Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно

hi

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хурлаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Иймд хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. УИХ-ын тогтоолын төслийн 1.1 дэх дэд заалтыг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт сар бүр бэлэн мөнгөөр олгосугай” хэмээн өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн тогтоолын төслийн 1-д заасан тэтгэмжийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгох тухай 2.1 дэх дэд заалт нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү санал хураалт явуулаад, УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенцод нэгдэн орох тухай зөвшилцөв
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас өнгөрсөн сарын 29-нд ирүүлсэн Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенцод нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөв. Гэрээний төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл харилцан солилцох, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийн дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенцод нэгдэн орох бэлтгэл ажил хангагдаад байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд хэллээ. Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг, амлалтын дагуу манай улс холбогдох байгууллагын гишүүнээр элсэн, эдгээр байгууллагаас тавьдаг стандарт, шаардлагыг Засгийн газраас боловсруулсан Татварын хуулийн шинэчлэлд тусган, өргөн мэдүүлснийг УИХ энэ оны гуравдугаар сарын 22-нд баталсан юм. Ингэснээр Монгол Улсын дотоодын татварын эрх зүйн орчин Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага болон Европын холбооноос тавьж буй шаардлагад бүрэн нийцэж буй.
Тус конвенц зургаан бүлэг, 32 заалттай бөгөөд татварын асуудлаар мэдээлэл солилцох, татварын өр барагдуулахад туслалцаа үзүүлэх болон татварын баримт бичиг хүргүүлэх зэрэг үндсэн гурван захиргааны туслалцааг агуулсан гэлээ. Конвенцод нэгдсэн орсноор манай улс Европын холбооны өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх бөгөөд татварын зорилгоор дэлхийн 130 гаруй улс орнуудтай мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх юм байна. Хуралдаанд оролцсон 14 гишүүний 78.6 хувь нь Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенцод нэгдэн орох тухай гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1