Т.Даваасамбуу


Монгол иргэншилтэй иран аварга

hi

   Ираны жүдоч, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, Ази тивийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Саеид Моллаей иргэншлээ сольж, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдаж байгаа билээ.

Токиод дэгдсэн “дуулиан”

2018 онд Азербейжаны нийслэл Баку хотод болсон жүдо бөхийн ДАШТ-нд Саеид Моллаей эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд алтан медаль хүртсэнийг хэвлэлүүд Ираны жүдо бөхийн түүхэнд сүүлийн 15 жилд байгаагүй амжилт гэж онцолж байлаа. Үүнээс өмнө 2015, 2016 оны Азийн АШТ-үүдэд тэрбээр амжилттай оролцож, жил бүр чансаагаа ахиулсаар ирсэн бөгөөд 2019 оны Токиогийн ДАШТ тэмцээнээр Ираны нэрийн өмнөөс барилдахаас татгалзаж буйгаа зарласнаар “дуулиан” дэгдсэн юм. Олон улсын Жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерт хандсан мэдэгдэлдээ тэрбээр Израилийн бөх Саги Мукитай барилдуулахгүйн тулд хагас шигшээд Бельгийн тамирчин Маттиас Кассед ялагдахыг Ираны эрх баригчид “даалгасан” гэж онцолсон юм. Иран Улсын Засгийн газраас тамирчдаа Израилийн бөхчүүдтэй барилдахыг хориглосны улмаас ганцхан бөх ирж оролцсон нь дэлхийн аварга Саеид Моллаей байв. 81 кг-ийн жинд дэлхийн аваргаа хамгаалахаар ирсэн тэрбээр эхний даваануудад хялбархан ялсаар Израилийн Саги Мукитай оноолт таарсан билээ. Энэ үед Ираны Спортын дэд сайд, Олимпын хорооны ерөнхийлөгч нар түүнтэй холбогдож Израилийн бөхтэй барилдахгүй байхыг шаардсан гэх дуулиан дэгдэж, тэр ч байтугай түүний гэр бүлд аюул тулгарч магадгүй хэмээн сүрдүүлсэн гэх бөгөөд сэтгэл санааны хувьд тогтворгүй болсон Моллаей дараагийн барилдаанууддаа ялагдал хүлээсэн юм. Улмаар эх орондоо очилгүйгээр, шууд ХБНГУ руу явсан билээ. Энэхүү асуудал Олон улсын жүдогийн холбооны анхаарлыг татаж, Ёс зүйн комисс өнгөрсөн аравдугаар сард хуралдсан юм. Комиссоос Израилийн бөхтэй учраа таарсан тохиолдолд барилдах амлалт өгөх хүртэл Ираны жүдочдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан.

Улс төрийн асуудал

1940-өөд оноос хойш хэд хэдэн үе шатыг туулсан Израиль, Ираны ээдрээтэй харилцаа зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээг хамраад зогсохгүй, урлаг, спортод ч нөлөөлсөөр ирсэн билээ. 1990 оноос хойш эрс хүйтэрсэн хоёр улсын харилцааг эрх баригчдын албан ба албан бус мэдэгдлүүд ч улам дэврээсээр ирсэн. Еврейчүүд ард түмэн бус, шашин, үзэл санаагаар нэгдсэн хүмүүс тул улс байгуулах эрхгүй, Израиль бие даасан улс биш гэж Иран үзэж, лалын шашны үнэт зүйл рүү халддаг гэж буруутгадаг. Нөгөө талаас Израилийн тал Ираныг хэт даврагч үзлийг дэмжсэн, цөмийн зэвсгээр Ойрхи Дорнодын аюулгүй байдалд заналхийлж буй гэж мэдэгддэг. Улс төр, шашны энэ байр сууринаас үүдсэн адармаатай харилцааны улмаас Иран улс тамирчдаа Израилийн өрсөлдөгчидтэй оноолт таарвал хүч үзэхээс татгалзсаар ирсэн түүхтэй. Тухайлбал, Ираны Жүдогийн холбооны ерөнхийлөгч, дэлхийн хошой аварга Араш Миресмаили хүртэл 2004 оны олимпоор Израилийн бөхтэй хүч үзэхээс татгалзаж байсан. Гэхдээ тэрбээр ийм шийдвэр гаргасныхөө төлөө төр засгийнхаа хайр ивээлийг хүртэж, олимпын аваргуудтай дүйхүйц буюу 125 мянган ам.долларын шагнал хүртэж байв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0