М. Учрал


Доржпаламын Эрдэнэцогт: ЦАЦРАГИЙН ЗЭВСЭГ

hi

    Радиологийн буюу цацрагийн зэвсэг гэж хөнөөх хүчин зүйл нь цацраг идэвхт бодисын ионжуулах туяан дээр үндэслэгдсэн шинэ төрлийн үй олноор хөнөөх зэвсгийг хэлнэ. Нунтаг болон шингэн хэлбэрт байгаа цацраг идэвхт бодисыг тэсрэх бөмбөг хэлбэрт оруулан дэлбэлэхэд газар орон дээр асар их хэмжээний цацраг идэвхт тархалт үүсгэж амьд амьтныг альфа бетта гамма зэрэг ионжуулах туяагаар сүйрүүлэх нь цацрагийн зэвсгийн гол зорилго.

Эдгээр ионжуулагч туяанууд хүний эрүүл мэндэд ноцтой хор учруулж, үхэлд хүргэх аюултай, хорт хавдар үүсгэдэг, удмын сан урагт нөлөөлдөг бөгөөд альфа цацраг гэхэд л туулах чадвараараа агаарт арванхан сантиметр явдаг ч ионжуулах чадвар асар өндөртэй тул хүний дотор организмд хоол унд амьсгалаар орвоос бүх эд эсийг ионжуулж үхлийн аюулд хүргэдэг бол гамма цацраг хэдэн метр бетонон ханыг ч нэвтлэж хүн амьтныг туяаны өвчнөөр үхэлд хүргэх чадвартай. Янз бүрийн цацраг идэвхт бодис нь янз бүрийн тодорхой цаг хугацаанд газар орон дээр оршин тогтнож амьд амьтныг хөнөөгөөд задраад алга болдог шинж чанарт нь түшиглэн их гүрнүүд цэргийн оператив тактикийнхаа яг тодорхой цаг орон зайд тохируулан яг тэр төрлийн цацраг идэвхт бодисоор цэнэглэсэн цацрагийн зэвсгийн бөмбөг пуужинг дайсныхаа дээр хэрэглэх нь ирээдүйн дайны шинжийг тодорхойлж байна. Ингэснээрээ цацрагийн зэвсэг нь цөмийн зэвсэг шиг эд хөрөнгө ургамал амьтныг шатааж газар орон ус хүнс тэжээлийг хэдэн арав зуун жилээр хордуулахгүй, харин дайсны амьд хүчийг тодорхой заасан цаг хугацаанд ионжуулах туяагаар хөнөөгөөд дуусгасны дараа өөрсдөө давхиад ороод ирэхэд амьгүй юм бүхэн нь бүтнээрээ бас хоргүй авч ашиглахад ч бэлэн байх зэрэг давуу талаасаа цацрагийн зэвсэг нь ирээдүйд цөмийн зэвсгээс илүү үр дүнтэй хэрэглэхэд тохиромжтой зэвсэг юм.

Мөн цөмийн гүрнүүд цөмийн хаягдлаа цацрагийн зэвсэг болгон хэрэглэх бүрэн боломжтой бөгөөд уг хаягдлыг нунтаг шингэн аэрозол хэлбэрт оруулан онгоцоор /хортон шавьж устгадаг шиг/ газар орон дээр цацах, бөмбөг пуужин их бууны суманд хийн харвахаас гадна террористууд цөмийн болон цацраг идэвхт ямарч бодис хаягдлыг тэсрэх бодистой хослуулан цацрагийн бохир бөмбөг хийн дэлбэлэх аюул бас байгаа юм /зураг дээр/. Тиймээс орчин үеийн террористууд цөмийн бөмбөгөөс илүүтэйгээр хямд хялбар энгийнээр нь цацрагийн зэвсгийг ихэд сонирхож байгаа бөгөөд хэн нэгэн этгээд санаатайгаар энгийн иргэдийн эсрэг цацраг идэвхт бодисоор цэнэглэсэн бохир бөмбөг хийн ашиглахыг цацрагийн терроризм гэнэ. Цацрагийн терроризмын шалтгаан нь сөргөлдөгч талуудын цэрэг улс төр бизнес санхүү эдийн засгийн тэмцлээс өгсүүлээд иргэд хоорондын өс хонзон хэрүүл маргаан ч байж болно. Үүнд 1995 оны 11 сард Москва хотын Измайловын паркт террористууд цезий-137 гэдэг цацраг идэвхт бодисоор цацрагийн террорист халдлага үйлдэж байсныг нэрлэж болно. Ерээд оноос цацрагийн зэвсгийг хориглох конвенцийг НҮБ хэд хэдэн удаа зүтгүүлсэн боловч дэмжигдэлгүй зогсонги байдалд орсноор өнөөдөр цацрагийн зэвсэг олон улсын ямарч хараа хяналтгүй байгаа бөгөөд их гүрнүүд атомын эрчим хүчийг энхийн замаар хөгжүүлэх явцад цөмийн реактор дотор үүсдэг цацрагийн янз бүрийн изотопуудыг энэ төрлийн зэвсэг хийхэд ашиглаж болохыг үгүйсгэх аргагүй.

Монголын цөмийн физикчид жараад оноос Оросын цөмийн судалгааны Дубнагийн төвд дадлагажиж, ерээд оноос Олон улсын Атомын эрчим хүчний агентлагад цөмийн шинжээч зөвлөх багийн даргаар ажиллаж Монгол Улс цөмийн физикийн хөгжлөөрөө дэлхийн зиндаанд хүрсний хувьд манайд цацрагийн аюулгүй ажиллагаа эрх зүйн орчин менежмент бүртгэл хяналтын тогтолцоо бэлэн байдал харьцангуй өндөр түвшинд байна. Харин уран олборлох явцад янзан бүрийн цацраг идэвхт изотопууд ус агаар ургамал газар орныг хордуулж улмаар хүн малын удмын санг сүйрүүлж ургын гажигтай төрөлт ихсэх өндөр магадлалтай тул Монгол Улс цаашдаа уран олборлолт атомын цахилгаан станц барихаас аль болохоор зайлхийж сэргээгдэх эрчим хүч болон дотоодын бусад нөөцөө ашиглах нь зүйтэй. Наад зах нь манайх шиг нарлаг өргөн уудам нутагтай орон эзгүй хээр өмнийн говио нарны энергийн эх үүсвэр ханган нийлүүлэгч экспортлогч болгон хувиргах бүрэн боломж бий.

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0