Т.Даваасамбуу


ШХАБ-ын уулзалтаар Иранд бүрэн эрхт гишүүн, Египет, Катар, Саудын Арабад яриа хэлэлцээний түнш статус олгоно

hi

   Есдүгээр сарын 16-17-нд Душанбе хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар тус байгууллагын бүрэлдэхүүнийг өргөжүүлж магадгүй тухай ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов мэдэгдсэн билээ. Тэрбээр “Улс орнуудын удирдагчдын гаргах шийдвэр нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дэвшилтэт хөгжлийн шинэ хуудсыг нээж, бүс нутаг болоод дэлхий дахинд энхтайван, тогтвортой байдлыг хангах, гишүүн орнуудынхаа хөгжлийг дэмжих, ШХАБ-ын өргөн уудам орон зайд соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ” гэжээ. Түүнчлэн Душанбед болж буй дээд хэмжээний уулзалтын үеэр Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх үйл явцыг эхлүүлэх, Египет, Катар, Саудын Араб зэрэг улсад яриа хэлцээний түншийн статус олгох шийдвэр гаргах төлөвтэй байгаа тухай Тажикистаны Гадаад хэргийн яамны Мэдээлэл, хэвлэлийн газраас мэдээлжээ. Иран ШХАБ-ын гишүүн болбол Евразийн интеграцын гол хүчнүүд тус байгууллагад төлөөлөлтэй болно гэсэн үг. Судлаачид Ираныг ШХАБ-д элсэж буйг АНУ болон Европын орнуудаас ирэх дарамтыг саармагжуулж дэмжлэг авах зорилготой гэж тодорхойлж байгаа юм. АНУ тэргүүтэй барууны ертөнц Ираныг цөмийн зэвсэг хийдэг хэмээн хардаж, үе үе хүчтэй хориг арга хэмжээнүүдийг авдаг билээ. Уг байгууллагын анхдагч зорилго нь Евро-Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, юуны өмнө гурван аюул буюу хүчирхийлэл, салан тусгаарлалт, хэт туйлшрах үйлдэлтэй (terrorism, separatism, extremism) тэмцэх байсан бол эдүгээ эдийн засгийн олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорилгоо болгоод байна. Иран ШХАБ-д элсэх хүсэлтээ 2008 онд өгч байжээ. Гэсэн ч НҮБ-ын хориг арга хэмжээний улмаас 2015 оныг хүртэл тус улсыг элсүүлээгүй байна. Ираны цөмийн хэлэлцээр байгуулагдсанаар тус улсын эсрэг олон улсын хориг арга хэмжээ цуцлагдсан ч өөр нэгэн асуудал үүссэн юм. Тодруулбал, Иран, Тажикистаны хооронд маргаан үүссэнээр Ираны ШХАБ-д элсэх хүсэлтэд хориг тавьжээ. Иран саяхан Хятадтай 25 жилийн хугацаатай стратегийн гэрээ байгуулсан, одоо Оростой байгуулна. Иймээс ШХАБ-д элсэх нь Ираны хувьд Дорно рүү хийх гурав дахь шийдмэг алхам нь байх болох нь гэдгийг ажиглагчид тодотгож байгаа юм. ШХАБ-д 2017 онд Пакистан, Энэтхэг хоёр элссэн, одоо тус байгууллагад дөрвөн цөмийн зэвсэгтэй гүрэн бий. Ираны эдийн засгийн гол өрсөлдөгчид болох Бээжин, Нью-Дели хоёр үнэндээ Тегеранаас тэс өөр зүйл хүлээж буй. Харин Иран Евразийн эдийн засгийн байгууллагууд, аюулгүй байдлын элдэв институтэд хамрагдсанаар Өрнөдийн хоригуудын дарамт буурна гэж найдаж байна. ШХАБ-ыг байгуулах тухай тунхаглалд Казахстан, Киргиз, Хятад, Орос, Тажикистан, Узбекистан 2001 оны зургаадугаар сард Шанхай хотноо гарын үсэг зурж байв. 2017 онд Энэтхэг, Пакистан ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсон байна. ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагч дөрвөн орон (Афганистан, Беларусь, Иран, Монгол), яриа хэлцээний зургаан түнш улс (Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, Шри Ланка) оролцдог.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0