М. Учрал


С.Энхболд: Вакцин хийлгэсэн бүх хүмүүст Монгол англи хэл дээр лавлагаа өгнө

hi

    Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар нийлүүлсэн AstraZeneka компанийн  вакцины хамгийн эхний тунг хийлгэлээ.  Түүний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг вакцины анхны тунгаа тариулсан бөгөөд тэрээр 28 хоногийн хугацаатай хоёр тунгаар тариулах юм байна. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Дэлхий дахиныг хамарсан цар тахал улс орны төдийгүй олон салбарын тогтолцооны бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавх, эв нэгдэл хамтын ажиллагаа шаардсан энэ цаг үеийн томоохон сорилт болж байна. Монгол Улсад 10 сарын турш коронавирусийн зөвхөн гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байсан бол 2020 оны арваннэгдүгээр сараас дотоодод халдвар гарч эхэлсэн билээ.

Манай эрүүл мэндийн салбар энэ хугацаанд халдварыг хүн амын дунд тархаахгүй байхын төлөө бусад олон салбартай мөр зэрэгцэн ажиллаж, хүн бүр амны хаалтыг тогтмол зүүж хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад голчлон ахнаарч ирлээ. Учир нь уг арга хэмжээ нь халдварын гинжин хэлхээг таслах хамгийн хямд, төсөр арга юм. Тэгвэл хүн бүрийн хийж чадах энэхүү аргаас гадна шинжлэх ухаан, технологийн хөгжлийн үр дүнд халдвараас сэргийлэх үр дүнтэй вакциныг үр дүнтэй хөгжүүлж, дэлхий нийтийн хүртээл болгоод байна.

Бидний коронавируст халдвартай тэмцэх зорилго, үйл ажиллагааг дэмжиж БНЭУ-ын Засгийн газраас 150,000 тун вакциныг манай улсад хандивлалаа. Буцалтгүй тусламжаар энэхүү вакциныг манай улсад өгсөн явдалд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын хувиар БНЭУ-ын Засгийн газарт Монгол Улсад суугаа Элчин сайдаар дамжуулан гүн талархлаа илэрхийлж байна. Төлөвлөгөөний дагуу эхний ээлжид халдвартай нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэндийн ажилчдыг дархлаажуулна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс насанд хүрсэн нийт хүн амаа дархлаажуулахаар төлөвлөн, бэлтгэлээ бүрэн хангаад байгаа бөгөөд дараагийн ээлжид хүлээн авах вакцинуудаа төлөвлөгөөнийхөө дагуу ээлж дараатайгаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж, энэ ондоо багтаан вакцинжуулалтыг хийж дуусгана.

Ямарваа нэгэн вакцин хийхэд эсрэг заалт байгаа эсэхийг шалгадаг. Түүнчлэн вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт хамрагдсан байх шаардлагатай. Вакцин хийлгэсэн бүх хүмүүст Монгол англи хэл дээр лавлагаа өгнө. Тус лавлагааг дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрдөг. Төлөвлөгөөт журмын дагуу эрсдэлтэй орчинд ажиллаж байгаа албан хаагчид эхний ээлжинд дархлаажуулалтад хамрагдана. Иймээс эдгээр албан хаагчдыг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэлээ.

Хаха 1 1 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0