
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн хошууч С.Мөнх-Эрдэнэтэй залилах гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээниий талаар ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд виз мэдүүлэх нэрээр бусдад залилуулсан гэмт хэрэг өссөн. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
- Гадаадад сурах, ажиллаж амьдрах хүсэлтэй иргэд цөөнгүй болсон. Үүнийг дагаад визний залилангийн гэмт хэрэг нэмэгдсэн. Иргэд виз мэдүүлэхдээ өөрийн биеэр очдоггүй, амар хялбар аргаар визээ гаргуулж авах гэж бусдаар хөөцөлдүүлдэг. Эсвэл тухайн улсын Элчин сайдын яаманд бүртгэлгүй ААН-ээр дамжуулж виз гаргуулахаар мөнгө өгч залилуулж байна.
Улсын хэмжээнд 2022 онд гадаад улсад зорчих виз гаргуулахаар бусдад мөнгө өгч залилуулсан гэх гэмт хэргийн шинжтэй 250 гомдол, мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Харин 2023 оны нэгдүгээр сарын байдлаар 34 хэрэг бүртгэгдсэн.
-Фэйсбүүкээр “Визэнд найдвартай зуучилна, гадаадын сургуулиудын тэтгэлэг, урилга гаргана” гэсэн зар харж, мөнгө шилжүүлж залилуулсан олон удаагийн хэрэг гарч байсан?
- Иргэд хайхрамжгүй, гэнэн, итгэмтгий, аливааг шалгаж нягталж үздэггүй улмаас их хохирдог. Жишээлбэл, ”Солонгос руу аялах цорын ганц визгүй аялалд урьж байна” гэдэг зард хууртаад визний залилангийн гэмт хэрэгт өртсөн 217 иргэн байна. Энэ гэмт хэргийг ах дүү 2 нийлж, 625 сая төгрөг залилсан байдаг.
Тэгээд иргэд оффис дээр нь очиход өөр компаниудын зохион байгуулсан аяллын зураг, дүрс, видео үзүүлж гэрээ байгуулаад визний хураамж, зуучлалын хөлс, тийзны мөнгө гэх зэргээр 2-5 сая төгрөг бэлнээр авч, хуурамч аяллын гэрээ байгуулан, улмаар онгоцны билетийн кассуудад нислэгийн тийз захиалан, бүр товлосон өдрөө нисэх онгоцны буудал дээр хүмүүсээ цуглуулдаг. Онгоц нисэхийн өмнө ирээд “Цаад Солонгос талын аяллын компани аялалын өдрийг хойшлууллаа. Тэднийхээс хариу өгтөл хүлээх боллоо” гэж хэлж залилсан хэрэг бүртгэгдэж байсан.
-Элчин сайдын яаманд бүртгэлтэй хичнээн ААН байдаг вэ?
-Монгол Улсад Солонгос улсын Элчин сайдын яаманд бүртгэлтэй, гэрээтэй 10 байгууллага, хуулийн этгээд байдаг. Эдгээр хуулийн этгээдүүд нь зөвлөгөө өгч, материал бүрдүүлэхгүйгээр иргэдээс хүлээн авсан материалыг ЭСЯ-нд дамжуулан өгөх үүрэгтэй байдаг.
-Залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд хохирлоо бүрэн төлүүлж, хохиролгүй болж чаддаг уу?
-Ихэнх тохиолдол иргэд хохирлоо бүрэн барагдуулж чаддаггүй. Учир нь залилагчид энэ гэмт хэргийг үйлдэхдээ маш их тооцоололтой, бэлтгэлтэй үйлддэг. Хэсэг хугацаанд мөнгөн хуримтлал үүсгээд хил гарах, эсвэл өөрсдөө цаанаа их хэмжээний өртэй, төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан байдаг. Залилах гэмт хэрэг 2020 онд 6205, 2021 онд 7968, 2022 онд 14914 хэрэг тус тус өссөн.
-Сүхбаатар дүүргийн хувьд энэ талын гэмт хэрэг дээр ямар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа вэ?
-Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдэд залилах гэмт хэргийн талаар ойлголт өгөх, түүнээс сэрэмжлүүлэх үүднээс орон даяар хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан мэдээ мэдээлэл түгээж байна.
Иймд иргэд гадаадын виз мэдүүлэхдээ тухайн улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хандан материалаа өгөх, эсхүл тухайн ЭСЯ-нд бүртгэлтэй, албан ёсны эрх олгосон аж ахуй нэгж байгууллагаар дамжуулан хандахыг анхааруулж байна. Учир нь гадаад улсад зорчих визийг зөвхөн тухайн улсын ЭСЯ-наас олгодог гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар ял шийтгэл оноодог вэ?
-Эрүүгийн хуулийн 17.3.1-т зааснаар Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.3.2.2-т зааснаар бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
17.3.3.3-т Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.