М. Учрал


Намын 100 жил ба Намбарын Энхбаяр

hi

    Намын 100 жилийн дөчин жил нь Цэдэнбалтай дөрөвний нэг нь Намбарын Энхбаяртай шууд холбоотой, тэрээр 1996 оноос намын генсек болсноос хойш нэг түүхтэй хоёр намыг нийтдээ хоринтаван жил залуурдажээ. Энэ хугацаанд Энхбаяр улсын бүх өндөрлөгт угсруулан заларч их өрийг тэглэж мянганы замыг тавьж шинэ Үндсэн хуулийг сэтгэн бодохын зэрэгцээ олигархийн засаглалд оймсоо гозойлгуулж арав гаран жил ард түмний сонгуульд оролцох эрхээ хасуулсан ч алсын зайн гүйлт дугуй сагс усанд сэлэлт гээд улсын чанартай тэмцээнүүдэд удаа дараа үзэлцэж үзүүр түрүүнд орон туг ч барьж тугал ч хариулж яваа хал үзэж халуун чулуу долоосон бодь сэтгэл нь болд гантиг болсон лидер хэвээрээ. Энэ хаврын улс төр ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө ч Намбарын Энхбаяр хаашаа найгана ялалт амжилт тийшээ намирч удахгүй улс орны ирээдүй ч түүний цүнхэнд багтахаар байна.

Учир нь түүний дэргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялалт байгуулж, Ерөнхийлөгч болчих дөхсөн босоо Ганбаа тэргүүтэй бодлогын хүчтэй багийн боловсруулж бэлэн болгосон үндэслэл тооцоо сайтай Үндсэн хуулийн шинэчлэл, Оюу толгой, орон сууц, оюутны төлбөрөөс өгсүүлээд ашигт малтмалыг ард түмнийх болгох арга ухаан гээд олон оновчтой зөв шийдвэрлэж болох үндэсний хөтөлбөрүүд бий. Тээр жил МАХН-ын нэр дэвшигч босоо Ганбаа бүх сонгогчдын гуравны нэгийн санал авч байсан тэр хүч өнөөдөрт ч хэвээр байгаа, босоо Ганбаагийн саяхны бослого хөдөлгөөн түрүүчээсээ үр дүнгээ өгч болдоггүй муусайн риогийнхон буруугаа хүлээж монгол төрийн санд хэдэн зуун тэрбумаар нь цутгаж эхэлсэн сургаар сонгогчдын санал тэрхүү дэмжих хүч бүр ч өсөх магадлалтай. Дээр нь Энхбаярын багт идэж уух хуучгүй эрдэмтэн докторууд голдуу нэг ч оффшор дансгүй нэр мөр цэвэр хүмүүс байдгаараа онцлогтой бөгөөд тэд өнгөрсөн дөрвөн жил хот хөдөө гадаагүй явж хөтөлбөр бодлогоо танилцуулж дийлэнхи олонхийн дэмжлэгийг аваад байгаа төдийгүй Оюу толгой орон сууц зэрэг хөтөлбөрүүдийг нь ОК хэмээн хүлээн зөвшөөрсөн Оюун-Эрдэнэ сайд саяхан ордондоо хүлээн авахдаа онцлон сайшааж хамтран ажиллахаа илэрхийлсэн нь Энхбаярын их үйлсийн эхлэл мөн.

Харин нөгөө талд Чингис бонд, капитал хадгаламж банк, казино, ЖДҮ, 60 тэрбум, албан тушаалын алалцаан, авилга, оффшор оймс, трусы зэрэг ой гутам хэргүүдтэй Оюу толгой, Эрдэнэт, Тавантолгойг талцаж хуваасан хувалзнуудын манан дунд манаргасан найдваргүй найман жилийн дүр зургаас ард түмэн үнэхээр залхаж байна. Ийм нөхцөлд Монгол Улс ирээдүйдээ Энхбаярын боловсруулсан бодлогоор сажилахаас өөр замгүй учраас өнгөрсөн ирээдүйн өс хонзонг огоорч алсыг харж ардын ардчилсан гэлтгүй аль түрүүлж Н.Энхбаяртай хадаг сүү зөрүүлж харилцан ойлголцох хамтран ажиллах санамж бичиг зурж эвлэлдэн нэгдэн энэ ерөнхийлөгчийн сонгуульд орж чадваас ирээдүй түүний гараар босно. Эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө ийнхүү эвлэлдэн нэгдэх нь эх оронч эр цэрэг миний хүсэл төдийгүй нийт Монголын ард түмэн цаашлаад мөнх тэнгэрийн хүсэл мөн. Ингэснээр Н.Энхбаярын нийтийн эрх ашгийн төлөө нийгмийн чиг баримжаатай бодлого хэрэгжиж хөндлөн гулд барьсан мянганы авто төмөр замаар хөгжил даган ирж хориннэгдүгээр зуунд хоёрдахь нийслэлээ цогцлоож ард түмэн жаргалын найман хотдоо жаргаж азтай төрсөн монгол хүмүүн бүр ашигт малтмалаасаа ашиг орлого хүртэж Арабын шейх шиг амьдарч авилга хээл хахууль ядуурлаас үүрд ангижрах боломжтой.

Харин нөгөө авилга оффшорт орооцолдож аавын хаалга татах ёстой нөхдүүдийн аз нь шовойж муу хүний заяа завагт гэгчээр эв нэгдлийн ивээл дор тэгсхийгээд тэнсэн харгалзах аваад л өнгөрөх биз ээ.

ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1