүнд хүчир хамгийн эрсдэлтэй хөдөлмөр эрхэлдэг нь тэдний амь даатгал НҮБ-ийн энхийг сахиулагчдаас хорь дахин өндөр байдгаас харж болно. Химийн зэвсгийн конвенцийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй олон улсын зэвсгийн шинжээчид бид тухайн төр улсын хамгийн нууц онц чухал объект дээр ажиллаж нууц материалтай харьцаж тусгай томилолтоор явахдаа янзан бүрийн адал явдалтай учирч байдаг болохоор анх ажилд орохдоо ч арван жил болоод ажлаас гарахдаа ч насан туршдаа амаа жимийх үүрэгтэйгээр нууцлалын гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулдаг. Арабын орнуудад шинжээчдийн машин руу автоматаар шүрших, танк эсэргүүцэх пуужингаар харвах, минэд дэлбэрэх, барьцаанд орох зэрэг асуудлууд гардаг ч тэр болгоныг байгууллагын нууц нэрээр хав дараад л өнгөрнө.

Тэгэхдээ шинжээчид тэрбум төгрөгний ханштай тэсрэлт дэлбэрэлтэнд тэсвэртэй хуягласан ЛАНД-ууд /нүүр зураг дээр/ хөлөглөхөөс гадна хүн бүр хуяг дуулга өмсөн аюулгүй байдлыг сайтар хангадаг болохоор амь настай холбоотой асуудал аль болохоор алсуур өнгөрсөн нь шинжээчид бидний энхийн төлөөх ариун үйлс Бурханы авралтай холбоотой бизээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад алд бие минь чад хийвээс амь даатгалын нөхөн олговор гээд ар гэрт сая ногоон өгөөд ч яах юм билээ, харин нойр хоолгүй зүтгэн Нобелийн шагнал хүртэлцлээ ч ардын засгийн наадмаа арван жил санагалзав, амьд мэнд хилийн дээс алхаж ар гэрийн бараа харах юм шүү, эсэн мэнд эх орондоо газардаж энхрий хонгор ачаа үнгэх юм шүү зэргээр олон удаа шүд зуух шүлэглэх хоёрыг зэрэгцүүлж байв. Хасах нэмэх дөчин хэмд химийн зэвсгийн өндөр эрсдэл гоц хортой объектод хэдэн давхар хамгаалах хувцас тоноглолтой ажиллахдаа заавал хоёроос доошгүй шинжээч багаараа ордог нь нэг нь ухаан алдаж унаж тусвал нөгөө нь чирч гаргах үүрэгтэйнх. Ялангуяа зэвсэг устгах объект дээр шинжээчид өдөр шөнөгүй баяр амралтгүй 24 цагаар хоёр ээлжээр хоногт бид 13 цаг ажилладаг нь зэвсэг устгах технологийн дамжлага нь сар жилээр тасралтгүй эргэлдэж байдагтай холбоотой. Хот суурингаас хэт алслагдсан халуун орны ширэнгэ ойд хэдэн сар олон улсын мандаттай тусгай үүрэг гүйцэтгэхэд цаг уур, халдварт өвчин, ажлын хүнд нөхцөл гээд бэрхшээл зөндөө ч янз бүрийн араатан амьтанг нүдээрээ үзэх завшаан их тохиолдоно.

Бидний амьдардаг өрөө тасалгаа бүгд агааржуулагчтай тул халуунаас зугтаах гүрвэл могой мэлхий сэрүүхэн газар хайн миний өрөөнд тэд хаагуур ч хамаагүй нүх сүв олоод ороод ирнэ. Нэг шөнө унтаж байтал ямар нэг юм миний хүзүүнд дээр арвагнаад байх шиг болохоор авч шидээд гэрлээ асаагаад хартал энэ нэг мэлхий өрөөний буланд багвайтал сууж байх жишээний. Манайхан байрнаас зэвсгийн объект руу чиглэх зам дээр том алаг эрээн бар харсан гэх ч би хувьдаа тэр зам дээр үүрээр сэрүүцэн хэвтэж байгаад ачааны хүнд даацын машинд бяц даруулан үхсэн арван метр орчмын урт аварга том (python) могойг хараад сэтгэл жихүүцэж билээ. Мөн модноос модонд үсрэн дүүжлэгдэн тоглож өдөр шөнөгүй бидний байрны орой дээр хорь гучаараа түжигнэх сармагчингуудыг хараад залхана гэж үгүй. Тэд хүнийг ямар сэтгэлээр, ямар харцаар тэдэнд хандаж байгааг андахгүй. Тэднийг сайхан сэтгэл дулаан харцаар өхөөрдөнгүйгээр харах тутам хоорондоо эрхлэн тоглож хамгийн гоё гоё үзүүлбэрүүд, ид шидээ бидэнд харуулахыг хичээнэ. Харин нэг өдөр би сармагчингуудын талаар надад байнга уурлаж уцаарлаж гомдоллож явдаг серб найзтайгаа хоёулаа салхинд гараад байрны ойролцоо замаар алхаж байтал хашаан дээр зүв зүгээр сууж байгаа сармагчингуудыг хараад тэр маань Энэ муусайн сармагчингууд зайлбал таарна, түжигнээд хүн ч унтуулахгүй юм гээд хашгиран хатуу үг, ширүүн харцаар тэдний зүг хөмсөг зангидан хартал бүх сармагчингууд гэр бүлээрээ жижиг мод холтос барин бидний зүг муухай хашгиралдан ухасхийх нь тэр. Би ч яахав байран дээрээ зогтусан зогстол тэд миний хажуугаар шаагилдан гүйлдэн өнгөрөөд байр руугаа ум хумгүй хар хурдаараа жирийх мань хүний хойноос хөөн арай л гүйцэлгүй орхиж билээ. Ер нь миний тэр найз маань нилээд хэгжүүн зантай аливаа юманд байнга гомдоллож явна. Нэг удаа бид арабын Йорданы вант улсад НҮБ-ын аюулгүй байдлын гүнзгийрүүлсэн сургалтанд орж байтал мань хүн нөгөө л зангаараа НҮБ-ын сургагч нарын өмнө пээдэлзээд байгааг ажигласан тэд Таныг энэ цаг мөчөөс эхлээд барьцаанд орсон шинжээчийн дүрд 24 цаг тоглуулнаа гээд гэнэт ухасхийн гарыг нь мушгин газар дээр унаган өвдөглөөд хоёр эрхий хурууг нь нарийн троссоор ард нь хүлээд амыг нь скочдон толгойд нь хар шуудай углан хүзүүгээр нь олсоор оосорлон өдөржин шөнөжин уул хад элсэн цөлөөр бидний нүдэнд дээр чирч гулдран явж алан хядагч босогчид исламын дайчдын барьцаанд орсон ийм нөхцөлд шинжээчид бид яах ёстойг найзын маань бие махбодь сэтгэл зүй дээр амьд сургалт тоглолт хийхэд мань эрийн ёстой хулхи нь бууж билээ. Зэвсэг устгах үндсэн технологи нь химийн зэвсэг бөмбөг сум пуужин доторх химийн хорт бодисийг нь соруулж аваад өөр химийн бодисоор саармагжуулж үлдсэн хортой их биеийг нь мянган градусын зууханд шатаагаад гаргаж ирээд гагнуураар тасдаж төмрийн хаягдал болгосноор химийн зэвсгийн данснаас хасагддаг. Өөр нэг технологи нь дэлбэлэх арга бөгөөд энэ нь асар зузаан ган ханатай, 200 атмосфер даралтыг ч тэсэх чадвартай автомат угаалгын машин шиг хэлбэртэй том төхөөрөмжинд химийн зэвсгийг хийгээд амыг нь таглаад дотор нь дэлбэлдэг. Дараа нь саармагжуулах химийн бодис хийгээд дэлбэрсэн сум, бөмбөгний хэлтэрхийг химийн бодисуудынх нь хамт угаалгын машин шиг 24 цагаар эргэлдүүлсээр хоргүй болгон устгадаг. Иймэрхүү нөхцөлд миний тухайд л гэхэд нийтдээ 2200 хоног тусгай томилолтоор ажилласан бөгөөд 2005 онд зэвсгийн шинжээчээр анх ороход дэлхийн химийн зэвсгийн арван хувийг устгаад байсан бол 2016 он гэхэд 95 хувийг устгаж дууссан нь арав гаран жилийн хугацаанд аюулт химийн зэвсгийн үндсэн нөөцийг шинжээчдийн хяналт дор үгүй хийжээ.

Суралчилгаа

Тухайлбал, зэвсгийн шинжээчид бид Герман Бельги Итали Англи Францын дэлхийн 1-р дайнаас үүдэлтэй хуучин химийн зэвсэг, Албани Энэтхэг Сири Ливи Иракийн химийн зэвсэг, ОХУ-ын Саратов мужийн Горный, Удмурт мужийн Кизнер, Камбарка, Пенз мужийн Леонидовка, Киров мужийн Мардыковский, Брянск мужийн Почеп, Курган мужийн Щучье дахь химийн зэвсэг, АНУ-ын Мэрилэнд мужийн Абердийн, Алабама мужийн Аннистон, Орегон мужийн Юматилла, Юта мужийн Туэле, Арканзас мужийн Пайнблаф, Колорадо мужийн Пуэбло, Кентаки мужийн Блю грасс дахь химийн зэвсгийг бүрэн хяналтандаа авч устгаж дуусгаад байна. Цаашид Химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдээгүй байгаа Израиль, Египет, Хойд Солонгосыг эгнээндээ нэгтгэн болзошгүй химийн зэвсгийг нь хураан устгах, Хятадын нутаг дэвсгэр дээр орхигдсон Японы квантуны армийн хаягдсан химийн зэвсгийг устгаж дуусах, энгийн химийн үйлдвэрүүдийг тогтмол хянан шалгах, гишүүн орнуудаас аль нэг гишүүн улсын эсрэг гомдол санал хүсэлт гаргасан бол уг улсыг шалгах, гишүүн орнуудад хэн нэг этгээд химийн зэвсэг хэрэглэсэн үед очиж шалгах туслах зэрэг үндсэн үүргийг зэвсгийн шинжээчид гүйцэтгэх болно. Монгол Улс Химийн зэвсгийг хориглох конвенцид 1995 онд нэгдэн орсон ба конвенцийг хэрэгжүүлэх үүргээ БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штабын Химийн цэргийн хэлтэс толгойлон холбогдох яам агентлаг хоорондын Ажлын албаны хэлбэрээр гүйцэтгэж байна. Монгол Улсаа төлөөлөн Гаагад олон улсын химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр генерал Монтойн Хүрлээ 1997 оноос, хурандаа Загдын Нармандах 2003 оноос, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт 2005 оноос монгол зэвсгийн шинжээчдийнхээ залгамж халааг хадгалан тасралтгүй хориод жил, мөн бидэнтэй хамт манай ГХЯ-ны нэрт дипломатч Догсомын Ганбаатар төлөвлөлтийн офицероор 1998-2008 онд тасралтгүй арван жил ажилласан юм.

ОУ-ын зэвсгийн шинжээч, ШУ-ны доктор, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хаха 2 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1