БОАЖЯ, ОББҮХ-ны санхүүжилтээр нэг сарын дотор 26 цэцэрлэг, сургуулийн нам даралтын зуухыг цахилгаан халаалтаар сольжээ

hi

Гэр хорооллын сургууль, цэцэрлэгт нэвтрүүлж буй дулаан хангамжийн технологиудыг танилцуулах, туршлага судлах уулзалт өнөөдөр Туушин зочид буудалд боллоо.

БОАЖЯ, ОББҮХ-ноос зохион байгуулсан уулзалтын үеэр халаалтын гурван технологийг онцлон танилцуулсан юм.

Сургууль, цэцэрлэг, барилга байгууламжийн халаалтын техникийн нөхцөлд тохирсон хийн халаалтын бойлер суурилуулах талаар танилцуулгыг "Газ ком" ХХК"-ийн захирал Д.Сэржбүдээ танилцууллаа.

Гурван дүүргийн зургаан сургууль, цэцэрлэгийг хийн халаалтад шилжүүлээд байгаа тус компани гэхэд төвийн дулаанд холбогдох боломжгүй ААН-үүд, 50 гаруй өрхөд хийн халаалтын систем суурилуулаад байна.

Иргэд Ногоон зээлд хамрагдан хийн халаалтын шийдлийг гэртээ ашиглах боломжтой.

Д.Сэржбүдээ захирал "Манай компани ISO14001 стандартыг мөрдөж, аюулгүй ажиллагаа тал дээр дэлхийд тэргүүлж буй Японы технологийг нутагшуулж байна. Түүнчлэн европын орнууд, америкт ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг хэрэглэж байгаа. Эдгээр тоног төхөөрөмж маань аюулгүй ажиллагааны стандарттай бөгөөд хий алдах ч юм уу ямар нэгэн эрсдэл гарахад автоматаар хийгээ зогсоох системтэй. Мөн мэдээллийг төв рүү дамжуулах газын хэрэглээг тоолуураар хэмжих гэх мэт бүхэлдээ ухаалаг систем гэж хэлж болно.

Зардлын хувьд нам даралтын зуух ашиглаж байх үеийнх нь буюу нүүрсний үнийн зардалд дүйцүүлсэн үнээр дулаан үйлдвэрлэж, сургууль цэцэрлэгийг халааж байна. Нүүрсний хэрэглээг хязгаарлаж, халаалтын шинэ шийдлүүд танилцуулагдаж байгаагийн нэг нь хийн халаалт. Ер нь хийн халаалтын системийг эрчимтэй нэвтрүүлэх цаг болсон гэж бид үзэж байгаа" хэмээсэн юм.

Газрын гүний дулааны хосолмол шинэ технологи ашиглан 122 дугаар сургуулийн дулаан хангамжийг шийдсэн "Зет энд Икс" ХХК-ийн захирал Ө.Мөнхбаатараас уг технологийн талаар тодруулахад, "Газрын гадаргаас доош 100-150 метрт нөхөн сэргээгдэх 0-5 градусын температуртай орчин байдаг. Монгол орны нөхцөлд босоо байдлаар гүн рүү өрөмдөж, хоолой байрлуулаад дулааны насос ашиглан халаагаад халаалтад ашиглаж байгаа юм.

Дулааны насос 1 кв цахилгаан зарцуулж температурыг өсгөөд 2.5-3 кв дулаан үйлдвэрлэнэ. Цахилгаан халаагуур 1 кв цахилгаан ашиглаад, 1 кв дулаан үйлдвэрлэдэг. Тэгэхээр үр ашигтай технологи гэдэг нь харагдаж байгаа биз. Гэхдээ анхны хөрөнгө оруулалт өндөр" хэмээсэн юм.

Хамгийн сүүлд 122 дугаар сургуульд нэвтрүүлсэн уг технологиор өмнө нь Асем вилла хотхон, зуслангийн бүс дэх айлууд халаалтаа шийдсэн нь одоог хүртэл ашиглагдсаар байгаа аж.

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр долоон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй тус компанийн зүгээс уг технологийг урт хугацаандаа ашиглахад үр ашигтай гэдгийг онцолж байв.

Цахилгаанаар халаах шийдлийг нэвтрүүлэн ажиллаад 10-аад жил үйл ажиллагаа явуулж буй "Бест энержи сейвинг" компанийн зөвлөх Н.Даваа "Жилд халаалтын зардалдаа 48 сая төгрөг зарцуулдаг байсан 38 дугаар цэцэрлэг цахилгаан халаалт ашиглаж эхлээд 15 сая төгрөгийн зардалтай болоод байна. Цахилгаан өндөр үнэтэй байна гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр ийм байна.

Энэ онд Германд болсон олон улсын үзэсгэлэнгийн үеэр цахилгаанаар халаах нь хамгийн зөв шийдэл гэдгийг онцолж байсан.

Сая БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны санхүүжилтээр нэг сарын дотор 26 цэцэрлэг, сургуулийн нам даралтын зуухыг хэрэглээнээс гаргаж, цахилгаанаар халаалтыг нь шийдлээ. Үүний үр дүнд 3,200 тонн нүүрс түлэхгүй, утаа гарахгүй болсон. Тогтмол дулааныг барьж чаддаг гэдгээрээ цахилгаан халаалт давуу талтай бөгөөд цэцэрлэг, сургуульд тохиромжтой" гэлээ.

Нэг сарын хугацаанд 26 барилгад цахилгаан халаалт суурилуулсан тус компанийн зүгээс нам даралтын зуухыг орлох зардал багатай, эко, бохирдолгүй ирээдүйн хамгийн төгс шийдэл бол цахилгаан халаалт хэмээж байв.

Уг уулзалтад харьяа яамд болон шинэ технологийг танилцуулж буй байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа бөгөөд шийдлээ танилцуулж буй ААН-үүдийн зүгээс төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа үр дүнтэй байгааг онцолж байв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0