М. Учрал


Ухамсарын эдийн засаг

hi

    Ган гачиг болж хамар хатгах өвсгүй болсон хөдөө нутгийн зургийг сарын өмнө сошиал сүлжээнд оруулж үзэв. “Энэ бол Марс биш, Өвөрхангай нутаг” гэж оруусан тэр зургийн минь доор олон коммент тал талаас ирсэн. Ямаагаа цөөл, малаа цөөл, хулганаа устга, худаг гарга, хадлангаа хаш, тэжээл тарь, бэлчээрийн хууль гарга, малын хөлийн татвар ав гээд л арга зам зааж буй хүн олон.

Гэвч утасны цаанаас коммент бичээд бэлчээр нутаг сэргэхгүй билээ. Малчин бүртэй очиж уулзаж, малчид бүгдээрээ энэ сэдвээр ярилцахгүйгээр шийдэл бас зөв болохгүй. Хамгийн зөв шийдэл байлаа ч түүнийг тогтвортой хэрэгжүүлэх малчингүй, ажилчингүй, удирдагчгүй бол бас л үргэлжлэхгүй. Сайн санааны дэврүүн хүслээр нэг удаа хийгээд өнгөрөх ажил биш, тогтвортой удаан хугацаагаар үргэлжилж чадах шийдлийг нэг хүн гаргах, тэр тусмаа тулган хүлээлгэж хэрэгжүүлэх боломжгүй.
Ийм ч учраас хамгийн эмзэг байдалд байгаа бэлчээр шиг ийм нийтийн эдийн засгийн суурийг нэг хүн биш хамтдаа л аварч, авч үлдэж чаддаг. Нэг хүн биш нэлээд олон хүн хамтдаа ухамсартайгаар, төлөвлөгөөтэйгээр өөрчилдөг. Удаан хугацаандаа бүгдэд өгөөжтэй тэр л хэлбэрийг олж чадаж гэмээ нь өөрчлөлтөд хүмүүс нэгддэг. Нэгдэхдээ хүмүүс зарим зан үйлээ өөрчилж, зарим соёлыг нэвтрүүлж, зарим хуучин хандлагаасаа ухарч, зарим шинэ хандлагыг дадалжуулж байж энэ бүхэн биелдэг.
Өдгөө Монголд нэг тамирчны спорт нийтийг хамарч, дэлхийн одуудыг төрүүлж чаддаг шиг нэг компани, нэг хувь хүний дангаараа хийж чадах бизнесүүд хэмжээндээ тултал цэцэглэж чадна. Харин нийтээрээ зөвлөлдөж төлөвлөх бизнес илт хоцрогдоод байна.

Нийтээрээ төлөвлөх шаардлагатай бизнесийн хамгийн том жишээ нь бэлчээрийн менежмэнт бүхий мал аж ахуй юм. Газрыг малчдаас хол байлгаж, бэлчээрийг бүртгэхгүй үлдээж, хадлангийн талбайг усжуулахгүй орхиж, малчдыг нэгдэх боломжгүй хууль эрх зүйн орчин удах тусам энэ хаврын ган гачиг ужигран давтагдана. Байгаль биднийг өршөөхгүй. Дэлхийн дулаарал бүр ч өршөөхгүй нь тодорхой байна. Монгол улс дэлхийн дулааралд хамгийн их өртөж буй, дулаарлаас хамгийн их хохирох орны тоонд хэдийнээ орчихсон байгаа. Иймээс хөдөөг ажилгүйдлийн давалгаанаас хамгаалах, хоол хүнсний хомсдлоос урьдчилан сэргийлэх нэг том боломж бол ухамсарын эдийн засгийг сууриас нь эхлэн бүтээлцэх явдал юм. Ухамсарын эдийн засгийг хэдий хурдан бүтээж чадна төдийчинээ хүчтэйгээр бид зайлшгүй нүүрлэж буй дэлхийн дулаарлын эсрэг сөрөн зогсож, тэсэн үлдэж чадах юм. Ухамсарын эдийн засгийн нэг онцлог бол иргэдийн оролцоо, иргэний манлайлал дээр босч бүтдэг. Ийм ч учраас энэ шинэ эдийн засгийг бүтээхэд маш олон, бүр дэндүү олон манлайлагч хэрэгтэй! Манлайлагчийн дутагдалтай газарт бол мөрөөдөөд ч бүтдэггүй ажил гэсэн үг.

УХАМСАРЫН ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ ЮУ ВЭ?

     Дэлхийн эдийн засагчид макро болон микро түвшний тооцоо судалгаагаар эдийн засгийг томьёолсон байдаг. Гэхдээ эдгээр тооцоо судалгаанд хүмүүсийн зан төлөв хандлага тэр бүр тусгагдаагүй өдий хүрч байжээ. Бүх юмыг тоогоор илэрхийлэхэд байгалийн болон хүний хүчин зүйл заавал орхигдож “алдаа” заадаг бөгөөд тэр статистикийн жаахан “алдаа”-нууд хуримтлагдсаар нийгмийн асар том асуудал болсон байдаг. Харин ухамсарын эдийн засагчид хэмээх шинэ арми одоо л шинээр төрөн гарцгааж байгаа юм. Англиар “behavioral economics” гэж нэрлэж буй энэ шинэ чиглэл нь эдийн засагчдыг компани, бизнестээ нэг хоёр юм уу хэдхэн жилийн ашиг хонжоо бодохоосоо илүү нийтээрээ хамтдаа ашигтай, бизнестэй амьдарч болдог тийм нөхцөлийг бүрдүүлж харилцан ухамсартайгаар соёл хандлагаа өөрчилж бизнес хийх тухай ярьж байгаа юм. Мөн аливаа бизнес амжилттай оршин тогтнохын тулд байгаль орчны болон нийгмийн асуудлыг хуримтлуулахгүйгээр шийдэж чаддаг байж гэмээнэ үе удам дамжсан өгөөжтэй бизнес болдогийг анзаарах болсон байна. Хаана үе дамжсан сайн бизнес байна вэ гээд судлахад нутаг орны иргэд хамтдаа бүтээсэн, хөдөлмөрийн хуваариа болон байгалийн нөөцөө яаж ашиглах талаараа бүрэн ойлголцож чадсан газарт л чанартай, өгөөжтэй, тогтвортой бизнес гардаг нь нотлогдсон байна.

Өөрөөр хэлбэл бизнесийн орчин нь тэр чигээрээ оролцогч бүрийн ухамсартай сонголт, соёлд тулгуурлаж боссон эдийн засгийг ухамсарын эдийн засаг гэж ойлгож болно.
Хүмүүс нь хоорондоо ярилцаж чаддаггүй газарт, ярилцаж чаддаггүй орчинд ухамсарын эдийн засаг босох боломжгүй. Хүмүүс нь нэгнээ ялгаварлан гадуурхдаг, намын харьяаллаар хааж боодог газарт бас хөгжих боломжгүй. Хүмүүс байгаа нөөцөө нэгнээсээ өрсөж булаалдсан, хулгайлсан, хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхсэн газарт бол бүр ч боломжгүй зүйл юм, ухамсарын эдийн засаг.

Гэвч хүний ухамсартай зохион байгуулалт үгүйлэгдсэн газарт бэлчээр хомсдоно. Агаар, ус, хөрс бохирдоно. Нэг л мэдэхэд тэр нутгийг тэжээж буй байгаль доройтон нийтээрээ хохирогч болно. Хоорондоо ярилцаж чадаагүйн төлбөрөө бид өмч хөрөнгөөрөө, эрүүл мэндээрээ, орлого ажлаа алдаж л төлөх болдог. Хорьдугаар зууны ихэнх бизнес ашиг хаана байна тэнд бизнес байна гэдэг зарчмаар явснаас бус олуулаа удаан хугацаанд оршин тогтнох, байгальд ээлтэй байх талаа хойш тавьснаас болж өнөөгийн дэлхийн дулаарлын шалтгаан болж орхижээ.

Харин хүмүүс ухамсартайгаар өөрчлөлт хийж хөдөлмөрийн болон нөөцийн хуваарилалтаа харилцан зохицуулсан газарт амьдралын чанар нэмэгдэж, ядуурал буурч, амьдрах орчин эрс сайжирдаг нь судалгаагаар нотлогдсоор байна. Нэгэн ийм судалгааг хорь гаруй жилийн турш хийж “иргэдийн ухамсар өөрчлөгдөж байж ядуурлаас гардаг” болохыг баримтаар нотолж чадсан эдийн засагчид өнгөрсөн жил Нобелийн шагнал авчээ.
Ухамсарын эдийн засагт дааж давшгүй их хөрөнгө оруулалт шаардлагагүй гэхэд болно. Харин хүн бүхний дааж чадах хэмжээний төлбөрийн чадварт нийцсэн хөрөнгө оруулалт, зардал гардаг. Гэхдээ энэ багахан хөрөнгө оруулалтыг үр ашигтай бизнес болгоход л олны хүч хэрэгтэй байдаг. Олуулаа шийдсэн хамгийн үр өгөөжтэй шийдэл бол гайхамшигтай үзэсгэлэнтэй барилга байгууламж гэхээсээ хүний нүдэнд даруухан харагдах, өдөр тутмын амьдралд нөлөөлөх өөрчлөлт байдаг.

МАНЛАЙЛАГЧГҮЙ ТАЛБАРТ ӨӨРЧЛӨЛТ ГАРДАГГҮЙ

    Ухамсарын эдийн засагтай орчинд бүх хүний амьдрал сайжирдаг юм бол яагаад одоо болтол энд тэндгүй ийм хөгжил дэлгэрчихээгүй юм бэ гэж та гайхаж буй за.
Ухамсарын эдийн засгийн хамгийн анхны амжилтууд Швейцарьт гарсан байдаг. Нэгэнтээ Европын хамгийн ядуу орон байсан, бэлчээр нутаг, газар тариалангийн талбай муутай Швейцарьт ядуу өрхүүд хөвгүүдээ цэрэгт явуулж, Орос, Герман, Австрийн хаадын армид алба хаалгаж цэргийн тэтгэмжээр гол зогоон амьдардаг байжээ.
Энэ хүнд нөхцөлд ядуу Швейцарь тосгодод ардчилал гэдэг ганцхан өв байв. Тосгодын иргэд адууны хашаанд ч болов цуглаад бүх асуудлаа хэлэлцэж гараа өргөж, эсвэл хоёр тийш ярагдан зогсож шийддэг байжээ. Энэ соёл одоо ч Швейцарьт бий. Гэвч ардчиллын энэ соёлыг амьдралаа дээшлүүлэхэд ашигласны хүчинд швейцарьчууд өнөөдөр дэлхийн хамгийн чинээлэг орон болоод байна.

Тэрхүү ардчилсан соёлын ачаар швейцарьчууд цаг, бяслаг, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг уул уулын аманд тарж байрласан ЖДҮ нараар дамжуулан бүтээж дэлхийн манлайлагчид болжээ. Нийтийн баялаг гэдэг ганцхан ус, өвс, газар шороо биш. Нийтийн баялаг бол бас зах зээл юм. Зах зээл рүү ямар бүтээгдэхүүнийг нийлж гаргах, ямар бүтээгдэхүүнийхээ ямар шат дамжлагыг яаж хамтран бүтээх вэ гэдэг бол бас л нийтийн баялагийн хуваарилалт юм.

Энэ хуваарилалтыг нэг удаагийн захиргааны шийдвэрээр хэрэгжүүлбэл тогтвортой бизнес болж чаддаггүй тул хүмүүс хоорондоо зөвлөлдөж хөдөлмөрийн хуваариа хийж чадаж гэмээнэ нутаг орноороо сайхан амьдрах боломж гардаг ажээ. Гэвч энэ “нутаг орноороо зөвлөлдөх” ажлыг хэн зохион байгуулж хийх вэ? Энэ л ажлыг хийх манлайлагчид байвал ухамсарын эдийн засгийн хүрд эргэж эхэлнэ. Байхгүй бол зэрлэг капитализм нүүрлэсээр нэг л мэдэхэд нийтийн нөөцгүй болдог.

Манлайлагч нь удирдагч захирагч биш. Манлайлагч нь төр байх албагүй. Харин хамрагдаж буй нийгэмлэгийн хүн бүхэнд тэгш боломжийг бий болгох систем босгогч юм. Систем босгоно гэдэг олон жил эргэлддэг хүрдийг бүтээнэ гэсэн үг. Манлайлагч нь хувь хүн байж болно, байгууллага байж болно, хамгийн гол нь бусдадаа ижил тэгш нөхцөл бий болгохын төлөө л ажиллаж, итгэлцэлийг үүсгэж байх нь манлайлагчийн гол үүрэг.

Итгэлцэл үүсгэдэг хамгийн гол зүйл бол төлбөр мөнгө нь ил тод байх явдал. Ингээд бодоход иргэдийн оролцоо, ардчилсан зарчмаар хэлэлцэх, ил тод байх гээд ардчиллын хамгийн чухал чухал элементүүд бүгд эдийн засгийн нэр томьёо болсон байгаа биз? Ардчилсан үнэт зүйлтэй манлайлагч энэ ажлыг хамгийн сайн хийж чадна гэдэг чиг зүг харагдаад байгаа биз? Үнэхээр тийм. Ардчилсан орнууд илүү баян амьдраад байгаагийн нууц ердөө л энэ юм билээ. Тэдний бүтээсэн том том хотууд, аварга том замууд, сансар огторгуйг эзэлсэн пуужингаас илүү бусдын нүдэнд хялбархан харагддаггүй ухамсарын эдийн засгийн сүлжээ нь бат бэх байдаг болохоор тэд илүү олон жилээр, илүү удаан үе дамжин чинээлэг хангалуун амьдарч байна.

МОНГОЛД ЗАГВАР БАЙНА УУ?

Харвардын их сургууль, Эм Ай Ти, Стэнфорд, Берклийн их сургууль гээд АНУ, Австралийн томоохон их сургуулиуд дээр “Жорлонгоо өөрчилье” сэдвээр хийж буй ажлаа танилцуулж лекц уншиж явахад “Танай төсөл чинь ухамсарын эдийн засгийн төсөл байна” гэсэн дүгнэлт олонтаа сонсож билээ. Анх удаа энэ талаар жилийн өмнө сонсохдоо ухамсарын эдийн засгийн тухай ойлголтгүй байлаа. Миний заалгасан эдийн засаг бол “төвлөрсөн төлөвлөгөөт”, эсвэл “зах зээлийн эдийн засаг” гэх мэт чиглэлээр байсан бөгөөд надад ямар ч багш ухамсарын эдийн засгийн тухай зааж байгаагүй юм.

Гэтэл өдгөө Харвардаас авахуулаад дэлхийн тэргүүлэх их сургуулиудад энэ тухай заадаг болжээ. Мастерийн зэргийн хөтөлбөрүүдэд сурч буй залуус яг яаж хүний ухамсарт нөлөөлөх замаар эдийн засгийн шинэ боломжийг гаргах вэ гэж судалдаг болсон байна.
Берклийн их сургуулийн “Хөгжлийн хөтөлбөрийн практик удирдахуй” хэмээх мастерийн ангийн багш намайг өөрийн ангид лекц уншаач гэж урьсан юм. Мөн л “Жорлонгоо өөрчилье” төслийнхөө хамаг ноу хау, ажлын дэс дарааг ярьж дууссаны дараа тэрбээр оройн хоолонд урьж, “Та манай оюутнуудад ухамсарын эдийн засгийн хичээл зааж өглөө, маш их баярлалаа” гэв.

Нэг мэдэхэд “Жорлонгоо өөрчилье” маань шинэ үеийн эдийн засагчдын тоодог загвар болжээ. Энэ загвар хөгжингүй орнуудын хувьд аль эрт өвөг дээдэс нь хэрэгжүүлчихсэн, эдийн засгийн бат бөх суурь боловч, хөгжиж буй орнуудад чухам хаанаас нь эхэлж яаж хэрэгжүүлэх эвээ олохгүй байгаа, ингэж хэрэгжүүлнэ тэгж хэрэгжүүлнэ хэмээн маргаан өрнүүлж байгаа онолын сэдэв гэнэ.
“Бидний хүсээд байгаа, загварчлах гээд байгаа зүйлийг танай багийнхан аль эрт хийгээд явж байгаа юм байна” гэсэн магтаалыг Америкт ч, Австралид ч олонтаа сонслоо.
Тэгвэл бидэнд ямар ч байсан монгол загвар бий болж байгаа юм байна. Энэ маань “Жорлонгоо өөрчилье” байна уу, өөр хөтөлбөр байна уу, ямар ч байсан иргэд оролцож асуудлыг ярилцдаг, иргэд сонголт хийж хөдөлмөрийн хуваарь, голлох бүтээгдэхүүнээ гаргадаг, иргэд орлогоо олдог, олсон орлогын хуваарилалт нь даргын оролцоогүйгээр шударга хуваарилагдаж, хийсэн ажлын мөнгө нь цаг тухайдаа ордог ийм загвар нэгэнт бий боллоо.

ЖОРЛОН ЯАЖ ӨӨРЧЛӨГДДӨГ ВЭ?

Өнөөдөр та жорлонгоо өөрчилье гэвэл “Мини шийдэл” хэмээх хоршооны 75072020 дугаар руу залгаж захиалга өгнө. Таны дуудлагыг CallPro компанийн залуусын бүтээсэн автомат хуваарилалтын системийн тусламжтайгаар хоршооны гишүүн буюу хоршоотой хамтран ажилладаг ямар нэгэн борлуулагчийн гар утас руу илгээнэ. Борлуулагч таны асуусан асуултанд мэдлэгтэй тайлбар өгч, таны сонгохыг хүссэн барааг танилцуулна. Та хүсвэл тэр дороо утсаар хэлцэл хийж болно. Хэлцэл хийж байгаа энэ шатанд та мөнгө төлөх албагүй бөгөөд хэлцлийн үеэрээ та бараа сонгох, зээлийн нөхцөл тохирох, нийт үнийн дүнгээ бодуулах, урьдчилгаа төлбөрөө тохирох, сарын төлбөрөө бодуулах, хүргэлт угсралтын цагийн хуваариа тохирох зэрэг ажлыг амжуулж болдог. Хэлцэл дууссаны дараа танд утсаар хэлцлийн дугаар хэмээх таван оронтой тоо бүхий төлбөрийн нэхэмжлэх ирдэг. Энэхүү таван оронтой тоо нь маш чухал. Та төлбөрөө хоршооны дансанд шилжүүлэхдээ уг таван оронтой тоог заавал оруулах ёстой. Энэ тооны тусламжтайгаар Капитрон банкны “нээлттэй банкинг” үйлчилгээ идэвхижиж, таны төлсөн төлбөрөөс борлуулагчид очих хувь автоматаар төлөгддөг бөгөөд, таны үлдсэн төлбөрөөс барааны үнэ, суурилуулалтын хөлс, хүргэлтийн хөлс нь тухайн тухайн ЖДҮ-дээ очдог. Та анх хэлцэл хийсэн борлуулагч руугаа дахин холбогдоё гэвэл өнөөх л 75072020 дугаар руугаа залгах бөгөөд CallPro-ийн систем таны дугаарыг таньж анхны холбогдсон борлуулагч руу нь дахин холбодог. Хэрэв энэ борлуулагч танд сайн үйлчилж чадаагүй бол та Мини шийдэл хоршоо руу фэйсбүүк дэх хуудсаар нь дамжуулан гомдол гаргаж болно.

Таныг гэрээсээ утсаар яриад ийм хялбархан жорлонгоо өөрчлөх боломжийг бий болгохын тулд “Жорлонгоо өөрчилье” баг гурван жилийн турш өдөр бүр хөдөлмөрлөж ухамсарын эдийн засгийн бичил систем босгосон юм.

Энэхүү системд маань 1) зах зээлд чиглэсэн олон нийтийн боловсрол (жорлон гэдэг үгийг хэлж сургах, жорлонгийн технологи сонгох гэх мэт); 2) нийгмийн сүлжээний маркетинг, 3) мэдээллийн технологийн компани оролцсон борлуулагчийн апп, бэлтгэн нийлүүлэгчийн платформ, судалгааны датабааз хөгжүүлэлт, хиймэл оюун ухааны хариултын систем, мөн 4) харилцааны холбооны компаниудтай хамтарсан автомат хариулт, хуваарилалтын систем, 5) банктай хамтарсан автомат төлбөрийн систем, 6) хөрөнгийн менежмэнтийн компанитай хамтарсан лизингийн систем, 6) инженер, судлаач, бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтарч төлбөрийн чадварт нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, 7) борлуулагч, сургагч нартай хамтарсан контент хөгжүүлэлтийн ажлууд багтдаг юм.
Хүнд амьдрах, ажиллах, орлого олоход нь туслах, хэрэглэж ашиглахад хялбар системийг бүтээлцэнэ гэдэг нь асар олон хүний хамтын ажиллагаа, хөдөлмөр байдгийг “Жорлонгоо өөрчилье” багийн маань ажил харуулж өгдөг. Энэ загварын ноу-хауг бид нээлттэй хуваалцдаг. Энэ загварыг маань “ухамсарын эдийн засгийн загвар” болжээ гэж олон улсад үнэлдэг.

БЭЛЧЭЭРЭЭ ЯАЖ СЭРГЭЭХ ВЭ?

Бэлчээр хомсдож, мал хэт олширч, нутаг орон цөлжиж байгаа асуудалдаа эргэн орьё. Энэ асуудлын гол хохирогч нь болж буй, тэгсэн хэрнээ энэ асуудлыг үүсгэлцэж буй малчидтай уулзаад улс төрчид юу ярьдаг билээ, саная.

“Малын татвар авахгүй”, “мянгат малчдыг тодруулна”, “манай аймаг хамгийн олон мянгаттай боллоо”, “ноолуурын үнийг өсгөнө”... Энэ бол бидний сонсож дассан, байж л байх ёстой мэт цээжилсэн улс төрийн үг хэллэг болжээ. Гэтэл мянгат малчиддаа, “та малаа хоёр дахин цөөлөөд чанаржуулбал бэлчээрээ хоёр дахин хамгаалаад хажуугаар нь орлогоо хоёр дахин нэмэгдүүлэнгээ, ажлын цагаа хоёр дахин хэмнэж болох бус уу” гэж хэн ч ярилцаж зүрхэлдэггүй. Яагаад гэвэл малчид бол сонгогчид, улс төрчид сонгогчиддоо таалагдахгүй үг хэлэх зориггүй.

Гэвч энэхүү зориггүй улс төрийн үхээнц байдал маань удаан хугацааны үр өгөөжийг алдаж байдаг бөгөөд малчид маань нэг зуны ган, нэг өвлийн зуднаар ташраараа ядуурах суурь нөхцлийг үүсгэж байна. Улс төр маань ихэдсэн учраас бэлчээр маань хомсдсоор байна. Бодит үнэнтэй нүүр тулж нам ялгалгүйгээр малчидтайгаа ний нуугүй ярилцах, иргэнлэг, ухамсартай яриа хэлэлцээ дутагдалтай байна.

Үнэнийг хэлдэг манлайлагч нар дутагдсан учраас бэлчээр хомсдоод байгаа юм. Бэлчээр сэргээхийг хүсвэл хэдэн сум баг байна, төдий чинээ олон нийгмийн манлайлагч нар төрөн гарч байж хэрэгжих болно. Бэлчээрийг хаана нь усалгаатай болгож, хаана нь хэзээ ч хүрз хүргэхгүй хамгаалж, хаана нь өвөлжиж, хаанаас нь хадлан хадахыг зөвхөн орон нутгийнхантай сайтар хэлэлцэж байж л шийдэж болдог. Учир нь орон нутгийнхан л энэхүү хуваарийг ойлгохгүй бол, тэд л дүрэм тогтоохгүй бол өөр хэн ч тэр газрыг тогтвортой арчилж авч явж чадахгүй юм.

Тэгэхээр олон нийтийг соён гэгээрүүлэх бол зөвхөн үзэл суртлын ажил биш юм. Энэ бол эдийн засгийн суурь бүтээлцэх, хамгаалалцах ажил юм. Хэрэв та улс төрд, нийгэмдээ өөрчлөлт авчралцахыг хүсвэл хүний нүд рүү хараад үнэнийг хэлж чаддаг, хатуу үнэнтэй тулгарсан үед хамтын шийдлийг олж чаддаг нийгмийн манлайлагч болох ёстой.
Хэрэв шинэ үеийн манлайлагч нар сум, аймаг, хот, хороо гудамжаар явж тулгараад байгаа асуудлын тухай үнэнийг ярьж эхэлбэл хөгжил тогтвортой зүг рүүгээ эргэнэ. Хүмүүст хэзээ ч ашиглахгүй аварга бүтээн байгуулалтаар бахархаж цээжээ дэлдэхийн хэрэг байхгүй болж, харин байгаа жаахан мөнгөө яг хэрэгтэй зүйлдээ хөрөнгө оруулах саруул ухаан, ухамсар нь давамгайлна.

Энэхүү ухамсарын эдийн засгийн тусламжтайгаар бид бэлчээрээ ч хамгаална, жорлонгоо ч өөрчилнө, бас ядуурлаас гарах болно.

Ц. Оюунгэрэл

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Ухамсарын эдийн засаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1