Админ


Дээд шүүхээс П.Долгормаа шүүгчийг авлига авсан гэж тогтоов

hi

Өмнөговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан П.Долгормааг Улсын дээд шүүхээс өгчигдөр /2020.02.05/ авлига, хээл хахууль авсан хэрэгт буруутгаж өмнөх шатны шүүхийн шийдвэр болох хоёр жилийн тэнсэн харгалзах ялыг хэвээр үлдээлээ.

Түүнийг  2002 оны Эрүүгийн хуулийн 268.1 дэх хэсэгт заасан “ хээл хахууль авах” хэргийг үйлдсэн буруутайд тооцсон юм.

П.Долгормаа нь иргэн Б, О нарын иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцдаа О-гоос хэргийг өөрийнх нь талд ашигтайгаар шийдвэрлэнэ, хэргийг нь аргалж өгнө гээд “...чи надад тусал, чиний амьдрал, миний ч амьдрал...чи надад тус бол, би чамд тус болъё...надад 20.000.000-30.000.000 төгрөг зээлүүл...” хэмээн шаардсан байна. Тэр даруй шууд л 1.000.000 төгрөг нэхэж маргааш нь насанд хүрээгүй хамаатныхаа Н гэгч охиныг явуулжээ.

Хэрэг явдал ийнхүү өрнөж 1 сая төгрөг авсан болохыг насанд хүрээгүй гэрч болон бусад нотлох баримтаар илчлэгдсэн тул Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос хэргийг СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Улмаар 2019.07.16-ны өдөр түүнд 1.5 жилийн хугацаатай нээлттэй хорих ангид ял элдлүүлэхээр тогтоосон ч ялыг тэнсэж, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан байна. П.Долгормаа уг шийтгэх тогтоолыг эсэргүүцэж давж заалдсан боловч ялыг ийнхүү гурван шатны шүүхээс хэвээр үлдээлээ.

П.Долгормаа гэж хэн бэ?

Өдгөө 56 настай П.Долгормаа нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн. Дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй.

  • Өмнөговь аймгийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан.
  • Төв аймаг, Орхон аймагт шүүгчээр ажиллаж байсан.
  • 2014 оны 6 дугаар сард Өмнөговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн шүүгчээр Ерөнхий шүүгчээр томилогдсон.
  • МУ-ын Ерөнхийлөгчийн 2019.03.14-ний өдрийн 44 дугаар зарлигаар шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.

Шүүхээс түүнийг дараах хуулиудыг зөрчсөн гэв

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20.1 дэх хэсэгт заасан “Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол улсын үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд захирагдана”,

- Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.17 дахь хэсэгт заасан “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах”

- Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.18-д заасан “шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох”

- Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29.1-д заасан “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдалд байгаа бол оролцохоос татгалзах, эсхүл уг болзошгүй нөхцөл байдал үсэж болохыг шүүх ажиллагаанд оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзан гаргах санал тавих боломжийг хангах үүрэгтэй”.

 

Хаха 0 11 Таалагдсан 3 Гунигтай 2 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1