М. Учрал


Монгол цэргийн баярын өдөрт...

hi

    Орчин цагийн монголын зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан 3-р сарын 18-ны энэ өдөр монгол цэргийн гайхамшигт түүх уламжлал шинэчлэл тэдгээрийн суут хүмүүс баатаруудаа шагшран магтахгүй байхын аргагүй. Юуны өмнө, 1990-ээд оноос хойш Монголын арми өөрийн хүчээр өөрийн цэргийн урлаг стратеги тактикаар эх орноо хамгаалах үндэс суурийг шинжлэх ухааны үүднээс боловсруулж амьдрал практик дээр хэрэгжүүлж ирсэн Шагдар буюу Шакий генералыг шагшран магтахгүй байхын аргагүй. Шагдар генерал бол далаад оны салаа ротын захирагч, наяад оны хороо нэгтгэлийн штабын дарга, ерээд оны Зүүнбаянгийн дивизийн захирагч зэрэг хорь гаран жил хээрийн армид шат дараалан алба хааж орос монголгүй бүх шатны сургуулийг нь төгссөн орчин цагийн жинхэнэ монгол цэргийн дарга төдийгүй улс төрийн ороо бусгаа он жилүүдэд ч Зэвсэгт хүчин болон Жанжин штабыг гадны хэн нэгний гар хөл болголгүйгээр цэвэр цэргийн мэргэжлийн байгууллагаар нь авч үлдэж тэдгээрийг арав гаран жил мэргэжлийн хувьд удирдсан цэргийн агуу стратегич, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депатут, Цэргийн ухааны доктор профессор цэргийн онол практикийг хослуулсан орчин цагийн монголын армийн байлдах цэргийн урлагыг үндэслэгч яах аргагүй мөн. Ажил амьдралын нэвтэрхий толь болсон Шакий генерал аав нь хүүдээ арга билэгээ өвлүүлдэг монгол ухаанаар алс хол Зүүнбаянгаас Аюушийн Ганбат хэмээх өсөх ирээдүйтэй хурандааг тухайн үедээ бодлогоор хажуудаа дуудан авчирч армийг цаашид авч явах арга ухаан төрийн цэргийн бодлого нарийн нандин зүйлдээ зааж сургаж байсан нь дамжиггүй. Генерал Аюушийн Ганбатын хувьд мөн л хээрийн армид салаа салбарын захирагч, хорооны штабын дарга, Зүүнбаянгийн дивизийн орлогч, БХЯ, ЗХЖШ-ын ахлах офицер, ЗХЖШ-ын Стратегийн газрын орлогч дарга, ЗХЖШ-ын орлогч дарга, ЗХЖШ-ын 1 дүгээр орлогч дарга, Стратегийн газрын дарга, ЗХЖШ-ын Тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагчаар ажилласан Одесст Цэргийн дээд, Москвад Фрунзын академи, Москвад Жанжин штабын академи, Америкт Батлан хамгаалахын академи төгссөн орчин цагийн монголын армийн бэлтгэгдсэн хамгийн чадалтай генерал гэгддэг. 2003 оны Иракийн дайны гал ид дүрэлзэж байхад цэргүүддээ дайн байлдааны туршлага олгох, улс орныхоо аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангах зорилгоор Шагдар генерал, Ганбат генерал нарын шууд удирдлага дор Зэвсэгт хүчин цэргийн багаа бүрдүүлж илгээсэн анхны цэргийн багийн командлагч бол одоогийн генерал Баярмагнай бөгөөд тэрээр Монголын армийн хамгийн анхны Иракийн цэргийн багийн командлагч, Монголын армийн хамгийн анхны Африкийн цэргийн багийн командлагч, дотоод гадаадад бүх шатны сургууль албыг шат дараалан дүүргэсэн Монголд төдийгүй дэлхийд цэргийн мэргэжлийн хувьд бэлтгэгдсэн боловсон хүчин билээ.

Баярмагнай генерал 2003 онд Иракийн цэргийн багийн командлагчаар томилогдон Иракийн дайнд цэргээ чадамгай удирдан ямарч гарз хохиролгүй авчирсан бол 2005 онд хамгийн анхны Африкийн цэргийн багийн командлагчаар томилогдон олон улсын цэргийн гэмт хэрэгтэн Либери улсын ерөнхийлөгч асан Чарльз Тайлорийг НҮБ-ын даалгавараар баривчлан Гаагийн олон улсын шүүхэд шилжүүлэх тусгай ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн. 2004 онд Иракт олон үндэстэний цэргийн бааз руу тонн шахам тэсрэх бодистой дайран орж ирсэн алан хядагчдын духанд монгол цэргийн пулемётын сум зоож газар дээр нь тэсрэх бодистой нь дэлбэлэн устгаж бааз дээр байсан олон мянган цэрэг эрсийн амийг аварсан Аззаяа, Самбуу-Ёндон нарын баатаруудад Америкийн ерөнхийлөгч Жорж Буш Монголд ирэхдээ биечлэн баяр хүргэн монгол цэргийн эрэмгий зоригийг шагшран магтаад Ийм эрэлхэг монгол цэргүүдээр хамгаалуулсан америк цэргүүд хаа ч байсан тайван унтаж чадна гэдгээ итгэлтэйгээр илэрхийлээд буцсан байдаг.

Бидний монгол цэргийн яс чанар бол өвөг дээдэс ахмад үеийнхээ хөдөлмөрч дайчин уламжлал шударга ёс цэрэг эх оронч үзэл дээр тулгуурлаж өнгөрсөн түүхээсээ байнга суралцан ирээдүйгээ босгож байх учиртай. Тухайлбал, армид домог болон яригддаг хурандаа Аюуш монголын армийн анхны танкист тэрээр зүүн хязгаарт Японтой байлдаж явахдаа хамгийн түрүүнд байлдаанд Хуйнаа хэмээн танктайгаа зориглон дайрч орсоор байгаад Хуйнаа Аюуш нэрээр армид алдаршсан, 1945 оны Чөлөөлөх дайны Ялалтын буудлагыг Хянганы нурууны орой дээрээс танкаараа хийж байсан, дайны дараа хорин жил хороо цэргийн дарга, арван жил армийн ургацын комиссын даргаар ажилласан, 1957 онд манай арми дайны үеийн бүх танкаа ЗХУ руу буцаан ачуулахад Аюуш хурандаа ганц Т-34 танк яаж ийж байн аргалж авч үлдэж жолоодож байгаад, одоо тэр танк Зайсан толгойн бэлд сүндэрлэж байгаа зэргийг дурдаж болно. Хуйнаа гэдэг нь орсоор хараалын үг гэлээ ч яг тухайн үеийн утгаар нь монголчилбол Үхсэн хойноо энэ муусайн нохойн баас самурай нарыг монгол цэргийн танкаар тэгшлээд өгнөө хэмээн эрэмгий зоригоор үхэхээс ч айхгүй дайсны гал руу дайран орохтой адил утга санааг илэрхийлж байгаа юм. Тэгээд хэлснээ ёсоор болгоод ялалтын буудлагаа Хянганы нурууны орой дээрээс хийж байсан тухай оросын хэвлэлд ч тэмдэглэгдэн үлджээ. http://asiarussia.ru/news/14129/ Баруун хязгаарт Байтаг богдын хил дээр өөрсдөөсөө 15 дахин илүү хүчтэй Оспаны дээрэмчидтэй алалцаад мөнхөрсөн арван баатар эрсийн баатарлаг гайхамшигийг тэдгээр дээрэмчид ч шагшраад зогсохгүй бас дуурайж баатар болчих санаатай бүлээн цуснаас нь балгаж байсан гэдэг.

Цахар монголын зоригт хөвүүн Түрэмгий баатар Баяр гүн баруун зүгт Ховдыг чөлөөлж өмнөд зүгт цагаан хэрмийг дайлаар мордож зүүн хязгаарыг байлдан тохинуулж хойд зүгт гамин цэргийг бутниргэн дөрвөн зүг найман зовхист монгол үндэстнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэн байлдаж явсан Богд хааны хамгийн баавартай супер монгол цэргийн дарга тэрээр Эзэн хааныхаа зарлигийг даган цагийн эрхээр Цагаан намын цэрэгтэй хүч хавсран улаантантай байлдаж яваад адаг сүүлдээ Ардын журамт цэргүүддээ алуулаад дууссан гашуун түүхээс суралцан өнөөдөр бид улаан цагаан хөх ногооноороо талцалгүй улс төрийн шийдвэр гаргагчид маань дор бүрдээ нэг нэг шат доош буулт хийхэд л Нэгдсэн Монгол босоход энүүхэнд байна. Баатар цагаан хааны генерал Барон Унгерны Азийн морин дивиз Монгол цэргийн жанжин Найдан гүний цэрэгтэй хүч хавсран 1920 оны 11-р сард Өргөөг эзлэх гэж дайраад хятадын гарнизон гамин цэрэгтэй тулалдан олон хүнээ алдаад ухраад байсан 1920 оны 11-р сарын 28-ны тэр шөнө дайны хажуугаар дажин гэгчээр аян дайнд аяншиж шантарсан цагаантны цэргүүдээс нь дэд есаул Царегородцев тэргүүтэй 15 офицер, 22 морин цэрэг оргон алга болоход Бароны нүд нь улам цаашаа цонхийн аргаа ядахдаа найдвартайгаар нь Найдан гүнийг дуудан учир байдлыг таниулаад үүрэг даалгавар өгөхөд Найдан гүн За гэхийн завдалгүй хоёрзуут цэргүүдээ түгшүүрдэн харанхуй шөнийн дундуур хаашаа ч юм бүү мэд пижигнүүлэн алга болжээ. Хоёр хоног өнгөрсөн ч Найдан гүнээс сураг ажиг үгүй болохоор Барон дотроо муу санаалан Найдан муу хулгайч намайг бас л гол гаргалаа ухааны юм бодон суутал гуравдахь хоног дээр Найдан гүн цэргүүдтэйгээ яаж пижигнэлдэн явсан яг тэрэн шигээ давхилдан ирэхдээ гурван үхрийн ширэн шуудайнд оргодол цэргүүдийнх нь толгойг тоо ёсоор нь огтлон ганзаглаад бас дээрээс нь сайн дураараа бууж өгсөн гэх гурван офицерийг хүлээстэй нь авчирсныг хараад Барон Унгерны нүдэнд баярын оч гийж, За гэвэл ёогүй зан чанартай ийм монгол цэргүүдтэй байхад би Лиссабон ч хүрэх чадна хэмээн ам алдсан түүхтэй.

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0