Б.Ариун-Уянга


Намар харьд саатагсад ба “Хүнд хар савар”

hi

Наадмын маргааш намар. Энэ үгэнд хамгийн их ач холбогдол өгч, наадмын маргаашаас л хашаа саравч, аргал хөрзөн, өвс хадлан, ахуй байдалдаа санаа тавьж эхэлдэг хүмүүс бол ажил хөдөлмөрийн уурхай болсон малчин түмэн. Гэхдээ энэ цаг мөчид энэ үгийг тэдэнд биш Монгол Улсын төрийг цогцлоож буй хүмүүс, нэн ялангуяа Шадар сайд, УОК, ГХЯ зэрэг харь оронд саатсан иргэдээ эх нутгийн хилийн дээс алхуулах ажлыг хийхэд гардан шийдвэр гаргаж буй хүмүүсийн анхааралд хүргэмээр санагдана. Гардан шийдвэр гаргаж байгаа шүү, гардан хийж буй биш. Гардан зохион байгуулж, гардан үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн ажил алба, үйл амьдрал олны нүдэнд ил сайшаал, шүүмж хоёрыг хамтад нь хүртээд явж байгааг дэлхийн аль ч өнцөгт буй олонх монгол хүн интернет хэмээгч “ид шид”-ийн тусламжтайгаар харж байна. Хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа багтаж ажиллаж буй тэд бол баатар мэт.

“ХҮНД ХАР САВАР” БАЙДАГ ЮМ БОЛОВ УУ, ЭГЧЭЭ?

Гэвч хэнийг онгоцонд суулгахыг шийддэг, хэний хүүхдийг эх орондоо очихыг нь хорьдог, олны салхинаас чимээлснээр “хүндрүүлж” байж тэнийдэг, хүн чанар, энэрэлт сэтгэлийн эсрэг “хүнд хар савар” байгаа юм уу? Тийм бол хэзээ дэлгэгдэх вэ? Аюулт тахлын улмаас дэлхий дахинаа онцгой нөхцөл байдал үүсээд буйг гэрийнхээ цонхоор л салхийг мэдэрч бүтэн гурван сар хоригдсон нэг ойтой бяцхан хүүгээс эхлээд хүн бүр ойлгож буй. Харьд саатагсад ч ойлгоод, хүндэтгээд ёстой л “нүдээ ширгэтэл саравчлах”-ын үлгэр болж эцэст нь нэрэлхүү монгол зангаа арга тасарсан үгтэй лоозонгийнхоо цаана нуугаад хүний нутагт гудамжинд цуглаан хийж байна. Арга барагдахын үзүүрт гэртээ харья, эх орондоо очъё гэдгээ ингэж илэрхийлжээ. Арав биш, арван мянга хол давсан хүн. Тэд аагтай омогтой, үрж барахгүй их мөнгөтэйдөө бус амьдрахын учир харьд одсон байсан хүмүүс шиг ээ, хараад байхад.

ЖУУЛЧИНГҮЙ, АЯЛАГЧГҮЙ ҮЕД ЗОЧИД БУУДАЛ, АМРАЛТЫН ГАЗРУУД...

“Хариас ирүүлж буй иргэдээ гэрт тусгаарлаж болохгүй, зочид буудал, амралтын газар байрлуулах гэхээр өдрийн 50 мянган төгрөг буюу хямд үнээр байрлуулах газар олдохгүй байна” гэж байна билээ, албаны хүмүүс. Хэцүү л дээ. Гэхдээ энд нэг логикийн алдаатай гэмээр ч зүйл байгаа юм. Үндэсний статистикийн хорооноос 2018 онд гаргасан “Монгол Улсын Худалдаа, үйлчилгээний салбарын танилцуулга” товхимолд 2017 оны байдлаар зэрэглэлтэй буюу 1-5 хүртэл одтой 352 зочид буудал улсын хэмжээнд байдаг гэжээ. Эдгээрийн олонх Улаанбаатарт байх нь ойлгомжтой. Мөн тус товхимолд “2010 оноос хойших буюу сүүлийн 8 жилийн хугацаанд Аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа эрхэлж байгаа ААНБ-ын тоо 3 дахин өссөн үзүүлэлттэй байна” гэжээ. Энэ тоонд амралтын газрууд багтаж байгаа.

Эд чинь бүгдээрээ бизнесийн байгууллага шүү дээ. Эзэн нь уйдсандаа ажиллуулж байсан л биш бол үйлчлүүлэгч байхгүй үед хаалгаа барина гэсэн үг. Харин улсын хил хаалттай учир гадаадын жуулчин байхгүй, дотоодын иргэд нь наадмын хэдэн өдрийг эс тооцвол гэрийн хорионд шахуу байсан энэ үед амралтын газар, зочид буудлуудын үнэ “тэнгэрт хадсан” хэвээр гэж үү? Зочид буудал, амралтын газрыг хүртэл нөгөө “хүнд хар савар” зохицуулаад байдаг юм биш биз дээ? Хэдэн жилийн өмнө нэгэн худалдааны яармаг сурвалжилж яваад “Монголын зочид буудлуудын холбоо” гэж байдгийг харж л байсан, бодвол одоо ч үйл ажиллагаа явуулдаг биз. Хийх хүнд арга, хийхгүй хүнд шалтаг олдоно гэдэг дээ, уг нь арга бий л санагдах юм. Монгол арга, ухаан гэж нэг юм байдаг даа.

УУЛААРАА ЦАС УНААД УДАХГҮЙ НАМАР ИРЭХЭЭС ӨМНӨ

Эцэст нь, эрс тэс уур амьсгалтай бидний эх оронд уулаар цас унаад л удахгүй намар ирнэ дээ. Иргэд чинь хүйтэн цемент дээр нь хоног төөрүүлэн, нулимсаа эгшээн нутгийн зүг чимээлэн гансарч буй харьд ч төдөлгүй намар, өвөл ирнэ бас борооны улирал эхэлнэ. Үүнээс өмнө л амжих сан, эх оронтой хүмүүс шүү дээ, уул нь тэд.

Өө нээр тийм, яагаад саатагсад гэсэн бэ гэвэл, “саатах” хэмээх үгийг “Монгол хэлний их тайлбар толь”-д “Ямар нэгэн саад учирснаас хэрэг явдал удаашран ажлын явц тасалдах” гэж жишээлэн тайлбарласан буй. Муу нэрт цар тахал дэгдэж хүн төрөлхтнийг зарим үйлдлийг саатуулсан ч дэлхий тэнхлэгээ эргэсээр байгаа. Харин зарим хүний гэртээ харих замд тэр тахлаас гадна “хүнд хар савар”, “хүршгүй өндөр суудал” ... мэт хөндөлсөж зогсчихоод байгаа юм биш биз дээ? Үгүй хэмээн найдахыг хүснэм.

Гэхдээ эх орондоо ажлаа хийж байгаа үзэг нэгт нөхдөөсөө ""...савар" болоод "...суудал"" байдаг тухай хайгаасай, тэгээд олоосой, мухарлаасай хэмээн хүсэж байна.

Хаха 0 2 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1